Бас нэг “амьгүй албат”

Бас нэг “амьгүй албат”

МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нөмөр нөөлөгт багтаж явдаг Р.Содхүүг УИХ-ын гишүүн болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг удирдаж байснаар нь бид мэднэ. 2004 онд Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшин өвдөг шороодож байсан тэрбээр намдаа эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж, шүүмжилж давхисаар хоёр ч сонгуулийн хугацаанд Хөрөнгийн бирж, Улсын мэргэжлийн хяналтын газрыг даргалж явсан зайтай толгой.

Уул нь насны хувьд хэдийнэ тэтгэвэрт гарчихсан юм билээ. Гэвч 2016 онд мөн л намаасаа гайгүйхэн албан тушаал авсан нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын даргын албан тушаал юм. Шагналд авсан энэхүү албан тушаалдаа уг нь сэтгэл зүрхээ зориулж, ажлаа судалж мэдчих туршлагатай хүн болов уу гэтэл тийм биш байжээ. Эрхэм дарга энэ сарын 2-нд хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчид авсан УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой хоорондоо зөрчилтэй, хачирхалтай гэж хэлж болохуйц хэд хэдэн мэдэгдэл хийсэн нь олны гайхшийг төрүүлж орхив. Төрийн өндөр албан тушаал болгоныг дамжиж явсан атлаа яагаад ийм хайхрамжгүй мэдэгдэл хийж, улмаар баталсан тогтоолын төслийг ч гүйцэд судалж үзэлгүй, УИХ-ын гаргасан тогтоолын “хэн ч зөрчиж боломгүй” хууль хэмээн эндүүрч явааг нь гайхах хүмүүс олон байсан юм.

Угтаа Р.Содхүү өөрийн толгойдоо эзэн болох ч тэнхээгүй болтлоо “хөгширчээ” гэх яриа ч саарал ордонд дуулдаж байсныг нуух юун. Ямар асуудал болов гэхээр, энэ өдрийн хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан болон хувийн хэвшлийн өмчийг хууль бусаар булааж авсан УИХ-ын тогтоолын асуудлаар асуулт хариулт үргэлжилсэн юм. Энэ үеэр Р.Содхүү  дарга “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчид авсан УИХ-ын тогтоол хууль бус гарсан гэдгийг мэдсээр байж, мөн төрийн өмчийн мэдэлд авсан атлаа ХХК гэсэн статустай хэвээр байгаа асуудлыг мэдэхгүй, ойлгохгүй хэмээн мэлзэв.

УИХ-ын гаргасан тогтоолыг дагаж мөрдсөн төдий хэмээн “амьгүй албат” царайлан мэлзэж суусаар гарч одлоо. Хамгийн инээдэмтэй нь, тогтоолын төслийг нэг, хоёр, гурав гэсэн дарааллын дагуу л хэрэгжүүлдэг гэсэн ядмагхан хариулт өгч олны нүдийг орой дээр нь гаргалаа. 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшилтэй хэлцэл хийх тухай заалт тогтоолын гуравдугаарт байсан. Түүнийг яагаад хэрэгжүүлээгүй вэ гэсэн О.Баасанхүү гишүүний асуултад “Хэлэлцээ хийх заалт эхнийх биш гуравдугаарт байсан учраас хэрэгжүүлэх арга механизмыг тайлбарласан доорх заалтуудыг хайхралгүйгээр шууд нэгдүгээр заалтыг хэрэгжүүлсэн. Тогтоолын төслийг гурав хоног уншиж, нойр хоолгүй судалсан.

Нэгдүгээр заалтаас эхлээд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн” гэсэн тайлбар өгч олны доог тохуу болов. Уг нь тогтоолын нэгдүгээр заалт үндсэн зорилгоо тодорхойлж, дараа дараагийн заалтууд нь тухайн зорилгодоо хэрхэн хүрэх, хэн хяналт тавих вэ гэсэн уялдаатай байдгийг гурав хоног нэгбүрчлэн уншиж судлахдаа эрхэм дарга мэдээгүй гэж баймааргүй юм. Эсвэл мэдсэн ч мэдэн будлив уу. Энэ зөвхөн эхний асуудал. Дараагийн асуултдаа мөн л Р.Содхүү дарга бүдэрч орхисон юм. Өмнө хэлсэнчлэн, Р.Содхүү төрийн гайгүй гэсэн албан тушаал бүрийг дамжсан. Бүр УИХ-ын гишүүн ч хийж үзсэн. Гэтэл УИХ-ын шийдвэрийг хэн ч зөрчиж болохгүй гэсэн “арчаагүй” тайлбар хийснийг ойлгох ухаан хүрсэнгүй. Энэ үгээрээ тэр өөрийн үзэл бодолгүй, дарга даамлын тушаалыг үг дуугүй биелүүлдэг “амьгүй албат” гэдгээ л дахиад баталж орхилоо.

Төрийн өндөр албан тушаал хашч суугаа хүн ийм хариуцлагагүй, хайхрамжгүй мэдэгдэл хийж суугааг зөвтгөх шалтгаан алга. УИХ-ын гаргасан шийдвэр хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц, хууль шүүх хэлэлцэж хянадаг. Улмаар хууль зөрчсөн байвал хүчингүй болгодог гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл Р.Содхүү 23 дугаар тогтоолоо төр өөрчлөхгүй бол би шийдвэрээ өөрчлөхгүй. Төрийн гаргасан шийдвэрийг би дагаж биелүүлсэн. Шийдвэр нь гараад ТУЗ-өө өөрчлөөд, 49 хувиа тэр хүмүүст нь буцааж өгнө гэсэн цагт би шийдвэрээ өөрчилнө. Монгол Улс хуультай. Тэр ч утгаараа Монголд УИХ-аас өөр эрх мэдэлтэй том байгууллага байхгүй”  хэмээн арьсаа хамгаалж суусан нь эмгэнэлтэй. Угтаа 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн төрийн өмчит компанийг “Хязгаарлагдмал хувьцаат компани” гэсэн хуучин статусаар нь бүртгэснээрээ энэ эрхэм шууд утгаараа буруутай. Их хурлаас гаргасан тогтоолын төсөлд төрийн өмчид 100 хувь шилжлээ гэж тодоор биччихсэн байхад ОХУ-тай хувь эзэмшсэн компани байх үеийн статусаар бүртгэж тэр хууль зөрчсөн.

Улмаар статусыг баталсан Улсын бүртгэлийн гэрчилгээ нь ч хууль бус. Тогтоолын төсөлд тусгасан албан ёсны хэлцлийг огт хийхгүйгээр хувийн өмчийг төрд “хулгайгаар” шилжүүлсэн гэрчилгээг гаргаж өгсөн учраас мөн л “хам хэрэгтэн”. Гэтэл уснаас хуурай гарахын тулд бүх алдаагаа ам дөрвөлжин цаас руу чихэж орхиод сууж байх юм. Ер нь ч хувь хүнийхээ талаас тэрбээр сайн нэртэй явсан удаагүй юм билээ.

Тухайлбал, сэтгүүлч Д.Энхтүвшингийн “Р.Содхүү гэгч сонирхолтой эрхэм” гэх нийтлэлд Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгийг хувийн ашиг сонирхлоор ашиглаж хөлгүй баяжсан тухай бичжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа Шадар сайдын ажлыг хийж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халж, өөрийн хүмүүсээ шургуулсан, Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албаны даргаар Хөрөнгийн биржид хамт ажиллаж байсан н.Мөнхжаргал гэгчийг томилж байсан тухай ч мөн бичсэн байх юм.

Энэ мэт таагүй намтартай эрхэм яаж яваад Улсын бүртгэл, оюуны өмчийн газрыг даргалж байгаа нь сонирхолтой. Дандаа дарга албан тушаал дамжиж, төрийн бодлого шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлж явсан атлаа хууль зөрчсөн тогтоолыг хууль бусаар хэрэгжүүлснийхээ төлөө Р.Содхүү та ч хариуцлага хүлээх учиртай. Алдаагаа ам дөрвөлжин цаасанд тохож, УИХ-ын буруу мэтээр арьсаа хамгаалж суугаад амжилтад хүрэх нь юу л бол.

Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаантай асуудлаар энэ мэт ямар ч итгэл үнэмшилгүй, хэтэрхий “гэнэн” тайлбар хийж, хэлсэн үгэндээ ороогдох төрийн амьгүй албан хаагчид олширлоо. Эрх мэдэлтний нөмөр нөөлөгт багтаж албан тушаалд очсон гээд хууль зөрчиж болмооргүй. Хийсэн үйлдэл, хэлсэн үг нь эргээд нэг л өдөр хүзүүг нь ороох вий гэж бодож үздэг л баймаарсан. Эс бөгөөс өнөөдөр л идэж, эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж байвал маргааш хэрхэх нь хамаагүй болчихсон хэрэг үү. Содхүү гэгч сонихон эрхмийн содон содон мэдэгдэл өөрийг нь ороож орхилоо. Магад шүүхэд очоод ямар тайлбар хийх нь сонирхолтой байх биз ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.