Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах саналыг гишүүд дэмжсэнгүй

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах саналыг гишүүд дэмжсэнгүй
УИХ-ын чуулган яг одоо хуралдаж байна. Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа.  Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
 
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Зөрчлийн тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах саналтай байна. Иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчилтэй, ойлгомжгүй зүйлүүд ихтэй. Хэн нэгэн байцаагч зөрчил гаргасан иргэнийг торгохоор оруулж иржээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахгүй бол АН гурав хоногийн завсарлага авах саналтай байна.
 
УИХ-ын дарга М.Энхболд: Зөрчлийн хуулийг хойшлуулах асуудлаар санал хураах уу?
 
Зөрчлийн хуулийг хойшлуулах асуудлаар санал хураалт явуулахад Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулах Д.Эрдэнэбат гишүүний саналыг гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг санал хураалтыг хүчингүй болгож өгөх горимын санал гаргасан. 
 
Горимын саналын хариуд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Гишүүн болгон “Би кноп дараагүй байна. Санал хураалтыг хүчингүй болгож өгөөч гэсэн горимын саналыг гаргадаг жишиг тогтох нь. Ирэх долдугаар сарын 1-ээс энэ хуулийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. Ямар ч сургалт явуулахгүйгээр яаж хэрэгжүүлэх гэж байгаа юм бэ?” гэхэд УИХ-ын дарга М.Энхболд “Зөрчлийн тухай хуулийг ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэсэн хугацаа байгаа. Тиймээс саяны санал хураалтаараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийнхөө анхны хэлэлцүүлгийг хийе. Л.Болд гишүүн асуулгынхаа хариуг маргаашийн чуулганаар хэлэлцүүлж болно” гэлээ.
 
Чуулганы хуралдаанаар  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.