“Гүтгэх” зүйл заалт Эрүүгийн хуульдаа үлдэх үү

“Гүтгэх” зүйл заалт Эрүүгийн хуульдаа үлдэх үү
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Уг хуульд гүтгэх зүйл заалтыг Эрүүгийн хэргээс салгаж оруулж ирсэн асуудал олны анхаарал татаж буй бөгөөд энэ хүрээнд хэлэлцүүлэг өрнөж байна.  
 
Өмнө нь хэвлэл мэдээлэл хэн нэгнийг гүтгэсний төлөө Эрүүгийн хуулиар ял эдэлдэг байсан бол энэ удаад зөрчлийн гэмт хэрэгт тооцож, улмаар 20 сая хүртэл төгрөгөөр сэтгүүлч болон редакцийг торгохоор оруулж ирсэн юм. 
 
Гэвч энэ зүйл заалтад тун ноцтой агуулга нуугдаж буй. Хэн нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө гүтгүүлсэн гэж үзвэл баримтыг ч үл хамааран аль нэг хорооны цагдаа өгч шууд зөрчил гэж тооцуулах боломжтой гэсэн. Ингэснээр сэтгүүлч эх сурвалжтай байлаа ч тухайн хэвлэл зөрчил гаргасан учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь 20, сэтгүүлч нь 2 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа юм. Тиймээс өмгөөлөгч, мөрдөн байцаалт, прокурор, шүүх ажиллагаа явагдахгүйгээр хэвлэл мэдээллийн санхүүгийн нөхцөл байдалд хэн дуртай нь халдах эрхзүйн орчин бүрдэх аюултай гэж үзэх хуульч цөөнгүй байна. 
 
Тиймдээ ч “гүтгэх” зүйл заалтыг Эрүүгийн хуульдаа хэвээр үлдээх эсэх талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн энэ өдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэв. Харин үдээс хойш хуралдах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. 
 
Түүнчлэн, энэ сарын 11-нд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Цогзолмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг ч хэлэлцэх аж. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.