Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль хэрэгжиж чадахгүй байна гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль хэрэгжиж чадахгүй байна гэв

УИХ-ын даргад өнөөдөр нэр бүхий гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төсөл өргөн мэдүүллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, О.Баасанхүү нарын найман гишүүн энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид Монгол Улс 2008 онд нэгдэн орсон бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг өнгөрөгч оны хоёрдугаар сард шинэчлэн баталжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрөө өөртөө итгэх, өөрийн бодит боломжид тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн үйлчилгээнд хамрагдах, сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг боломж бүрдсэн байдаг.

Монгол Улсад 101730 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлж байгаа бөгөөд ерөнхий боловсролын дээрх тусгай сургуулиудад 1658 хүүхэд суралцаж, 402 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцаж байгаа гэсэн тоон мэдээ гарсан аж.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тэдний нийгмийн харилцаанд тэгш оролцох, олон нийт хамт олны хүрээнд хөгжих, хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийг бий болгох, нийгмийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгэмших бүхий л харилцаанд оролцох орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг үндэслэн энэхүү тогтоолыг боловсруулснаа УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлсэн юм.

Уг тогтоолын төсөлд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он”-ийг боловсруулан батлуулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээг сайжруулах чиглэлийн асуудлуудыг нэгтгэн тусгажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.