Улаанбаатар 3oC

“Поп”-чин ч хэрэгтэй юм байна шүү

“Поп”-чин ч хэрэгтэй юм байна шүү

Улс төрд заримдаа поп тоглолт хэрэгтэй байдаг юм байна. Гэхдээ зөв талаар шүү. Уул усанд гарч мөргөж залбирах, эс бөгөөс улс орны амьдралд хэрэгтэй төсөл хөтөлбөрийг гацаадаг “поп тоглолт” биш. Монгол сэрэх тухай мөрөөдөж, бодит үнэнээс хол зөрсөн бодлогогүй үг үйлдлээр шоу хийх талаар энд ярьсангүй. Гагцхүү үнэнийг ярьдаг, шударга бусын эсрэг шударгаар зогсдог “поп” улстөрчид өнөөдрийн улс төрд ус агаар мэт хэрэгтэй болчихоод байгаа юм.

Монголын улс төр хэзээ ч ингэж “унтаж” байсангүй. Нэг нам дангаар үнэмлэхүй олонхийн эрх бүрдүүлсэн үед ч төрийн ажил “унтаж” байсан удаагүй. Байнгын хороо, УИХ-ын чуулган нэгэндээ тал зассан баяр ёслолын байдалтай хуралддаг болж. Дэгсдүүлж хэлвэл, хойд Солонгосын дэг жаяг парламентад тогтож байна уу гэж хардмаар. Даргад тал засдаг, хэлсэн үгийг нь дагадаг коммунизмын үзэл суртал ч нэвт үнэртэх боллоо. Ардын нам засаг барихаар ард түмэн айдастай болчихдог хэмээн нэгэн улс төр судлаач ярьж байсан нь үнэний ортой ч байж мэдэх юм. Тэрнээс биш Ардчилсан нам болохгүй байсан, Ардын нам төр бариад ард түмний амьдрал элбэг хангалуун болж, амар сайхандаа жаргаж буй хэрэг огт биш. УИХ-аар өдөр бүр л иргэдийн эрхийг зөрчсөн бодлого шийдвэр гарч буй.

Төр засаг маань өмнөхөөсөө ч их өр тавьж эхэллээ. Түшээд маань ч ард түмний мөнгөөр аялж зугаалсан хэвээр л байгаа. Шилэн дансны хууль шат шатанд хэрэгжихээ болиод удлаа. Өр төлөх шалтгаанаар бүх төрлийн татвар нэмээд байхад л ард түмэн ажин түжин. Энэ бүхнийг мэдэж байгаа ч юм алга. Эсэргүүцэх тухай ч бодол тэдэнд үлдээгүй гэхэд хилсдэхгүй. Уг нь эсэргүүцэх ажлыг Ардчилсан намын есөн гишүүн, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн хийх учиртай юмсан. Ард түмний төлөөлөл болж, сөрөг хүчний байр сууринд байгаа л бол буруу бодлого шийдвэрийн эсрэг тууштай тэмцэж, байр сууриа “поп”-доод ч болов илэрхийлэх ёстой юм.

Харамсалтай нь тийм байж ча­дах­гүй байна. Улс төрд хүч­тэй сөрөг хүчний орон зай үгүй­лэгд­сэн хэвээр. Үгүй ядахдаа л, гудамжинд уриа лоозон бариад зогсч байгаа ард түмнийхээ юу хүсээд байгааг төрд дамжуулчих улстөрч өнөөдрийн парламентад үзээд өгье гэхнээ ч алга. Ард түмэн дуугүй суугаад байгаа юм биш. Алс хол Англи оронд хүртэл төрийн албаны хариуцлага, төрд суух улстөрчдийн нэр хүндийн төлөө жагсаал хийж байна, монголчууд. “Ард түмний онц зөвлөл” оффшор данстай төрийн түшээдийн эсрэг жагсч цуглалаа. Жилийн жилд гамшгийн хэмжээнд хүрч буй утааны эсрэг ч ээжүүд жагслаа, тэмцлээ. Монголын бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд ч тусыг эс олов.

Бүх төрлийн татвар нэмж буй дарамт маргааш ард түмнээс гадна хэчнээн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийг дампууралд хөтөлж, хэдэн зуун айлын амин зуулга үгүй болох вэ гэдгийг тоон баримттай хэлчих шударга улстөрч энэ парламентад байхгүйд л учир байгаа юм. Иргэдийн бухимдлыг төрд уламжлах, бурууг нь шүүмжлэх хүн олдохгүй учраас л аргаа барахдаа “поп” улстөрчийн эрэлд гарч сууна. Тэмцдэггүй ард түмэн, урсдаггүй ус хоёр адилхан. Цаг хугацааны уртад бөхдөг гэсэн үг бий. Өнөөх Чингисийн халуун цус ийм амархан хөрнө гэж баймааргүй. Эс бөгөөс тэмцээд ч үр дүн гарахгүй хэмээн итгэл, сэтгэл нь мухардаж орхив уу.

Төрийн гаргасан бодлого шийдвэр хаанаа буруу байгааг эсэргүүцэх, хэлээд өгөх төрийн төлөөлөл байхгүйгээс урдах амьдрал, өр зээлдээ түүртсэн монголчууд урсгал даган амьдрах болов уу. Ингэж болмооргүй. Бид “унтаж” огтхон ч болохгүй. Эрх баригчдын дур зоргоороо гаргасан шийдвэр болгон маргааш ямар үр дүн авчрах бол. Буруу, зөв шийдвэр болгоныг ард түмэн мэдэж байж л нийгэм зөв замаар хөгжинө. Түүхийг эргэн харвал, 2000-2004 онд МАН-ынхан 72 суудал авч байлаа. Тэр үед ёстой л үнэмлэхүй олонхиор түрий барьж бодлого шийдвэр гэгчийг буруу зөрүү гаргаж болох л байсан.

Гэвч миний мэдэхийн тэр үед ард түмэн өнөөдрийн энэ байгаагаас ч илүү их мэдээлэлтэй байсан. Сөрөг хүчин ганцдаггүй гэдгийг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай харуулж байжээ. Их хурлын даргын индэр дээр уриа лоозон барьж зогсдог, хурал хийлгэхгүй үймүүлж байсан түүний үйлдэл этгээд юм шиг санагдавч эргээд бо­до­ход зөв байж. Тэр энэ үйлд­лээрээ сөрөг хүчин ямар байд­гийг, төрийн шийдвэрийг хүч тү­рэн гаргаж болдоггүйг са­нуулж байлаа.

Ямартай л УИХ-ын дарга уриа лоозонг нь урж тас­дан гүйж байх билээ. Сөрөг хү­чин ингэж л ажиллах учиртай. Түү­нээс биш хэвлэлийн ганц нэг ху­рал хийж, хурлын үеэр эсрэг байр суурь илэрхийлэхийг сөрөг хү­чин гэж нэрлэхгүй. Ардын на­мын “буйдантай жагсаал” ард тү­мэнд үнэнийг ойлгуулж байлаа. Дав­хар дээлний тухай жагсаал ч олон буруу зүйлийг ард түмэнд ойл­гуул­сан.

Тухайн цаг үедээ ч түм­ний элэг доог болж байсан ч поп жагсаал, поп улс төрийн тог­лолт бүр нийгмийн анхаарлыг зүй ёсоор татдаг аж. Тиймээс АН-ын­хан одоо ажилдаа оръё. Ард түм­ний эсэргүүцэл, бухимдлыг төрд уламжлах ажлаа нэр төртэй хий­гээч. Сөрөг хүчин шиг сөрөг хү­чин байх нийгмийн хүлээлтэд тэд хариулт өгөх цаг нь болсон. Шинэч­лэл, өөрчлөлтийн тухай үл­гэр ярьж, ялагдсан намынхаа дар­га, цэргийн суудлын төлөө хан­галт­тай улстөржлөө. Одоо сөрөг хүчний ажлаа хийе.

АН-д шударга улстөрчид олон бий. Нөгөө талаар “поп”-ууд ч байгаа. Үгүй ядахдаа л “Дарваан хар” хэмээн сошиалд алдаршсан МАН-ын Цогоо шиг залуус АН-д үгүйлэгдэж байна. Нэг л өдөр эрх мэдэлд хүрнэ дээ хэмээн мөрөөдөж суух биш нийгэмд өөрийгөө таниулах ажлыг хийхсэн. Цогоо ганцхан Шилэн дансны хуулиар улс төр хийж, АН-ыг эрх барьж байх үед олон ч дуулиан шуугианыг нийгэмд үүсгэж байсан. Эрх мэдлээс барагтай бол салж байгаагүй Ардын нам анхаарал татах хэмжээнд сөрөг хүчин байж чадсан. Тэд үүргээ биелүүлсэн. Бусдын доог тохуу болдог ч бурууд нүд хурц байж чаддаг байлаа. Гэтэл сөрөг хүчний тухайд асар их туршлагатай АН өнөөдөр үхсэн, амьд нь ч мэдэгдэхгүй явж байна.

Тэдний эрх барьж байхдаа бүтээсэн, босгосон, байгуулсан бүхнийг нурааж байхад нүдэн балай чихэн дүлий суусаар байх аж. Ард түмэн тэмцдэггүй юм гэхэд, төрд төлөөлөл нь болж суугаа улстөрчид яагаад тэмцэж болохгүй байна вэ. Бодит үнэнийг ард түмэнд хэлж, тэмцэл жагсаалд нь урам нэмж, тэдний үгийг төрд дуулгах ажлаа “поп”-доод ч болов хамаагүй хийгээч, улстөрчид өө. Ард түмний анхаарлыг татах улс төрийн тоглолт үгүйлэгдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.