Д.Дорлигжав: Би сэтгэлийн дуудлагаар Ерөнхийлөгчид өрсөлдөх шийдвэр гаргасан

Д.Дорлигжав: Би сэтгэлийн дуудлагаар Ерөнхийлөгчид өрсөлдөх шийдвэр гаргасан

Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр АН-аас Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдсэн гуравдахь улстөрч болж байна. Намын дотоод сонгуульд өрсөлдөж нэр дэвших эрхээ авахаа мэдэгдсэн хоёр улстөрч бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар. Тэгвэл сайд асан Д.Дорлигжав өнөөдөр сэтгүүлчдэд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

-Таныг Ерөнхийлөгчийн төлөөх сунгаанд оролцоно гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Албан ёсоор мэдэгдэх нь зөв байх. Би Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно. Үнээн. Хувьдаа нэлээд эргэцүүлж бодоод ийм шийдвэр гаргалаа.

-Ямар итгэл үнэмшлээр өрсөлдөхөөр шийдэв?

-Шийдвэр гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч буй арга хэмжээ,  түүнээс гарах үр дүн хангалтгүй санагдсан. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш чамгүй удаан хугацаанд харлаа, эргэцүүлж бодлоо.

Нөгөө талаар, Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүсийн санаа бодол, юу хийх гэж байгаа юм, гарах гарцаа яаж үнэлж байгааг ажиглаж, уулзаж явлаа. Энэ бүхнийг эргэцүүлж бодоод сэтгэлийн дуудлагаар ер нь өрсөлдөх нь зөв юм гэж шийдсэн дээ. 1990 онд ардчилсан хөдөлгөөнд орохдоо би улс орноо сайхан болгоно, хөгжингүй орон болгоно гэсэн дэврүүн сэтгэлээр орж байсан шиг энэ цаг үед хойшоо сууж болохгүй юм гэж шийдсэн. Мэдсэн, сурсан, өөрийн зөв гэж бодсон зүйлээ хийх шийдэлд хүрлээ.

-Хэрвээ ялчихвал юу хийх бол?

-Сонгууль эхлээгүй байхад энэ талаар ярих нь өрөөсгөл байх. Эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд дүгнэлт хийхээс эхэлнэ. Энэ нам, тэр дарга муу гэж ярьдаг. Үнэхээр муу байгаа нь үнэн. Гэхдээ түүнийг засах гарцаа зөв олж харсан уу гэдэг нь сонин. Адгийн шаар далд орж гэж шүүмжлээд байхаар асуудал шийдэгдэхгүй.

Тиймээс тал талаас дүгнэлт хийж, анализ хийгээд ингэж засах нь зөв гэж шийдэл эрэх учиртай. Би ч ингэж явна. Их эргэцүүлж бодсон. Манай нам дангаар засаг барьж үзлээ, хамтраад төр барьж үзлээ. Гэвч асуудлыг шийдсэнгүй. Надад ямар хамаа байхав гээд нуруугаа үүрээд явж чадахгүй. Тиймээс үүнийг засахын тулд өрсөлдөх нь зөв юм байна гэж шийдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.