"Ардын үг" үргэлжилж байна

“Ардыг үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлыг иргэдээр хэлэлцүүлж, дүн тавьж байгаа билээ. Эхний хэлэлцүүлгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол Улсын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын чиглэлд хийж хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг иргэдээр хэлэлцүүлсэн юм. Харин хоёр дахь удаагийн хэлэлцүүлгээр “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр хийсэн ажлын тайланг сонсож, хэлэлцсэн билээ. Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Ерөнхийлөгчийн хийсэн ажилд 10-аас 8.4 оноо өгсөн юм.

Иргэн Г.Оюунбат: Хүн арван хуруу тэгш байдаггүй шүү дээ

-Ерөнхийлөгчийг маш сайн ажилласан гэж ойлгож байгаа. Гэхдээ хүн арван хуруу тэгш байдаггүй шүү дээ. Төрийн албанд зүтгэж байхад сайн, муу ажиллах тал байдаг л байх. Монголын түүх соёл, өв уламжлал, Монгол хүн байх тал дээр Ерөнхийлөгчийн зүгээс маш их ажил хийсэн гэж ойлгож байна. Тиймээс ч өнөөдрийн сэдвийн хүрээнд бол 9, 10 оноо өгнө. Нэмээд хэлэхэд, энэ зөвлөлдөх аян маш их таалагдаж байна. Урьд өмнө нь би ийм юманд орж үзээгүй. Ерөнхийлөгчийн тайланг өнөөдрийнх шиг сонсч байсан удаагүй. Ажил хийж байсан хүн тайлангаа тавьж л байсан байх. Гэхдээ яг ингэж өргөнөөр ард түмэнтэйгээ уулзаж, дэлгэрэнгүй ярьж байсан удаа байхгүй учраас Монголын медиа корпорацийн хамт олонд баярлалаа.

Иргэн М.Тэмүүжин: Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 10 оноо өгсөн

-Ерөнхийлөгчийн хийсэн ажлынх нь тайланг сонсохоосоо илүүтэйгээр ирээдүйд хийж, хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярьсан бол илүү зүгээр байлаа. Дараа дараагийн Ерөнхийлөгч үүнийг анхаарахад илүүдэхгүй болов уу. Өнөөдрийн сэдвийн тухайд монгол өв соёлоо хадгалж, хамгаалах  тал дээр их зүйл хийжээ. Эдгээр ажлыг ийм зорилгоор ингэж хийсэн гээд бүгдийг нь тайлбарлаж байна. Энэ чиглэлээр өөлөх зүйлгүй сайн ажилласан байна. Ер нь бид хийж бүтээсэн хүнийг үнэлж чаддаг байх хэрэгтэй. Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 10 оноо өгсөн. Хүн бүх зүйлийг хийнэ гэж байхгүй шүү дээ. Олон ажлыг зэрэг зэрэг эхлүүлж, чанартай хийнэ гэдэг маш хэцүү. Тэр утгаараа дутагдаж байгаа зүйлүүд харагдаж л байна.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.