Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо юу хийгээд байна аа

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо юу хийгээд байна аа

Монголд төрийн албанд орох, дарга болохын төлөөх “дайн” хэрээс хэтэрч эхэллээ. Жижигхэн суманд хүртэл хүмүүс албан тушаалаа булаацалдаж, бүр сүүлдээ амь насаа хүртэл алдаж байна. Энэ одоо хэрээс хэтэрсэн зүйл биш үү. Энэ бол төрийн албаны зөвлөл тааруу ажиллаж байгаагийн хар гай. Зарим хүмүүс Завхан аймагт АН ялалт байгуулж, халаа сэлгээ хийснээс боллоо гэж шүүмжлээд байх шиг байна. Мэдээж хүний амь нас эрстээд байхад түүнийг ажлаас нь халсан даргыг л буруутгах байх л даа. Гэвч эхнээсээ л төрийн албаны зөвлөлийнхөн зөв, шударга ажилласан бол ийм хэрэг гарахгүй байсан шүү дээ.

Энэ бол Төрийн албаны зөвлөл, цаашаалд Б.Цогоо гэдэг хүн муу ажиллаж байгаагийн нэг илрэл. Өөрийгөө шатааж, амиа хорлосон эмэгтэй 2015 онд болсон төрийн албаны шалгалтад гуравдугаар байр эзлэсэн юм билээ. Гэтэл тэргүүн байр эзлэсэн хүнийг ажилд авалгүй, гуравт орсныг авчихаж. Тэгэхээр авьяас чадвар, мэдлэгээрээ тэргүүлсэн хүн заргалдаж таарна биз дээ. Ингээд л эхнээсээ ажиллах ёстой хүнийг нь ажилд нь оруулаад, гуравдугаар байрт шалгарсныг нь халахгүй юу.  Ном журмын дагуу л зохицуулсан хэрэг. Гэтэл өнөөх ажлаасаа халагдсан хүн нь амиа хорлочихсон. Энэ чинь төрийн албаны зөвлөл эхнээсээ л журмаа бариагүйн хар гай биз дээ. Тухайн үедээ түрүүлсэн хүнийг нь зохих ажилд нь оруулчихсан бол ийм зүйл болохгүй л байсан.

Дээрээс нь энэ үйл явдал төрийн алба яаж ялзарсан. Хөдөө орон нутагт намчирхал хэрээс хэтэрсэн, хууль журам байхгүй болсныг харуулж байгаа юм. Уг нь Төрийн албаны зөвлөл, энэ зөвлөлийн дарга хөдөө, орон нутаг гэлтгүй л хүрч ажиллах ёстой биз дээ. Одоо Сүхбаатар аймагт юу болж байгаа билээ. Хоёр намын хэрүүлээс болоод төрийн ажил нь гацчихсан, түүнээс нь болоод ард түмэн хохироод л байж байна. Уг нь бол АН нь 17, МАН 16 суудал авсан юм билээ. Гэтэл МАН-ынхан нь ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ ээ. Улмаар АН-аас 2-3 хүнийг ямар ч хамаагүй аргаар буцааж татаад, МАН нь ялна гэж гишүүд нь яриад байгаа бололтой юм. Хуучин Засаг дарга байсан Ж.Батсуурь дарга хэвлэлд ингэж ярьсан байна билээ.

За тэгээд З.Энхтөр гэдэг хүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилсон байсан нь буруу. Төрийн албанд огт ажиллаж байгаагүй хүнийг Засаг даргаар томилдоггүй гээд л баахан хэрэлдсэн. Одоо болтол асуудал нэг тийшээ болоогүй л байна. Ингэж болох уу даа. Төрийн алба гэдэг тасралтгүй ажиллаж байх ёстой. Иргэдэд төрийн үйлчилгээг байнга хүргэх ёстой шүү дээ. Гэтэл ингээд намчирхаад, эрх мэдлээ булаалдаад, үзэлцээд байдаг. Сүхбаатар аймгийн иргэд энэ хэмлэлдээнийх нь хөлд үрэгдэж гүйцлээ. Тэртээ тэргүй сонгуульд АН нь илүү суудал авчихаад байхад Засаг даргыг нь хурдан томилоод, шийдчих хэрэгтэй шүү дээ. Энэ асуудал дээр Төрийн албаны зөвлөл анхаарлаа хандуулж байна уу, Б.Цогоо дарга аа.

Энэ мэтээр хийх ажил их байна. Цэгцлэх асуудал ч байсаар л байгаа. Хамгийн гол нь албан тушаалын төлөөх “дайн”, танил талын сүлжээнээс болоод төрийн алба самрагдаж, цаашлаад иргэд амь насаараа хүртэл хохироод байна шүү дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.