Г.Байгалмаа: Ардчилсан нам шинэ дэвшилтэт зүйлсийг санаачилж, хэрэгжүүлдэг анхдагчийн түүхэн үүргээ гүйцэтгэж байна

Г.Байгалмаа: Ардчилсан нам шинэ дэвшилтэт зүйлсийг санаачилж, хэрэгжүүлдэг анхдагчийн түүхэн үүргээ гүйцэтгэж байна

Ардчилсан намын дотоод сонгууль олон түмний анхаарлын төвд байна. Улс төрийн хүрээнд төдийгүй нам дотроо зөрчилдөөнийг үүсгэж байгаа. Энэ талаар тус намын гишүүн Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаатай ярилцлаа.

-Ардчилсан намын дотоод сонгуулийн үйл ажиллагаа олон нийтийн анхаарлыг татаж байна. Ингэж дотоод сонгууль явуулахын ач холбогдлыг улс төрийн хүрээнийхэн, намын гишүүд мэдэж байгаа байх. Мөнгө дагасан сонгууль болж, намаа булшлах нь гэж үзэх хүн ч байна шүү дээ. Аль нь зөвийг иргэд ойлгохгүй байна. Намаа хагаралдуулах дэмий зүйл хийгээд байгаа юм биш үү?

-Ардчилсан нам анх удаа намын даргын дотоод сунгааг улс орон даяар, нийт гишүүдийн дунд явуулж сонголтоо хийлээ. Энэ бол Монголын улс төрд шинэ, томоохон шинэчлэл болсон. Улс төрийн намын дотоод сонгуулийг анх удаа, ардчилал бий болоод 27 жилийн дараа бүх гишүүдийн санал хураалтаар хийж байна. Одоо орон нутагт бүх төвшний төлөөлөл, манлайлагчдаа, намын төлөөллийн төв байгууллага Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгох гэж байна. Энэ бол аль ч ардчилал хөгжсөн улсад байдаг жишиг праймериз юм. Нэг талаас харвал Ардчилсан намын дотоод сонгууль бүх шатны төлөөллөө шударга, ил тод зарчмаар сонгох боломжтой болж байна. Харин нөгөө талаас дотооддоо гишүүдийнхээ хүрээнд сонгогчдын боловсролыг дэмжиж, шийдвэр гаргалтад оролцох чадварыг нь хөгжүүлэх, ухамсарлуулах том далайцтай ажил болж байна үзэж болно. Ер нь Ардчилсан нам улсдаа хамгийн шинэ дэвшилтэт зүйлсийг санаачилж, хэрэгжүүлдэг анхдагчийн түүхэн үүргээ гүйцэтгэж байна. Өмнө нь ч энэ үүргийг гүйцэтгэж байсан.

-Таны хэлснээр Ардчилсан нам дотоод ардчиллаа бэхжүүлж чадлаа гэхэд энэ нь цаашдаа танай намын улс төрийн амжилтад хэрхэн нөлөөлөх бол. Нам доторх сонгууль ийм зөрчилтэй болж байхад нам шинэчлэгдээд төрийн сонгуульд амжилттай оролцож чадах уу?

-Ингэж шударга, ил тод дотоод сонгуулийг хийж чадаж байгаа учраас алдагдаад байсан гишүүд, дэмжигчдийн итгэлийг сэргээж, цаашлаад нийт ард иргэдийн дэмжлэгийг хүлээн 2020 онд ялах бүх нөхцөл бололцоо бүрдэх ёстой. Гол нь намын гишүүд, дэмжигч иргэдийн итгэл үзүүлэх эсэх нь улс төрийн нам хэмээх институцийн хэр зэрэг шударга, ил тод, хариуцлагатай, чадвартай байхаас хамаардаг шүү дээ. Үүнийг олон сонгууль дараалан улс төрийн намууд өөр дээрээ мэдэрсэн. Ер нь сонгуулийн ирц сайн, сонгогчдын боловсрол өндөр, залуучууд идэвхтэй байвал Ардчилсан нам, ард олон ялдаг.

-Ардчилсан нам 150 мянган гишүүнтэй гэдэг статистик мэдээ байдаг.  Гэхдээ хүн ам нягтрал ихтэй төв суурин газруудад танай гишүүд тийм ч олон биш санагддаг. Гишүүдийн тоо, хамрах хүрээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?

-Ардчилсан нам хэдий нэг үүр дээрээ цөөхөн гишүүнтэй ч бага хэмээн басаж болохгүй. Манай намын гишүүдийн идэвх, зүтгэл аль ч намтай харьцуулахгүй их. Энэ нь өнгөрсөн намын даргын сонгуулиар харагдлаа. Улс орон даяар Ардчилсан намын дотоод сонгуулийг анхааран харж,  ажиглаж,  хэлэлцэж байсан.Ардчилсан намын гишүүн гэдэг бол ардчиллын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаа иргэн мөн. Тиймээс намын шинэчлэл бол жирийн гишүүдийн гар бие оролцсон дуу хоолой, санал бодлын илэрхийлэл болно. Ардчилсан намын гишүүн хүн саналаа аль ч төвшинд өгөх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байгаа нь бахархмаар зүйл шүү. Тийм ч учраас Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн оролцоо, илэрхийлэл нэмэгдэхийн хэрээр тоо, хүрээлэл өсч байгаа нь эргэлзээгүй. Ардчилсан намд итгэж санал өгдөг дэмжигч, сонгогчдын суурь саналын хувь хэмжээ өөрчлөгдөөгүй шүү дээ.  2016 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 33 хувийн саналыг авсан. 2016 оны УИХ-ын сонгуулиар 1000 хүртэлх саналын зөрүүгээр ялагдсан манай намын нэр дэвшигчийн тоо 14 байна. Хэрвээ санал хуваагч нам байсан бол эдгээр тойргууд дээр ялалт авах магадлал өндөр байсан гэсэн үг.

-АН орон нутагт хөл муутай гэгддэг. Нэг суманд гэхэд нэг ч үүр хүрэхгүй гишүүнтэй гэх яриа байдаг. Одооноос анхан шатны намын үүрүүдээ чухалчилж, хөрсөн дээрээ бууж ажиллах жилүүд иржээ гэж ойлгож болох уу?

-Бид даргын таалалд нийцүүлэн саналаа илэрхийлдэг бус өөрсдийн сонголтоор саналаа илэрхийлдэг орчин үеийн намын гишүүд.Бид ийм ардчилсан манлайллыг улс орон даяар, шат төвшин бүрт бий болгож байна. Үүнээс хойш ямар ч улс төрийн нам бидний хийж чадсан энэ дотоод сонгууль гэдэг шалгуурыг давж чадахгүй бол ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж дэмжлэг авч чадахгүй. Ийм босго, шалгуурыг бид бий болгож, нийтийг хамарсан улс төрийн том шинэчлэлийг  эхлүүлж байна. Энэ том ажил шүү. Намын үйл ажиллагаанд жирийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд орон нутгийн намын байгууллагуудыг онцгойлон дэмжих ёстой.  Ардчилсан нам “Орон нутаг төвтэй нам” болох ёстой. Намын бодлого, үйл ажиллагааг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн намын байгууллагуудыг  идэвхижүүлж, гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх шаардлагатай. Үндэсний хэмжээний хариуцлага хүлээх том нам гишүүдийнхээ хөгжилд анхаарч байж л хөгжиж дэвшин нийтийн дэмжлэгийг авч чадна. Бид илүү нээлттэй байж, гишүүн бүр өөрийн чадвар боломжийг харуулж, шударга өрсөлдөөн, бодлогын уралдаанд өөрийгөө сорих боломжийг нээж байна. Нам дотроосоо өөрчлөгдөж, намаа эрүүл тогтолцоо руу шилжүүлж,  нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, эрүүл сэтгэлгээтэй, зөв хүмүүс ур чадвараар тодрон гарч ирэх боломж үүгээр нээгдэх болно.

-Таны бодлоор орон нутаг, анхан шат чухал юм байна. Танай намын зарим идэвхитэй гишүүд бодлогын нам болох талаар их ярьж, бичдэг. Энэ бас шинэчлэлийн нэг чухал хэсэг байх. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?

-Шинэчлэлийн гол зорилтуудын нэг бол бодлогын нам болох тухай асуудал мөн. Улс төрийн нам нийгмийн чухал институци байх гол шалгуур бол бодлого боловсруулах чадавхи. Улс төрийн нам нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар тодорхой бодлоготой байх ёстой. Хэдхэн фракцийн удирдлагууд, эсвэл цөөн хэдэн хүний үзэл бодол дээр суурилахгүй. Улс орны хөгжлийн дүр зургийг гаргаж байгаа нам түүнийгээ судалгаа тооцоон дээр үндэслэн боловсруулдаг бодлогын институт байх ёстой. Ардчилсан хувьсгалын манлайлагч болж, 27 жил ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж  ирсэн  Ардчилсан нам  хариуцлагатай, хүчтэй, зоригтой бодлого тодорхойлогч нам байх нь Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж, хөгжиж урагшлахад амин чухал үүрэгтэй. Тийм байхыг Монголын ард түмэн биднээс хүсч, хүлээж байна. Ардчилсан нам бол үргэлж тодорхой хөгжлийн хөтөлбөр дэвшүүлж, зорилтоо биелүүлэн ажиллаж ирсэн. Цаашид ч улс орноо бодлогын судалгаанд үндэслэсэн хөгжлүүлэгч түүчээ нам байх болно. Өнөөдөр Ардчилсан нам шинэ залуу нам биш болжээ. Улс төрийн хариуцлагатай, туршлагатай хүчин болсон. Тийм ч учраас нийт гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр Ардчилсан намынхаа ахмад, дунд, залуу үе, мөн өнгөрсөн ба одоо, ирээдүй цагийг холбож, аливаа талцал хуваагдалгүй, намын эв нэгдлийг хангаж, зөвхөн Монголын хөгжлийн төлөө ялалтыг авчирна. Бид нийт гишүүдээрээ, хамтдаа 2020 оны сонгууль болтол тэмцэж хөдөлмөрлөж, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байж ялалтад хүрэх болно.

-Та өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд танай танхим хэр ажилласан гэж боддог вэ. Өнөөдөр улс орон хямралын байдалтай байгаа нь АН-ын буруугаас боллоо. Тэд л идээд уучихаж. Бид “баас”-ыг нь цэвэрлэж байна хэмээн МАН-ынхан жил шахам ярьж байна. Та нар үнэхээр улсаа дампууруулахад хүргэсэн юм уу?

-Хэдийгээр гадаад,  дотоод эдийн засгийн байдал хүндрэлтэй байсан ч Ардчилсан нам, түүний Засгийн газар төвөгтөй асуудлаас зугталгүй, асуудлыг зоригтой барьж авч шийдэж байсан. 2012 оны Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн зорилт, амласан амлалтаа хэрэгжүүлэхээр хөрөнгө мөнгө, хүн хүч, засаглалын чадавхийг дайчлан ажилласан. Бахархам үр дүн ч гарсан. Эдийн засагт бүтцийн болон чанарын өөрчлөлт гарч, үйлдвэржилтийн үндэс суурь тавигдаж, зам, тээврийн дэд бүтцийн хувьд сүүлийн хэдэн арван жил хийгдээгүй бүтээн байгуулалтыг улс орон даяар өрнүүлсэн. Улс орныг хөгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Ардчилсан нам нийгмийн эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдлыг бүхнээс эрхэмд үзэж 2012 оноос “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-тэй, ИЗНН-тай, 2014 оноос хойш УИХ-д суудалтай бүх намуудтай, түүний дотор МАН-тай хамтарч Засгийн газраа байгуулан ажилласан. Бүхэлд нь авч үзвэл Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд чанарын өөрчлөлт гарах суурь үндсийг баттай тавьж, их бүтээн байгуулалтын эхлэлийг бүрдүүлж өгсөн гэдгийг итгэлтэй хэлж чадна. Энэ бол бидний бахархал.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.