Энэ сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо болсон “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2017” өдөрлөгт Орхон аймгаас төрийн 10 гаруй байгууллага оролцлоо. Уг өдөрлөгийг Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Компанийн Засаглалын Үндэсний зөвлөл хамтран зохион байгуулсан юм. Өдөрлөгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, АЗДТГ-ын Өмчийн газар, “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК зэрэг томоохон байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа.
Өдөрлөгийн зорилго нь төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан, импорт орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оршжээ. Өдөрлөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК ивээн тэтгэсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ:
ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ БОЛ МОНГОЛЧУУДЫН ӨМЧ
Өдөрлөгийн нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүрэлцэн ирж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 80 гаруй компани, үйлдвэр газруудтай танилцаж, төрийн өмчийн бодлого зохицуулах газрын дарга Ц.Ням-Осор төрийн өмчит компанийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээллийг хүрэлцэн ирсэн зочдод хүргэсэн юм.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Энэ өдөрлөг ямар нэгэн баяр ёслол биш. Зөвхөн төрийн өмчит компанийн захирал тайзнаас ярьж, бусад нь сонсох арга хэмжээ биш ээ. Төрийн өмчит компаниуд хаалттай, хүнд сурталтай, худалдан авалт нь шилэн бус хэмээх шүүмжлэл нийгэмд бий. Үүнийг засч залруулахаар өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн үр дүнд хичнээн компани иргэдэд нээлттэй ажиллав, тендер, худалдан авалт хэр ил болов, жижиг дунд бизнесийг хэрхэн дэмжив гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тиймээс сарын дараа үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, олон нийтэд ил болгохыг албан ёсоор үүрэг болгоё.
Цаашлаад төрийн өмчийн компаниуд дан дангаараа нээлттэй өдөрлөгийг сар, улирал тутамд хийж, үр дүнгээ мэдээлэх хэрэгтэй. Засгийн газар сайхан нэртэй арга хэмжээг зохион байгуулахдаа бус үр дүнг нь чухалчилна. Миний бие цаашид ажлыг цаасан дээрээс бус бодит амьдрал дээр танилцаж, дүгнэнэ. Түүнчлэн төрийн өмчийн компаниуд ашигтай ажиллах ёстой гэдэгт төвлөрч байна. Хэрвээ удирдлагын ур чадвараас болж ашиггүй ажиллаж байгаа бол тухайн хүн ажлаа өгөхийг анхааруулсан. Мөн цалин хөлс, хангамж урамшуулалтай холбоотой зардлыг боломжит хэмжээгээр танаж хасахыг үүрэг болгосон.
Төрийн өмчийн компани бол монголчуудын болоод олон нийтийн өмч. Тиймээс төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Мөн удирдлагуудад нь хувийнхан шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. Зөвхөн ард түмний өмчийг арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээж төрөөс томилогдсон менежерүүдийн зарчмаар ажиллахыг сануулсан. Төрийн ажлыг хоноцын сэтгэлээр хандалгүй, иргэддээ хаврын тэнгэр шиг ааш гаргах эрх төрийн өмчийн компаниудад байх ёсгүй. Эдгээр компаниуд эдийн засгийн гол ачааг үүрэх ёстой. Гэтэл дийлэнх нь алдагдалтай ажиллаж ирсэн. Цаашид юунаас болж алдагдалтай ажилласныг тогтоож буруутай эздэд хариуцлага тооцно” хэмээн тодотголоо.
Улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 89, үйл ажиллагаа нь зогссон ч тамга тэмдэгтэй 7 компани бий аж. Дээрх компаниудын өр 2012 онд 3 их наяд төгрөгт хүрч байсан бол 2015 оны эцсээр өрийн хэмжээ 10.5 их наяд төгрөг болж 3 дахин өссөн үзүүлэлттэй гарч байв. Өнгөрсөн онд 89 компаниас 30 гаруй нь ашигтай ажиллажээ.