Э.Бат-Үүл: Дараагийн эрх баригчдад захих гурван зүйл байна

Э.Бат-Үүл: Дараагийн эрх баригчдад захих гурван зүйл байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлын эхэнд “НИТХ-ын сонгуулийн дүн гарч нийслэлийн Ардчилсан нам 11 суудал, МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ. Юуны өмнө Нийслэлийн сонгуулийн хороо маш зохион байгуулалттай ажилласанд талархал илэрхийлж байна.
 
Дараа нь биднийг дэмжсэн сонгогчиддоо талархаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэл ид шидтэй мэт бүтээн байгуулалт хийхэд дэмжиж оролцсон нийт иргэддээ талархаж байна. Нийслэлийн амьдрал өөр болсон гэдэгт санал нэгтэй байгаа байх. Иргэдийн зүгээс дараа дараагийн хотын удирдлагуудад тавих шаардлага өндөр болсон байх гэж найдаж байна. Сонгуулийн үр дүн нийслэлийн Ардчилсан намын хувьд улс төрийн “цунами” байлаа. Бид ялна гэдэгт итгэлтэй байсан ч ийм үр дүн гарлаа.
 
Сонгуулийн дүн гарсны дараа мэдэмхийрдэг мэргэн түргэн хүн олширдог. Гэхдээ энэ сонгуулиар бүтээн байгуулалтаас илүү харлуулсан хүнийг олон түмэн дэмжлээ. Утга учиргүй хүнийг гүжирдэж, харлуулах замаар сонгуульд амжилт олж болдог гэдгийг харууллаа” гээд нийслэлийн МАН-ынхан НИТХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан үр дүнг хүлээн зөвшөөрч, “МАН-аас бор халзан хонь ч сонгогдохоор ийм сонгууль болсон” гэсэн юм. Мөн тэрбээр “Ард түмэн бүтээн байгуулалтын ажлаас илүү хар гүтгэлгэд итгэлээ. Улс төрд ийм хандлага тогтчихлоо. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил өрнөсөн. Дараагийн эрх баригчдад захих гурван зүйл байна” хэмээсэн юм. 
 
Тэрбээр Нэгдүгээрт, Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй. Хашааны газар дээр тохилог орон сууц барих замаар Улаанбаатарын утаа, эдийн засгийн хямралаас гарах өөр арга зам байхгүй. Тийм учраас эрх баригчид үүнийг ойлгож, бидний эхлүүлсэн “Сайн хашаа”  хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй.
 
Хоёрдугаарт, “Төрийн үйлчилгээний супер маркет” эхлүүлсэн. Энэ нь дарга нарын ширээний дор нуудаг эрх мэдлийг төрийн үйлчилгээний супер маркетын лангуун дээр тавьж, ард иргэддээ үйлчилдэг засаг захиргаа бий болгох ажил эрчимтэй эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 400 мянган хүн үйлчилгээ авсан байдаг. Ер нь ард иргэдээ далайлгаж, дарамталсан, дарга нарын захиргааг бий болгож болохгүй. Манай нийслэлийн ард иргэд төрийн үйлчилгээг хүртэж, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй хүмүүс шүү.
 
Гуравдугаарт, “Найрсаг Улаанбаатар хөтөлбөр”-ийг гацааж, зогсоож болохгүй. Энэ хөтөлбөр бол нийслэлийн соёл урлагт бодитой дэмжлэг үзүүлсэн юм. Гэтэл зогсчихвол харамсалтай. Нэн ялангуяа Даншиг наадмыг улстөржүүлж зогсоож болохгүй. Даншиг наадам эхэлж байхад ардын хувьсгалын наадамтай өрсөлдүүлж ийм юм хийж байна гэх буруу ташаа ойлголт төрүүлэхээр мессэж цацагдаж байсан. Би зориуд хэлмээр байна, тийм санаа бодол байгаагүй. Ер нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг татах боломж нэмэгдсэн юм шүү. Мэдээж хэрэг газрын наймаа, авлигал зогссон. Нэгэнт эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлыг сааруулж болохгүй. Та бүхний итгэл найдварыг хугалалгүй дөрвөн жил ажилласан гэдгээ бардам хэлнэ Нийслэлчүүддээ баярлалаа” гэлээ. 
 
Энэ үеэр тэрбээр “МАН НИТХ болон УИХ хуралд олонхийг авлаа. Энэ ард түмний сонголт байлаа” гэдгийг онцолж, нийслэлийн намын даргын хувьд намын хурлаа хуралдуулаад намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина гэдгээ мэдэгдлээ.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.