Ш.Раднаасэд: “Эрдэнэт”-ийг төр аваад барьцаанд тавьж байгаа гэдэг бол О.Баасанхүүгийн л яриа

Ш.Раднаасэд: “Эрдэнэт”-ийг төр аваад  барьцаанд тавьж байгаа гэдэг бол О.Баасанхүүгийн л яриа
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, тус байнгын хорооны гишүүн Х.Нямбаатар, Ж.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо бие даасан найм, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72, УИХ-ын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг батлуулсан байна. Түүнчлэн Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулснаас гадна  Авилгатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлуулжээ. Эдгээр хууль, тогтоолуудыг боловсруулахын тулд 12 ажлын хэсэг байгуулагдаж, 66 удаа хуралдсан байна. Харин Байнгын хороо дээрх хугацаанд 49 цаг хуралджээ.
 
Байнгын хороон дарга Ш.Раднаасэд “Цагдаагийн албаны тухай болон Дотоодын цэргийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах асуудлыг хэн хариуцаж хийх нь тодорхойгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэж, хуулийг улам бүр төгөлдөржүүлсэн. Мөн 2003 онд батлагдсан  Арбитрын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Хуулийг энэ сарын 21-нд олон улсад танилцуулна.  Үүнээс гадна “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” тогтоол гаргасан. Монгол Улс 2005 оноос хойш Авилгатай тэмцэх хөтөлбөргүй явж ирсэн.
 
Шинэ хөтөлбөр батлагдсанаар авилгатай тэмцэх эрх зүйн орчин боловсронгуй болгох, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг АТГ ирэх сарын 01-нээс өмнө эхлүүлнэ. Гол нь төрийн байгууллагын шийдвэрүүдийг ил тод болгох юм. Энэ нь авлига үүсэх боломжийг хаах юм. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл баталсан. Үндсэн чиглэл бол Засгийн газар 2020 он хүртэл аль салбарын яамар хуулийг боловсронгуй болгох вэ гэдгийг тодорхойлох төлөвлөгөө гэж болно. Ирэх хаврын чуулганаар 27 байгууллага, албан тушаалтанд хамрагдах 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ хуулийг боловронгуй болгоход иргэдийн санал хүсэлтийг тусгах шаардлагатай. 
 
Ирэх хаврын чуулган хүртэл Хууль зүйн байнгын хороо иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй хүлээж авах болно. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хууль ирэх хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төслүүд юм” хэмээв.
 
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 500 гаруй хуулийн хэрэгжилтийг хангуулахад УИХ, Засгийн газар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд 400 гаруй хууль батлахаар тусгасан байна. Ингэснээр Монгол 1000 орчим хуультой болно гэсэн үг. Хууль олон болсноор нийгмийн хөгжил дээшлэхгүй гэдгийг бид өнгөрсөн 20 жилийн туршлагаас харж болно. Олон хууь санаачилж, түүнийгээ хурдан батлуулах нь ажлын үр өгөөж биш. Тиймээс бид аль болох хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах болно. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах асуудлыг тусгахын төлөө ажиллана” гэв. 
 
Мэдээлэл хийсний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой шалгалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хийж үүнийг үндэслэн УИХ-ын тогтоол гарсан. Одоо “Эрдэнэт” үйлдвэр дээр дахиад шалгалт орсон байгаа гэсэн. Энэ танай Байнгын хороотой холбоотой юм уу?
 
-“Эрдэнэт”-ийн асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Сангийн яам, татварын байгууллагатай хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ шалгалт 20-иод хоногийн хугацаанд үргэлжилнэ. Үр дүн нь цагаан сарын өмнө гарах байх. Энэ шалгалтыг бид анхааралтай ажиглаж байгаа.
 
-“Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой асуудлаар Байнгын хороонд ямар мэдээлэл байна. Ирэх гуравдугаар сарын 20-нд шүүх хурал болно гэсэн?
 
-Ирэх гуравдугаар сарын 20-ны шүүх хурлын талаар мэдэхгүй байна. 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүс шүүх, хяналтын бүх газраар явах байлгүй. Түүнд эргэлзэхгүй байгаа. Явах эрх нь тэдэнд байгаа. Явах эрхийг хэн ч хааж чадахгүй. Өнөөдөр хуулиар ямар боломж бололцоо байна. Ерөнхийлөгч хориг тавьж болно, Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын тогтоолыг өгч болно. Бүх эрх нь нээлттэй. Эрхээ хэрэгжүүлэх боломжийг хэн нэг албан тушаалтан хаах эрхгүй. Бид хараад сууж байна. Нэгдүгээрт, Төрийн өмчийн хороо, Сангийн яам, Татварын газрын шалгалтын дүн гарахыг харж байна. Үүний дараа хэрхэн яаж ажиллах вэ гэдэг илүү тодорхой болно. УИХ-ын тогтоол бол гүйцэтгэтгэх засаглалтай хамтарч хий гэдэг тогтоол гарсан.  Шалгалтын дүн гараад ирэхээр л  ямархуу хэлбэртэй явах вэ гэдэг юм яригдана.
 
-УИХ-аас баталсан тогтоолд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авахдаа Монголбанк, Хөгжлийн банкнаас Худалдаа хөгжлийн банкинд олгосон зээл, бонд зэргээс суутган тооцохоор заасан. Гэтэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг суутган тооцох боломжгүй. Харин ч Засгийн газар Худалдаа хөгжлийн банкинд нэг ихнаяд төгрөгийн өглөгтэй. Юун суутган тооцох, юун авах гэдэг асуудлыг хөндөөд байгаа. Ажлын хэсэгт Сангийн яам, Монголбанкнаас төлөөлөл оролцсон уу, Худалдаа хөгжлийн банкнаас авах авцаа байхгүй байхад нь суутган тооцох шийдвэр гаргачихсан юм биш үү?
 
-Манай ажлын хэсэгт Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Хяналтын шалгалтын газрын дарга нь, Сангийн яамны Төрийн нарийн нарийн бичгийн дарга, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга орсон. Энэ бүрэлдэхүүн тодорхой удирдамжийн дагуу өөр, өөрсдийнхөө чиглэлийн дагуу ажиллаж гаргаж ирсэн мэдээллийн дагуу “Монголын зэс” компанийн эзэмшиж буй 49 хувийг суутган тооцох хэлбэрээр төрд авах шийдвэр гаргасан.
 
-“Эрдэнэт” үйлдвэр ард түмэнд хамаагүй, хэсэг бүлэг улстөрчдийн саалийн үнээ гэж яригдаад байна. Байнгын хороо хувьчлалын хүрээнд шалгалт хийлээ. Цаашдаа “Эрдэнэт”-д шахаа хийсэн улстөрчдийг нэрлэх боломж байгаа юу. Ажлын хэсэгт гишүүнээр орсон Ц.Нямдорж гишүүний хүү 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж яригдаж байна?
 
-Сангийн яам, Төрийн өмчийн хорооны шалгалтын дараа энэ бүхэн ил тод болох байх. Худалдан авах ажиллагаа, аливаа компанийн үйл ажиллагаа нээлттэй байж, цаана нь муу муухай зүйл нуугдахгүй. Засгийн газрын 30 дугаар тогтоол нууц л байсан. Үүнтэй ижилхэн арга хэлбэрээр бүх зүйл хийгдсэн. Тийм учраас бид хуулийн хэрэгжилт, бусад асуудлыг ил тод болгох ёстой гэж үзэж байгаа. Компаниудын тайланг ил тод зарлах хэрэгтэй. “Эрдэнэт” ч биш бусад төрийн өмчит компаниудыг мэдээллийг ил болгох нь Төрийн өмчийн хорооны бодлого байх ёстой гэж үзэж байгаа.
 
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд аваад Хятадад хоёр тэрбумын зээлийн барьцаанд тавьж байгаа гэж О.Баасанхүү гишүүн ярилцлага өгсөн байна. Энэ талаар мэдээлэл байна уу?
 
-Тэр О.Баасанхүүгийн л яриа шүү дээ. 
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ гэсэн. Гэсэн ч хуулийг хэрэгжүүлэх нөхцөл боломж нь бүрдээгүй гэсэн мэдээллүүд гарах боллоо?
 
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. УИХ хууль баталсан л бол хэрэгжих ёстой.
 
-Арбитрын тухай хууль дэлхийн жишигт нийцсэн гэж байна. Энэ хуульд яг ямар өөрчдлөлт орсон юм бэ?
 
-2003 оноос мөрдөгдөж байсан Арбитрын хуулийн зохицуулалт нь хэрэг маргаан шийдвэрлэх үед хэт нэг талыг барьсан, хараат бусаар ажиллах нөхцөл бололцоог хумьсан байсан. Шинэ хуулиар энэ бүхнийг зассан.
 
-Эрүүгийн хуульд хариуцлага алдсан эмч нарт хэт хүнд шийтгэл ногдуулахаар тусгасан гэсэн маргаан гарч байсан. Тэр заалт өөрчлөгдсөн үү?
 
-Эмч нартай холбоотой торгуулийн хэмжээ хоёр дахин буурсан. Мөн чуулганаар анхны хэлэлцүүлэг хийх үед хорих ял ногдуулахгүй байхаар тусгасан.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.