С.Чинзориг: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж болно

С.Чинзориг: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж болно

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль өнгөрсөн чуулганы хуралдаанаар батлагдаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн талаар хууль санаачлагч,УИХ-ын гишүүн С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Нийгмийн даатгалын сан­гаас ол­гох тэт­гэ­вэр, тэт­гэм­жийн ту­хай хуульд өөрч­лөлт оруу­лах ту­хай хууль бат­­лагд­чих­лаа. Энэхүү хуулиар ээжүүдэд ямар таатай нөхцөл бүрдэж байгаа вэ?

-Ээжүүдийн хүүхдээ асарсан хуга­цааны нийгмийн даатгалын шимт­гэл тасрахгүй байх бо­лом­­жийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, олон хүүхэд тө­­рүүлж, өсгөсөн ээжүү­дийн хөдөлмөрийг бодитой үнэ­лэх зорилгоор хэд хэдэн өөрч­лөл­тийг энэ хуульд оруулсан. Ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.

-Хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжүүдийн НДШ тасрахгүй байхаар зохицуулсан гэсэн үү?

-Тийм ээ. Ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн.  Албан даатгалд өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна, 50 хувийг нь өөрөө төлөх зохицуулалт хийгдэж байгаа. Түүнчлэн НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг. Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгсөн.

-Өмнөх хуулийн тухайд ээж хүүхдээ асарч байх хуга­цаан­даа гурав дахь хүүхдээ төрүү­лэхэд нь тэтгэмж олгохгүй гэдэг байсан. Энэ хуулиар олгох уу?

-Хуучин хуулиар ээж хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь энэ тэтгэмжийг олгохгүй гэ­дэг байсан. Зөвхөн эхний хоёр тө­рөлт дээр тэтгэмж олгодог зо­хи­цуу­лал­тыг өөрчилж, төрөх бол­гонд нь жирэмсний тэтгэм­жийг олгодог болгосон байгаа гээд олон давуу талууд үүсч байгаа.

-Малчин, хувиараа хөдөл­мөр эрхлэгчийн тэтгэврийн даат­галын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн тухайд малчдын тэтгэврийн нас наашилж байгаа юм уу?

-Энэхүү хуулиуд хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж байгаа. Түүнчлэн малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимт­гэ­лийг нөхөн төлүүлэх тухай хуу­лийн талаар “Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж байгаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг. Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл тэдний НДШ төлөх явц маш муу байна. Малчдын тухайд есөн хувь нь НДШ төлдөг.

-Тэгвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэдэн хувь НДШ төлдөг юм бол. Эдгээр хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх үү?

-Хувиараа хөдөлмөр эрхлэг­чийн тухайд 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм. Дашрамд дурьдахад, эдгээр хуулиуд нь 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцогдох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батлах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтад бүх ээжүүдийг хамруулах уу эсвэл хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг Засгийн газраас шийдэх болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.