Л.Эрхэмбаяр: Л.Мөнхбаатарын ухуулагч нар сонгогчдод гар утасны нэгж тараасан асуудал гарсан

Л.Эрхэмбаяр: Л.Мөнхбаатарын ухуулагч нар сонгогчдод гар утасны нэгж тараасан асуудал гарсан

Сонгуулийн цаг үеийн асуудлаар АН-аас дахин мэдээлэл хийлээ. АН-ын генсек Л.Эрхэмбаяр “УИХ-ын 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах нь сонгуулийн хууль зөрчсөн тухай шүүхийн шийдвэр нь гараад байгаа. Бид энэ талаар өмнө нь мэдээлсэн. Гэтэл үүний дараа МАН-аас уг асуудлыг гүтгэлэг хэмээн мэдэгдэл гаргасан байна. Бид гүтгээгүй. Д.Оюунхоролын шадар туслах Н.Энхзаяа нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдгийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон гэдгийг дахин хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харин энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдаж байгаа талаар өнөөдөр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан. Тиймээс энэ асуудал шийдвэр нь гараад давж заалдаад явж байгаа гэдэг нь үүгээр нотлогдож байгаа юм” гэлээ.

Мөн тэрбээр “Орон нутагт сонгуулийн үйл ажиллагаанд элдэв булхай маргааны асуудал гарсаар байгаа талаар орон нутгийн АН-ын сонгуулийн штабуудаас мэдээлэл ирүүлсээр байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн 37 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаатарын ухуулагч нар сонгогчдод гар утасны нэгж тараасан асуудал гарсан. Үүнийг нь аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлж байгаа юм байна. Мөн УИХ-ын 64 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Баярсайханыг сүүлийн 14 хоногийн турш нүцгэн, шалдан хүүхэнтэй тэврэлдүүлэн эвлүүлэг хийж доромжилж байсан. Гэтэл өнөөдрөөс эхлэн түүнийг мөнгө тараасан хэмээн ор үндэсгүйгээр гүтгэж байна” хэмээлээ.

Үүнээс гадна Төв аймагт МАН-аас нэр дэвшигч А.Сүхбат намын мөрийн хөтөлбөрт огт тусгаагүй асуудлаар сурталчилгаа хийсэн нь нэрийг нь татах үндэслэлтэй болсон талаар аймгийн шүүх, цагдаад АН-аас гомдол гаргасан байна. Гэтэл 10 гаруй хонож байгаа ч уг асуудал шийдэгдээгүй байгаа аж. Энэ талаар АН-ын генсек Л.Эрхэмбаяр “Ер нь Хөвсгөл, Төв аймаг, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагууд АН-аас гаргасан гомдолд хөшүүн хойрго хандаж байна” гэв.

Улсын хэмжээнд бүх намын төлөөллийг байлцуулан 1998 санал тоолох машинд хяналтын тооллого хийсэн байна. Энэхүү тооллогод бүх намын төлөөлөл байлцаж, санал тоолох машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан аж. Харин ганцхан 67 дугаар тойрогт нэгэн хариуцлагагүй этгээдээс болж бага зэргийн будилаан гарчээ. Гэтэл санал тоолох машин АН-ын талд байгаа гэсэн гүтгэлэг цуу яриаг гаргасаар байгааг АН эсэргүүцэж байна гэдгээ энэ үеэр мэдэгдэж байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ