Э.Эрдэнэжамъян: Саналын 10 хувьд техникийн тооллого хийвэл луйвар болсон гэж үзнэ

Э.Эрдэнэжамъян: Саналын 10 хувьд техникийн тооллого хийвэл луйвар болсон гэж үзнэ

Улс төрийн есөн намын удирдлага Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т "Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар  харьяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ.Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон  сонгогчдын төлөөллийг оролцуулна" гэж заасан байдаг.

Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны "Техникийн тооллого хийх журам"-ын нэгдүгээр зүйлийн 1.2-т "Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай" тусгасан байдаг юм.

Тэгвэл 50 хүртэл хувь гэдэг нь 10, 20, 30 гээд хэдэн ч хувийн тооллого хийж болно гэдгийг шаардлага хүргүүлсэн МАН, МАХН, БНН, МКН, ЭЧХН, МСДН, ИХН, ИЗНН, ТТЭНЭ гэх намын дарга нар ойлгоогүй байсан бололтой.

Тэд “Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13 дахь заалтыг улс төрийн нам эвсэл, нэр дэвшигчид зүгээс санал тоолох төхөөрөмжид үл итгэх эргэлзээг арилгах, сонгогчдын өгсөн санал үнэн зөв тоологдох нөхцлийг хангуулах зорилгыг агуулсан гэж бид харсан. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байна” гэв.

Энэ үеэр МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъян “СЕХ энэ талаар тойрог хэсгийн хороондоо чиглэл өгч 50 хувийг тоолооч. Хуульд 50 хувийг тоолох боломжийг олгочихсон байхад яагаад шинээр байгуулагдах УИХ, ИТХ-д эргэлзэх эргэлзээг үлдээгээд байгаа юм. Ард түмэн шинээр байгуулагдах УИХ болоод ИТХ итгэдэг байх хэрэгтэй. Мөн сонгуулийн саналаа өгсөн хар машиндаа итгэх ёстой. Тиймээс ч 50 хувийг тоолох ёстой гэсэн шаардлага тавьж байна. Хуульд заагаад өгчихсөн байхад чинь ямар шалтгаанаар 10, 20, 30 хувийг тоолно гээд байгаа юм бэ. Хуульд 10 хувь гэсэн байхад нь бид 50 хувь гэж шаардаагүй. Хэрвээ 10 хувийг нь тоолоод сонгууль шударга боллоо гэж үзэх бол улс төрийн намууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин ч үүнийг луйвар болсон гэж үзнэ. Тиймээс ийм үл ойлголцод хүрэгхгүй байхыг хүсч байна” гэлээ.

Харин СЕХ-оос “50 хүртэл гэдэг нь дээд тал нь 50 хувь байж болно гэдгийг зааж өгсөн хэрэг. Хэрвээ 50 хувь гээд заачихсан бол амар байх байсан. Гэхдээ бид өнөөдөр хурлаа хийгээд намуудын тавьсан энэхүү шаардлагыг хэлэлцэнэ. Гарах шийдвэрийг би урьдчилан хэлж мэдэхгүй. Сонгуулийн санал хурааж дуусахаар өмнө шийдэх болно” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ