С.Эрдэнэ: Би Ц.Нямдоржийг гүтгээгүй, үнэн баримтыг нь хэлсэн

С.Эрдэнэ: Би Ц.Нямдоржийг гүтгээгүй, үнэн баримтыг нь хэлсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан. Гэхдээ уг асуудлаар  Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм. Энэ талаараа бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгасан Ажлын хэсэг өнөөдөр байнгын хорооны хурал дээр дүгнэлтээ тараалаа. Энэ нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм. Иймд бид тав хоногийн завсарлага авсан. Яагаад гэхээр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шалгалтын материалыг маш сайн судлах ёстой. Ер нь өнөөдөр төр хувийн хэвшлийн харилцаанд сэв суулгаж болохоор асуудал байгаа юм. Тиймээс үүнийг маш нарийн хэлэлцэж, судалж, шалгаж байж бүлэг байр сууриа илэрхийлнэ. Бид удаа дараа шалгалтын ажлын явц байдалтай танилцах хүсэлтээ тавьсан.  Гэвч бидэнд тоо баримттай материал ирүүлээгүй юм. Гэтэл өнөөдөр байнгын хорооны хурал дээр тарааж байгаа нь захиалгатай, зохион байгуулалттай байж болзошгүй гэж харж байна. Хоёрдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн асуудал хөндөгдөхгүй байгаа. Энэ хувьцаа “Стандарт” банкны барьцаанд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан. Яг хэдий хэмжээний зээл авсан нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ Английн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан. Монголын тал энэ төлбөрийг гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа гэж мэдэгдэж байгаа. Албан ёсны шүүхийн бичиг баримт ирээгүй байна. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 51 хувь байна уу үгүй юу гэдгийг бид шалгах ёстой.

Гуравдугаарт, өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт”-д том, том шахааны бизнес явагдаж байсан. Тодорхой улстөрчид, улс төрийн нам хүчнүүд энэ үйлдвэрээс санхүүждэг байсан. Үүнийг шалгах шаардлагатай. Үйлдвэрийн хувьцааг таллаж шалгах биш, бүтэн шалгах ёстой. Ингэснээр Монголын ард түмэнд үр өгөөжтэй зүйл болно. Тиймээс бид тав хоногийн завсарлага авсан. Энэ хугацаанд шаардлагатай гэж үзвэл 51 хувийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг Хууль зүйн байнгын хороо болон бусад байнгын хороонд хүргүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгасан Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхолтой нөхдүүд байгаа” гэлээ.

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа хүмүүс гэж  хэнийг хэлээд байгаа юм бэ?

-ОХУ болон Монголын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл гарсан байсан. Үүнийг та бүхэн өөрсдөө уншиж судал. Бидэнд ч холбогдох мэдээлэл ирсэн. Үүнтэй танилцаад шаардлагатай гэж үзвэл шалгах тухай Ажлын хэсэг гаргана.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэрт шахааны бизнес хийсэн гэж ярьсан байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Би баримт дээр тулгуурлаж хэлсэн. Түүнээс би хэн нэгнийг гүтгээгүй. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр гэж нөхөр 2004 онд билүү дээ “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан гэрээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний баримт материал мэдээллийн хэрэгслээр гарсан байдаг. Бид энэ асуудлыг хянаж шалгах шаардлагатай гэж харж байгаа. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй этгээд шалгалтын ажлын хэсэгт ороод, өөрийнхөө урьд өмнөх ул мөрийг баллах ч юм уу ямар нэгэн үйлдэл хийхээс бид болгоомжилж байгаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.