Улаанбаатар oC

Э.Бат-Үүл нам байгуулах уу

Э.Бат-Үүл нам байгуулах уу

Ийм асуулт асуух шаардлага бас гарч ирээд байна аа. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудыг харсан ч тийм байж магадгүй гэж бодогдохоор байгаа юм. Тэгээд ч түүнийг шинэ нам байгуулж, АН-аас өрх тусгаарлах гэж байгаа талаар янз бүрийн явган яриа гарсан. Гэхдээ “олны үг ортой” гэдэг зүйр цэцэн үг байдгийг бас мартаж болохгүй.

Үйл явдлын дарааллыг нэг саная. АН нийслэлд баталгаатай ялна гэж байсан ч улаанбаарарчууд огт өөр сонголт хийсэн. Тэгээд хотын удирдлагыг нэг ундуй сундуй нөхдүүдэд атгуулчихаад сууж байгаа. Харин Үүл даргын энэ ялагдал өөрийнх нь хэлдгээр ёстой л цунами байлаа. Бүх бодож төлөвлөсөн нь өөрөөр эргэсэн гэсэн үг. Одоо бол мань хүн төлөөлөгч төдийнхөн л байгаа.

Нөгөө талдаа АН бас УИХ-д цөм ялагдсан. За ер нь бүхий л шатанд арчуулсан гэхэд болно. Ингээд л энэ намынхан шинэчлэлийг эрчимтэй хийж эхлэхээр ярьж гарсан. Баахан хурал хуй хийв. Тэр бүхний үр дүнд намынхаа даргыг нийт гишүүд дэмжигчдийнхээ саналаар тодруулахаар болсон. Бас л нэг шинэ зүйл л дээ. Харин намын даргад өрсөлдөх эрх хэн бүхний өмнө нээлттэй байлаа. Бараг 10 хүн өрсөлдөнө гэсэн таамаг явж байсан.

Тэр дунд Э.Бат-Үүлийн нэр маш тодоор хэлэгдэж байсан юм даг. Гэтэл Үүл дарга АН-ын даргын сонгуулийн марафонд өрсөлдсөнгүй. Яахав, тэртээ тэргүй фракци бүрээс нэг хүн өрсөлдөж байгаа болохоор давхардах хэрэггүй гэж үзсэн байж болох. Эсвэл 250 сая төгрөгөө өгч чадахгүй...Тийм ч юм гэж юу байхав. Ядахын мууд хүү нь гайгүй бизнес эрхэлж байгаа хүн тэр зэргийн мөнгийг барна.

Энэ хоёр үгүй бол тэр нам байгуулахаар шийдээд, суурийг нь тавьчихсан учраас АН-ын даргын сунгаанд оролцоогүй байх. Ер нь бол Э.Бат-Үүл өрсөлдвөл ялах магадлал маш өндөртэй хүн шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Түүнийг нам байгуулж байна уу гэх хардлагыг улам баталсан нэг үйл явдал саяхан болсон.

Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Э.Бат-Үүл даргыг хотын мээрээр ажиллаж байх үед туслах нь байсан  Б.Батсүх болон Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Б.Бадрал нар хэвлэлийн бага хурал хийж,  өнгөрсөн есдүгээр сард “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулж, нэгэнт 200 гаруй гишүүнтэй болсон гэдгийг дуулгасан юм. Мөн энэ хөдөлгөөнийхөн өнгөрсөн есдүгээр сард гадуур тарсан “Ард түмний сонорт” гэсэн ухуулга хуудсыг тарааснаа ч бас хүлээлээ.

...Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна...

Дээрээс нь “Ардын Их Хурал” Хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүх /Яагаав Э.Бат-Үүл даргын туслах байсан/ хэвлэлийн хурлын үеэр “Ард түмэн бидэнд улс төрөө удирдан жолоодох эрх бий. Өнөөдөр ард түмэн бид босохгүй бол болохоо байсан байна. Өнөөдөр таны миний, үр хүүхдүүдийн маань амьдрал болохгүй байна. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө дугарахгүй бол гадны хэн ч ирээд биднийг хөгжүүлж өгөхгүй. Монгол хүн Монгол Улсдаа эзэн нь байх ёстой.Харин энэ бүх өөрчлөлтийг аль нэг нам, улс төрийн хүчин хийхгүй. Ард иргэд, олноороо ярилцаж улс төрийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон байна.

Бид энэ талаар үзэл баримтлалаа ч боловсруулчихсан байгаа. Тэгэхээр бид энэ олигархижсан тогтолцоог халахгүй юм бол аль ч улс төрийн нам хүчин гарсан улс хөгжихгүй. Нэг нэгээр нь сонгож үзлээ, нийлүүлээд сонгож ч үзлээ. Болохгүй байна. Тиймээс ард иргэд нийлж улс төрийнхөө тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Үүний төлөө ард түмэн минь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эвлэлдэн нэгдээрэй гэж уриалж байна. Цаашид ард түмэнтэйгээ хамтран олон арга хэмжээг авах болно” хэмээн их сүрхий зоригтой ярьж, айхтар айхтар үг хэлнэ билээ.

Ямар ч байсан тэд жагсаад энэ бүхнийг өөрчлөх боломжгүйг мэдэж байгаа байх. Бас босч тэмцэнэ энэ тэр гээд байдал өөрчлөгдөхгүй. Тэгж ч чадахгүй нь тодорхой.

Тэгэхээр “Ардын Их Хурал” хөдөлгөөн нэрээр хэдэн жил явж байгаад 2019 он хавьцаа АИХ гэдэг нэртэй нам байгуулж, сонгуульд оролцож болох юм. Ер нь тийшээ л чиглээд байна уу даа. Түүнээс ч эрт нам байгуулаад, бүр том зорилго тавихыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь Э.Бат-Үүл нам байгуулах гээд байгаа нь л тодорхой болсон юм биш үү.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.