С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн танилцуулга ирээгүй

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн танилцуулга ирээгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх учиртай.  Гэвч Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын бүлэгт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлтэй танилцаагүй, УИХ-ын Тамгын газраас төслийн танилцуулгыг бидэнд ирүүлээгүй” гэдгийг дуулгасан. Тиймээс ч энэ удаад ч “хуулийн төслийн танилцуулга ирээгүй” гэдэг шалтгаанаар уг асуудал хойшилж мэдэхээр болоод байна.

Хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан зарчмын болон найруулгын зарим засвар өөрчлөлт хийж хуулийг боловсруулсан байна. Харин сонгуулийн тухай хуулийн нийтлэг зохицуулалтуудыг хэвээр үлдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгажээ.  2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль явуулахад гарсан зарим бэрхшээлтэй, хэрэглэхэд төвөгтэй зарим заалтыг Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн хассан байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлогийг харгалзан нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар баримталсан хэмжээнд байхаар төсөлд тусгажээ.

Нэр дэвшигчийн сонгуулийн суратлчилгаанд радио, телевиз ашиглахад авах зөвшөөрлийг Сонгуулийн төв байгууллагаар дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог байсан. Тэгвэл энэ удаад шууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгохоор болжээ. Мөн нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шууд Авлигатай тэмцэх газарт гаргаж, тус байгууллагаас тодорхойлолт авч өгдөг байхаар өөрчлөлт оруулсан нь цаг хугацаа болон шат дамжлагыг багасган, байгууллагуудын эрх, үүргийг илүү тодорхой болгосон гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.

Саналын нууцлалыг хадгалах битүүмжилсэн хавтас, дугтуйны зардлыг Улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилтэнд нэмж оруулах шаардлагатай гэж Сонгуулийн төв байгууллагаас санал гаргасныг төсөлд тусгасан. Энэ нь өмнөх сонгуулийн үед гарсан маргааныг дахин гаргуулахгүй байх боломж бүрдүүлнэ гэж үзжээ. Түүнчлэн нэр дэвшигчийн сонгуулийн зардлын гүйцэтгэлийн тайланд Төрийн аудитийн байгууллага дүгнэлт хийдэг байсан бөгөөд төсөлд сонгуулийн зардлын төлөвлөлтөд мөн аудитын дүгнэлт гаргуулж байхаар нэмж оруулсан нь сонгуулийн зардлын хяналтыг сайжруулах боломжтой болно гэжээ.

Мөн Сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн тоонд хязгаарлалт байхгүй байсныг төсөлд аймаг, нийслэл, сум, дүүргээр нарийвчлан тогтоож өгөх нь зүйтэй гэсэн Сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн нэмж оруулжээ. Харин хуулийн төсөлд Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлагын арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.