Л.Болд: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд дотор С.Бямбацогтын компани хүртэл байна

Л.Болд: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд дотор С.Бямбацогтын компани хүртэл байна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудалтай холбоотойгоор  УИХ-ын гишүүн Л.Болд “АН бол параламентад суудалтай нам. Гэтэл өнгөрсөн долоо хоногт АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал болж байхад давхцаад чуулганы болон байнгын хороодын хуралдаан боллоо. Энэ үйл ажиллагаанд АН-ын гишүүд оролцох бололцоо тухайн үед байсангүй. Олон чухал тулгамдсан асуудал тухайн үед хэлэлцэж байсан. Ирэх долоо хоногийн хувьд даваа, мягмар гарагт АН-ын Их хурал зарлагдсан байгаа. Хурлын товыг нэлээд олон сарын өмнө зарласан. Гэтэл эдгээр өдрүүдэд мөн л байнгын хороогоор олон асуудал хэлэлцэх нь. АН-ын гишүүдийг оролцох бололцоо байхгүй гэдгийг мэдсээр байж, ийм хуваарь хийсэн үү гэдгийг УИХ-ын даргаас асуумаар байна.

Тухайлбал, нийт ард иргэдийн анхаарлыг татаад байгаа Хөгжлийн банкны асуудал. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулах асуудал яригдаж байна. Гэтэл ирэх долоо хоногт Хөгжлийн банкны шалгалтын дүнг байнгын хороогоор хэлэлцэх гэж байна. Тэгэхээр АН-ын оролцоогүйгээр хэлэлцээд явах юм бол энэ парламентын харилцаа хяналтын асуудал гажуудна. Ямар нэгэн хэлбэрээр зохицуулах хэрэгтэй. Шалгалтын ажлын хэсгийг Хууль зүйн дэд сайд ахласан юм билээ. Гэтэл өчигдөр гэнэт хоёр байнгын хорооны хурал зарлаад, хурал дээрээ тараагаад л. Энэ тухай харж байхад Хөгжлийн банкны шалгалт хөгжилтэй л харагдаж байсан.

Хууль зүйн дэд сайдын ярилцлагыг үзэж байхад зээлдэгчдийн 1200 нь манай намынх. Гэхдээ бид улстөржмөөргүй байна. Тиймээс энэ асуудлыг бид хөндөхгүй. Хөндсөн асуудал нь гэхээр шагнал, урамшуулал зэрэг Засгийн газрын зөв, буруу шийдвэрүүдийг гаргасан байгаа. Тэгээд ирэх оны гуравдугаар сарыд хийгдэх олон зуун сая долларын зээлийн асуудлыг ярихгүй байна. Өнөөдөр тэр мөнгө байсан. Хувцасны, томилолтын зардалд яваагүй. Тэр зээл нь хаана, хэнд очсон. Зээл нь хэвийн олгогдсон эсэхийг Хууль зүйн яам гэхээсээ илүү эдийн засгийн асуудал. Тиймээс УИХ нь Эдийн засгийн байнгын хороон дээрээ ажлын хэсэг гаргаж, зээлийн нөхцөл байдалд дүгнэлт хийх ёстой.

Тэгээд ч Хууль зүйн сайд нь өөрөө эрх зүйн зөрчилтэй харагдаад байгаа. Учир нь өдөр тутмын сонинууд дээр гарсан зүйлийг харж байхад Хууль зүйн сайдынх нь нэр зээлдэгчдийн нэрс дотор цохиж явна. Тиймээс зөвхөн Л.Энх-Амгалан бүрэн эрхээсээ татгалзах бус бусад бүх гишүүд шалгуулах ёстой. Ер нь бид заавал Солонгос улс шиг нэг сая хүн гудамжинд гарч жагсаж байж Ерөнхийлөгч нь огцордог асуудал байж болохгүй. Учир нь Монгол Улс ийм асуудлаа парламент дээрээ ярьж чаддаг болохоор манай гудамжинд хүн жагсаад байдаггүй. Хэрвээ ийм асуудлаа энд ярихгүй бол улс төр өөрөө гудамжинд гарна шүү. Тиймээс эрх баригчид энэ тал дээр хариулт өгнө үү” гэлээ.

Үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Л.Болд гишүүний ярьсан асуудал өнөөдрийн асуудалтай холбоогүй байна. Хөгжлийн банкны асуудлаар танай нам өөрсдөө завсарлага авсан. Тиймээс хойшлогдоод ирэх долоо хоногт болсон. Энэ асуудлаа танай бүлэг бичгээр ирүүлж болно” гэсэн хариулт өглөө.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 2012 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.