С. Насанбат: Дархан-Уул аймаг 300 мянган хүн амтай их айл болох бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн

С. Насанбат: Дархан-Уул аймаг 300 мянган хүн амтай их айл болох бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбаттай ярилцлаа.

-Өвлийн эхэн сар гарчихлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд өвлийг өнтэй давах бэлтгэлийг хэр базааж чадсан бэ?

-Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах ажил их орой эхэлсэн. Засаг төр эмхлэгдэн, Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг гарч, бэлтгэл ажлыг базаасан байгаа. Тухайлбал,  Дархан-Уул аймагт байдаг улсын нөөцийн газар маань хамгийн сүүлд буюу аравдугаар сарын 23-ны өдөр улсын нөөцөд хадгалах өвс, бусад тэжээлүүдээ бэлтгэж дууслаа. Дархан хотын өвөлжилтийн бэлтгэлийн хувьд инженерийн дэд бүтэц бүхий шугам хоолой, цахилгаан хангамжийн байгууллагуудын бэлтгэлийг үед шаттай хийж дуусгасан байгаа. Түүнчлэн сургууль, цэцэрлэг, сумдын болон онцгой байдалд буюу зам даваа хаагдсан үед ашиглах болон  орон сууцны хорооллуудын бэлтгэл зэрэг чиглэлүүдээр төлөвлөгөө гаргаад, ажилласан. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө  оруулалтаас хөрөнгө  гаргаж, өрхийн эмнэлгүүдийн шугам хоолойг шинэчиллээ.

Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын өвөлжил­тийн бэлтгэлийг хангуулсан. Хөдөө орон нутгийн буюу сумын төвийг халаах уурын зуухны хувьд Хонгор сумыг халаах “Эмт наран” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын зуухыг шинэчиллээ. Мөн Шарын гол сумын “Дулаан шарын гол” төрийн өмчит ХК, Орхон сумын “Орхон дэлгэрэх” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, Шарын голын уурхайтай энэ өвөл түлэх түлшний гэрээ байгуулах зэрэг ажил хийгдэж дуусаад байгаа. Тиймээс бичин жилийг өнтэй давах ажил бүрэн хангагдсан гэж болно.

-Дархан хотын хүн ам нэмэгдэж, хүрээгээ тэлэх хэрээр өвлийн улиралд агаарын бохирдлын асуудал яригдаж байгаа байх. Үүнийг яаж шийдэж байгаа вэ?

-Судалгаагаар улсын зөвшөөрөгдсөн хэмжээний дунджаас илүү их хорт утаатай байна гэсэн долоон аймгийн нэг нь Дархан-Уул. Тиймээс бид агаарын бохирдлыг бууруулах хүрээнд олон ажлыг шат дараатай хийж байгаа. Хийхээр төлөвлөж байгаа олон ажил бий. Тухайлбал, бид Агаарын бохирдлыг бууруулах сангийнхантай хамтраад энэ жил бүрэн шаталттай 500 зуух авч ирж тараахаар ажиллаж байна. Эхний ээлжинд өнгөрсөн тавдугаар сард 167 зуухыг тараасан. Одоо үлдсэн 333 зуухыг тараах бэлтгэл ажлыг хийж байгаа. Энэ удаад бүрэн шаталтад зуухыг олгохдоо үнийн дүнгийн 50 хувийг нь иргэдээс 50 хувийг Агаарын бохирлыг бууруулах сангаас шийдэж байна. Мэдээж иргэдийн худалдан авах чадвар нэлээд хүндрэлтэй байгаа.

Тиймээс үнийн 20 хувийг орон нутгаасаа шийдээд үлдсэн 30 хувийг нь иргэдээсээ авах замаар бүрэн шаталтад зуухтай болох ажлыг хөөцөлдөж байна. Манай аймгийн 15 дугаар багт хүн ам олноороо суурьшсан гэр хороолол агаарын урсгалын дээд талд байрладаг. Тиймээс тус багийн иргэдийн галлагааны зуухнаас гарч байгаа утааг бууруулахын тулд “НАКО түлш” ХХК-тай хамтран хагас коксжсон нүүрсийг тухайн багийн нутаг дэвсгэр дээр хямдралтай үнээр зарж, борлуулж байгаа. Энэ мэтээр зохион байгуулалтын ажил хийж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8000 хүн ам амьдарч байгаа 15 дугаар багийг төвлөрсөн дулаан хангамжид холбох үндсэн магистрал шугмыг сүүлийн гурван жил хийгээд, энэ жил улсын комисс хүлээж авлаа. Цаашид улс орны эдийн засаг сайжирч, орон нутгийн төсөв хөрөнгө оруулалт зэргийг зөв зүйтэй шийдэж,  багын айлуудыг нэгдсэн дулаан хангамжаар хангаж чадвал утааны асуудалд нэлээд ахиц гарна гэж харж байгаа.

-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ сүүлийн үед хот, хөдөөгүй асуудал болоод байгаа. Танай аймгийн хувьд хэр хүрэлцээтэй байгаа вэ. Энэ жил шинээр ашиглалтад орох хэчнээн сургууль, цэцэрлэг байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт төрөлт эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бид бодлого боловсруулж, 2012-2016 улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван цэцэрлэг барилаа. Мөн орон нутгийнхаа төсвөөр цэцэрлэгийн зориулалттай хэрнээ өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд байрлаж байгаа байрнуудыг чөлөөлсөн.

Улмаар засвар үйлчилгээг хийж, хоёр цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Түүнчлэн алслагдсан хороолол дээр байгаа буюу хүүхдийн нягтрал харьцангуй бага байгаа сургуулийн зарим анги, танхимыг цэцэрлэг болгох зэргээр сургуулийн өмнөх боловсролын хамрах хүрээг тэлж чадлаа. Энэ хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэлээд дэмжиж ажилласан. Тухайлбал, анх удаа төсөл сонгон шалгаруулалтаар газар аваад, яг цэцэрлэгийн стандартын дагуу баригдсан 150 хүүхдийн цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан.

Энэ бол томоохон дэвшил гэж харж байгаа. Миний бие Улаанбаатар хотод томилолтоор явж байх үедээ УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяртай уулзаж, манай орон нутагт байгаа нийгмийн даатгалын хуучин байрын асуудлыг ярилцсан. Учир нь тухайн байр нь цэцэрлэгийн зориулалттай байр байсан. Одоо Нийгмийн даатгал шинэ байртай болчихсон учир хуучин байрыг нь орон нутгийн төсөв рүү шилжүүлээд, зураг төсөв хийх хөрөнгө мөнгийг бэлтгэх,  цэцэрлэгийн засврын ажлыг БСШУСЯ-нд уламжилж хийлгэх зэрэг ажил амжуулаад явж байна.

Өнгөрсөн онд төсөвлөсөн 100 хүүхдийн цэцэрлэг энэ онд ашиглалтад орно. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд мөн л анхаарал татаж эхэллээ. Учир нь сүүлийн 10-аад жил шинээр сургууль бариагүй. “Оюуны ирээдүй”, “Од” цогцолбор гээд хотынхоо төвд байдаг томоохон сургуулийн ачаалал ихсэж байгаа. Тиймээс бид Дархан хотын 15 дугаар баг дээр газар олголтын ажлыг нь хийгээд, холбогдох яаманд нь уламжлаад шинэ сургууль барих ажил эхлүүлээд байгаа.

Ийнхүү нэг сургууль барьчихвал нэлээд ачаалал хөнгөрөх нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ хувийн хэвшлийн сургуулиудын үйл ажиллагааг нэлээн сайн дэмжиж өгсөн. Тиймээс ч аймгийн боловсролын салбарын ачааг хувийн хэвшлийнхэн нэлээд хэсгийг нуруун дээрээ үүрэлцдэг. Тухайлбал, сургалтын арга зүй сайтай 6-12  анги хүртэл элсэлт авч байгаа Турк, Япон, Хятад, Герман, “Монгол оюу” гээд хувийн өөр нэг томоохон сургууль байна. Эдгээр сургуулийн сургалтын чанар нь ч сайн байдаг.

Учир нь суралцагчид нь жил ирэх тусам улс, аймгийн олимпиадуудад амжилттай оролцож, хүүхдүүд нь их, дээд сургуульд элсэн орох босго оноогоо толгой өвдөхгүй авч байгаа. Энэ мэтээр аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн сургуулийн үйл ажиллагаа нэлээд өргөжиж, тэр хэрээр сайжирч байна.

-Аймгийн иргэн бүртэй холбоотой байдаг асуудал сургууль, цэцэрлэгээс гадна эмнэлэг  байдаг. Тэгвэл Дархан-Уул аймгийн иргэдэд  эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй байж чадаж байна уу?

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг 1972 онд байгуулагдсан. Тухайн үед  ТЭЗҮ-г нь боловсруулахдаа 42 мянган хүнтэй хотод зориулагдан хийсэн юм билээ. Харин өнөөдөр манай аймаг 100 гаруй мянган хүн амтай, явуулын буюу түр оршин сууж ажиллаж, амьдарч байгаа иргэд олон байна. Тиймээс мэдээж Монгол орон даяар байдаг эмнэлэг, эрүүл мэндийн салбарт тохиолдож байгаа зовлон, жаргал байгаа. Гэхдээ бид өнгөрсөн хугацаанд тулгамдаж байгаа асуудлаа үе шаттайгаар шийдэж ирсэн. Тухайлбал, түргэн тусламжийн авто машины парк шинэчлэл хийлээ. Мөн 2013-2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн оношлогооний багаж, аппараттай боллоо.

...Ер нь бид зөвхөн төсөв шүтээд байх биш. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хандив, тусламжийн хүрээнд олон асуудал шийдэж болдог юм байна. Тухайлбал, бид Австрали, Япон улстай хамтраад тус сумынхаа эмнэлгийг тун аятайхан болгож чадлаа. Саяхан 30 ор нэмсэн, салбар яамтайгаа хамтран хөдөөгийн түргэн тусламжийн авто машиныг нь шинэчилж өглөө. Тун удахгүй Австрали улсын тусламжтайгаар мэс заслын хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн орнуудыг авч ирэхээр ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлж өгөхөөр дулаан, цэвэр усны асуудлыг шийдсэн...

Ингэснээрээ иргэдийнхээ өвчнийг эрт оношлох нөхцөл бололцоо өмнөх жилүүдээс илүү хангагдаж чадлаа. Түүнээс гадна манай эмнэлэгт нэлээд тулгамдаад байсан асуудал нь шарил хадгалах хөргөгч болон байр байлаа. Иргэдээс энэ талын санал, гомдол их ирдэг байсан. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэж, энэ талын үйлчилгээг  шинэ  шатанд гаргах асуудлыг шийдвэрлэж чадсан. Мөн сумын эмнэлгийн чадавхыг сайжруулах тал дээр хүн ам хамгийн олноор суурьшиж байгаа Шарын гол суманд хүндрэлтэй байсан.

Тус сум маань 8000 гаруй хүн амтай, төвийн болон хойд бүсийг эрчим хүчээр хангадаг том уурхайтай. Уурхайгаа дагаад иргэд нь хортой нөхцөлд ажилладаг учир  эрүүл мэндийг нь хамгаалах, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх үүднээс үйл ажиллагааг нь нэлээн сайн дэмжиж өгсөн. Ер нь бид зөвхөн төсөв шүтээд байх биш. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, хандив, тусламжийн хүрээнд олон асуудал шийдэж болдог юм байна. Тухайлбал, бид Австрали, Япон улстай хамтраад тус сумынхаа эмнэлгийг тун аятайхан болгож чадлаа.

Саяхан 30 ор нэмсэн, салбар яамтайгаа хамтран хөдөөгийн түргэн тусламжийн авто машиныг нь шинэчилж өглөө. Тун удахгүй Австрали улсын тусламжтайгаар мэс заслын хамгийн сүүлийн үеийн стандартад нийцсэн орнуудыг авч ирэхээр ажиллаж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухтай орчинг бүрдүүлж өгөхөөр дулаан, цэвэр усны асуудлыг шийдсэн. Эрүүл мэндийн салбарт энэ мэт олон ажил амжуулж чадсан байна.

-Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийнхэн нэлээд үүрэг оролцоотой байдаг шүү дээ. Танай аймагт хувийн сайн эмнэлэг байна уу?

-Ер нь эдийн засаг хямралтай хэцүү байгаа энэ цаг үед эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн үйлчилгээний салбаруудад хувийн хэвшлийг дэмжих бодлого барих нь их дэмжлэг болдог юм байна. Дархан-Уул аймагт өнөөдөр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагаа маш сайн жигдэрч, боловсон хүчнүүдээ  сургаж авсан гэж ойлгож байгаа. Тиймээс ч иргэдийн эрүүл мэндийн манаанд сайн зогсож чадаж байна.

-Дарханыг аж үйлдвэрийн хот ч гэж ярьдаг. Аймгийн хэмжээнд үйлдвэржилтийн асуудал хэр байна вэ?

-1961 онд байгуулагдсан Дархан хотыг үе үеийн төр засаг ерөөсөө л аж үйлдвэрийн хот гэдгийг олж харсан байдаг. Хэдийгээр газар нутаг багатай боловч геологийн нөөц нь маш сайн судлагдаж чадсан газар. Өөрөөр хэлбэл, газар нутаг жижиг ч гэлээ газрын доорх баялаг нь их. Үүн дотроо барилгын материалын үйлдвэрлэлийн баялаг ихтэй гэж үздэг. Тиймээс ч Дархан хотыг өнөөдөр бурхантын хөндий хэмээх газар тухайн үеийн МАХН одоогийн МАН-ын бодлого шийдвэрээр газар газрын хүмүүс хуран цуглаж,  байгуулсан түүхтэй. Энэ хот бол Монголчуудын 20 дугаар зууны хамгийн том бүтээн байгуулалт нь юм. Ах дүү хотуудын тусламжтайгаар байгуулагдаж байсан гэдэг утгаараа найрамдлын хот гэж явдаг.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн нааштай үзүүлэлтийн үр дүнд жижиг, дунд үйлдвэрлэлүүд бий болон бойжиж чадсан. Гэхдээ хуучин ажиллаж байсан томоохон үйлдвэрүүд нь үйл ажиллагаагаа зогсоочихсон байгаа тал бий. Тухайлбал, Эрэл цементийн үйлдвэр сүүлийн хоёр жил үйл ажиллагаагаа явуулсангүй. Мөн Дархан хоттой бараг нас чацуу Селикатын үйлдвэр, Төмөрлөгийн үйлдвэр гээд зах зээлийн эрэлт хэрэгцээнээсээ шалтгаалаад, бараг ажиллаж чадахгүй байна.

Дархан хотын нэр хүнд болсон үйлдвэрүүд ийнхүү үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа ч гэсэн бид аж үйлдвэрийн хот гэдэг утгаараа сүүлийн үед томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд үйлдвэржилтийг өрнүүлж байгаа. Тухайлбал, Монгол лаазны үйлдвэр ашиглалтад орлоо. Экспортын зориулалтаар Япон улсын технологиор Монгол хонины ноосоор байшингийн дулаалга үйлдвэрлэж байна. Мөн төмөр болон бетон тулгуурын, шонгийн үйлдвэр, Хүнсний чиглэлээр Улаанбаатар гурилын үйлдвэрийн салбар,  мах боловсруулах Меат фүүдс  үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тогтмолжоод байна.

Бид орон нутгийн зүгээс барилгын материалын чиглэлээр байгаа түүхий эддээ тулгуурлан олон төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, газар олгох асуудлыг нь шийдэж өгсөн. Улмаар яг ажлын гараагаа эхлэх гэсэн боловч түр зуурын эдийн засгийн хямралаас болоод зогсчихсон байна. Гэхдээ Дарханы цаашдын хөгжил аж үйлдвэр л байх болно. Цаашдаа ч аймаг, орон нутаг бодлогоор дэмжих болно.   

-Сүүлийн үед газар тариалан хөгжихийн хэрээр мал аж ахуйтайгаа зөрчилдөх асуудал газар аваад байгаа. Газар тариалангийн бүс нутгийн хувьд Дарханчууд энэ асуудлаа  зохицуулахад бэрхшээл гарч байна уу?

-Дархан, Сэлэнгэ бол  газар тариалангийн бүс нутаг. Дархан-Уул аймгийн хөдөөгийн гурван сум нэлээд онцлогтой. Тодруулбал, Шарын гол цэвэр уурхайчдын сум юм. Тэнд 3-4 үеийн уурхайчид ажиллаж байна. Дархан, Эрдэнэтийн дулааны станцыг болон иргэдийн хэрэгцээний нүүрсийг бэлтгэдэг Монголын ил уурхай юм.

Хонгор сумын нутаг үндсэндээ манай аймгийн үр тарианы гол бааз суурь байдаг. Харин Орхон сум төмс хүнсний ногоо тариалдаг. Тус сум дангаараа Монгол Улсын төмс хүнсний ногооны 20 орчим хувийг үйлдвэрлэж байдаг онцлогтой. Хонгор сумын газар нутгийн эрчимжсэн мал аж ахуйн болон газар тариалангийн бүс байна гэдгийг Засгийн газраас тогтоогоод өгчихсөн. Тиймээс бид мал аж ахуйн тодорхой хувийг фермын аж ахуй руу шилжүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

Гэхдээ мэдээж Монгол хүмүүс уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хамтад нь хөгжүүлэх бодлого барьж байгаа. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 15-ны үеэр ах, дүүгийн харилцаатай БНСУ-д Дархан-Уул аймгийн 15 жижиг, дунд фермийг яг төвшинийх нь фермүүдтэй нь уулзуулж, туршлага судлуулах хүсэлтээ уламжилчихсан байгаа. Түүнчлэн Орхон сумандаа тариа ногооны чиглэлээр гантай жил ургац алдахгүй байх үүднээс усалгааны системийг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Яг тариалангийн үеэр бид уламжлалт мал аж ахуйгаа нутгийнхаа хойд хэсэг рүү шахах байдлаар зохицуулалтыг хийдэг. Тиймээс манай аймгийн хувьд малчид, тариаланчид зөрчилдөөд асуудал хурцдаад байдаггүй. Яахав,  зарим нэг хүний хариуцлагагүй байдлаас болоод ганц хоёр удаагийн жижиг маргаан гардаг л байх.

-Ойрын хугацаанд хөдөлгөх томоохон төсөл хөтөлбөр байна уу. Саяхан төмс,  хүнсний ногоо боловсруулах үйлдвэр барих асуудал яригдаж байсан?

-Үйлдвэр технологийн паркаас гадна ойрын хугацаанд шийдэгдэхээр хүлээгдэж байгаа томоохон асуудал гэвэл төмс хүнсний ногоо боловсруулах үйлдвэр юм. Манай Хонгор сумынхан Монгол Улсын төмс хүнсний ногооны 20 гаруй хувийг бэлтгэн нийлүүлдэг гэдгийг би дээр хэлсэн.

Тэгвэл Ерөнхий сайд сая Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллахдаа олон жил хүлээгдсэн асуудалд хариу өгсөн. Өөрөөр хэлбэл, манай аймгийн хойд бүсийн ногоочдын том асуудал болох төмс,  хүнсний ногоог орчин үеийн технологи бүхий боловсруулах үйлдвэр барих асуудлаа танилцуулсан. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон жил яригдаж байгаа уг асуудлыг орон нутаг, салбар яамтай нь хамтраад  нэг тийш нь шийдвэрлэхээр ярьсан. Тиймээс  төмс,  хүнсний ногоогоо ногоочид маань зориулалтын дагуу хадгалж, боловсруулах бүрэн боломж бий болно.

-Та өнөөдөр Улаанбаатар хотод ямар ажил амжуулаад явж байна вэ. Дөнгөж сая цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдэх уулзалтыг хийсэн гэлээ?

-Томилолтоороо олон ажил амжуулах төлөвлөгөөтэй л явна. Сая хийсэн уулзалтын тухайд 2014 оноос эхлээд Дархан-Уул аймгийн Дархан хотын цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг хийхээр Барилга хот байгуулалтын яам, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, “Дархан ус суваг” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд цэвэрлэх байгууламжийн насоссууд болоод цэвэр усны шугмын засвар, шинэчлэл гээд хоёр томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ ажил 2015 онд УИХ-аар орж батлагдчихсан асуудал юм.

...Өнгөрсөн 2012-2016 онд бид Дархан хот 300 мянган хүн ажиллаж, амьдрахад хотын захиргааны зүгээс үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээг хангахад нэлээд сайн анхаарлаа хандуулан ажилласан. Тухайлбал, Дархан хотыг төлөвлөлтийн дагуу 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг төлөвлөж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, батлуулсан...

Тиймээс энэ ажлыг хэрэгжүүлэх, тендерийг зарлах, ажлын үйл явцыг танилцуулах зөвлөхийн баг, төслийн баг, орон нутгийн ашиглагч байгууллага, санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкны хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар төслийн ажлын явцтай танилцаж, талууд ойлголтоо нэгтгэж авлаа. Бид цэвэрлэх байгууламжаа шинэчилж чадвал орон нутгийн өмчит “Дархан ус суваг” хэмээх хотын цэвэр усны хангамж, бохирыг татан зайлуулдаг байгууллагын техник технологи шинэчлэгдэж, найдвартай ажиллахын зэрэгцээ, эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөл бололцоог нь хангана. Энэ ажил үндсэндээ 2019 оны есдүгээр сард дуусах төлөвлөгөөтэй явж байгаа.

Мөн “Койка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллахаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, сайн засаглалын хүрээнд 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам, “Койка”-тай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа төсөл хөтөлбөрүүдэд аймгийн хэмжээнийхээ санал хүсэлтээ дуулгах ажил хэргийн уулзалт хийнэ. Энэ мэт ажил амжуулна даа.

-Дархан-Уул аймаг бие даасан чадвартай хот болж хөгжихийн тулд юу хийх шаардлагатай юм бэ. Хотын ойрын болоод ирээдүйн ерөнхий төлөвлөгөө юу байна?

-Дархан хотынхоо ерөнхий төлөвлөгөөг бид “Арт констракшн”  ХХК-тай хамтраад хийж байна. Тиймээс ойрын хугацаанд хотынхоо цаашдын төлөвлөлтийн томоохон асуудлыг шийдэж байна гэсэн үг. Энэ ажил жаахан удаашралтай байлаа. Гэхдээ одоо захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагууд нэгдсэн ойлголтод хүрээд овоо ахицтай явж байна. Ер нь Дархан-Уул аймаг эдийн засгийн хувьд бие даасан чадвартай хот болон хөгжихөд хүн амаа нэмэгдүүлэх шаардлагатай юм байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэрэглээгээ өсгөх шаардлага байна. Хэрвээ хэрэглээгээ өсгөж чадвал үүнийгээ дагаад эдийн засаг томорч байх учиртай. Хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хүн амын тоогоо өсгөх шаардлагатай болоод байгаа юм.

Өнгөрсөн 2012-2016 онд бид Дархан хот 300 мянган хүн ажиллаж, амьдрахад хотын захиргааны зүгээс үзүүлэх нийгмийн суурь үйлчилгээг хангахад нэлээд сайн анхаарлаа хандуулан ажилласан. Тухайлбал, Дархан хотыг төлөвлөлтийн дагуу 10800 айлын нийтийн эзэмшлийн орон сууцыг төлөвлөж, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар оруулж, батлуулсан. Энэхүү батлуулсан төлөвлөгөөнд үндэслээд, инженерийн шугам хоолой, суваг, зам, гэрэл, гэрэлтүүлэг, цахилгаан, дулааны зураглал тооцоог хийсэн.

Уг тооцоогоо улсын төсвийн болон орон нутгийн хөрөнгө оруулалт хөгжлийн сангийн мөнгөөр хийж, гүйцэтгэсэн. Түүнчлэн шинээр төлөвлөсөн  Төмөрлөгийн үйлдвэрийн 130 айлын амины орон сууц, 3, 24, 25 дугаар хороолол гээд томоохон хорооллууд дээрээ баригдах нийтийн эзэмшлийн орон сууцнуудын цахилгаан, дулаан хангамжийн газар доогуур хийгдэх байгууламжуудийг хийж, гүйцээлээ. 300 мянган хүн ажиллаж, амьдрах хотод зам гүүрийн асуудал мэдээж чухал.

Тиймээс бид 1987 онд ЗХУ-ын эрдэмтэдийн дахин төлөвлөлтөөр тодотгол хийсэн зураглалын дагуу хуучин болон шинэ дарханыг холбосон найман км нэгдүгээр зэрэглэлийн хоёр урсгалтай авто замын ажлын зураг төслийг хийлгэсэн. Улмаар орон нутгийн хөгжлийн сангийн болон замын сангийн хөрөнгөөр эхний 2.48 км замыг барьж ашиглалтад оруулсан. Энэ мэтээр хүн амаа нэмэх таатай орчинг бүрдүүлснээр бид бүр олуулаа болж чадаж гэмээнэ Дархан хот тэр хэрээр хөгжих болно гэсэн бодлоготойгоор л үйл ажиллагаагаа явуулж байгаа.

-Дархан хотыг ирээдүйн том хот болгон хөгжүүлэхийг зориод явж байгаа хүний хувьд, орон нутаг бие даан хөгжихөд төрөөс үзүүлэх шаардлагатай хамгийн том дэмжлэг юу байна вэ?

-Нэгэнт хөгжил шат шатандаа урагшилж байгаа энэ цаг үед орон нутгийн удирдлагуудад буюу иргэдийн хурал, Засаг дарга, салбар салбарын дарга нар хөгжлийг орон нутагтаа авч ирэхээр дор бүрнээ л хичээн зүтгэж байгаа. Бусад аймаг хотуудыг бодвол Дархан хотын хувьд давуу талууд олон бий. Тиймээс гадна, дотны хөрөнгө оруулагчид болоод бусад улсын хотуудтай илүү нягт ажиллах сонирхолтой байдаг.

Гэтэл орон нутгийн удирдлагуудад тэдгээр хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах эрх зүйн орчин байхгүй байна. Тиймээс энэ тал дээр орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж өгөх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн орон нутагт бүтээх гээд зарим тохиолдолд бүтээчихээд байгаа төсөл, хөтөлбөрүүдэд төр засгийн зүгээс болоод салбар яам, агентлагууд нь дэмжиж баталгаа гаргаж өгөөд дэмжээд өгдөг бол хийж бүтээх ажил мөн их байна даа.

Манай аймгийн хувьд бага зэргийн түлхэц хэрэгтэй байгаа олон асуудал бий. Тиймээс орон нутгийн удирдлага санал, санаачилгуудыг төр засгийн зүгээс сайтар дэмжиж өгдөг байх л хэрэгтэй байна. Ингэж чадвал орон нутаг зөвхөн төсөв шүтээд байх асуудал ард хоцрох болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.