Т.Батцогт: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд зуслангийн 0,7 га газар авахын тулд маш их ажил болдог

Т.Батцогт: Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд зуслангийн 0,7 га газар авахын тулд маш их ажил болдог

Ардчилсан намын Дэд дарга П.Галиндэв, Ш.Түвдэндорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Б.Ган-Очир, Т.Батцогт, Ц.Одонтунгалаг нар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын санаачилсан “Хөрөнгө оруулалтын тухай хууль” Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа талаар мэдээлэл хийлээ

Ардчилсан намын Дэд дарга Пүрэвдоржийн ГАЛИНДЭВ: Өнөөдөр нийгэм даяараа гаднын хөрөнгө оруулагчийн асуудалд анхаарлаа хандуулж байна. Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын гэх хууль 2023 оны 06-р сард УИХ-д өргөн баригдсан. Энэ хууль гадаад иргэдийг Монгол Улсад суурьшуулах зорилго бүхий хууль юм. УИХ-д анх өргөн баригдах үед Үндсэн хуулийг зөрчиж байгаа талаар мэдэгдэж Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Гэтэл дахин УИХ-аар батлуулахаар орж ирлээ.

Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, монгол хүн бүрийн эрх ашгийг зөрчсөн хууль болж байна. Гэтэл дахин хэлэлцэгдэх гэж байна. Өмнөх хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын аж ахуй нэгж зуун мянган доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт хийж байж хөрөнгө оруулагч болох тухай заасан байдаг. Харин Хүрэлбаатарын энэ хуулийн төсөлд зуун мянган доллар гэдэг босгыг авч хаясан өөрөөр хэлбэл зуун төгрөг байхад л гаднын хөрөнгө оруулагч статустай болох боломж бүрдэж байна.

Ингэснээр Монгол Улсын иргэнд байхгүй маш олон давуу талыг гадаад иргэд эдэлж эхэлнэ. Монгол Улсын иргэд улсдаа газар эзэмшиж ашиглаж чадахгүй байна. Гэвч уг хуулиар гадаад улсын хөрөнгө оруулагч нь дуртай аймгийнхаа дуртай сумандаа байнга хараат бусаар оршин суух эрхийг өгөх гэж байна.

Улс төрийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Ganochir Buyanaa: Гаднын хөрөнгө оруулалтаа татъя гэвэл гаднын хөрөнгө оруулагчдадаа зориулж мэргэшсэн шүүх тогтолцоо гаргая, эрхийг нь харилцан хамгаалъя гэсэн хууль байх ёстой. Яг өнөөдрийн энэ хуулиар гаднын хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа орж ирэх боломжгүй. Эсрэгээрээ энэ хууль хулгайн хууль болж байна. Татварын бус хөрөнгө оруулалт урамшуулал гэдэг дээр нь газар өгнө гээд заачихсан. Газраа урамшуулалд өгчихдөг нэг ч гаднын улс орон байхгүй ээ. Газар өгөөд хөрөнгө оруулалт авчирдаг биш хууль эрх зүйн таатай орчноор татдаг байх ёстой.

Гэтэл гаднын хөрөнгө оруулалт манай шат шатны авлигаас л айгаад ирэхгүй байгаа юм. Дээрээс нь нэмээд хөрөнгийг нь булаадаг. 2013 онд Ардчилсан нам Оюутолгой шиг дараагийн төслүүдийг эхлүүлж байсан. Гадаадын иргэн харьяатынхаа хуулиар, Газрын тухай хуулиар, хөрөнгө оруулагч бол хөрөнгө оруулагч монгол, гадаад гэхгүйгээр харин аль аль талдаа ашигтай байдлыг бий болгох хэрэгтэй.

Ардчилсан нам засаглаж байх үед 100 жилээр 5 толгойн ордыг Хятадын компанид өгөхийг цуцлаагүй байсан бол бидэнд өнөөдөр ирж байгаа шиг Тавантолгойн ашиг, орлого ирэхгүй байх байсан. Энэ ордын орлогоор бидний цалин тэтгэмж, бүгдийг хийж байна. Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлыг илтэд зөрчиж байгаа хууль болж байна. Геополитикийн нөхцөл байдал хүнд байна. Манай Улсын гадаад өр 33.8 тэрбум долларт хүрлээ. Энэ бүх өрөндөө ашигт малтмалын ордууд, дархан цаазат газрууд, дараа нь бэлчээрээ өгч дусах уу. Тийм ч учраас энэ хуульд ухаалаг хандах хэрэгтэй.

Улс төрийн зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Ардчилсан намын дарга Түмэндэлгэрийн Батцогт Tumendelger Battsogt: Ч.Хүрэлбаатар гэдэг хүн яагаад Монгол Улсын газар нутгийг гаднынханд бэлэг болгож өгөх гээд байгаа юм бэ. Энэ бол хөрөнгө оруулалт гэдэг хуулийн нэр томьёог халхавч болгож байна. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд зуслангийн 0,7 га газар авахын тулд маш их ажил болдог.

Өнөөдөр Засгийн газар иргэдэд зуслангийн газрыг нь өмчлөх харилцааг бүгдийг нь зогсоосон байгаа. Гэтэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монголчуудын өөрсдөө эзэмшиж, ашиглаж чадаагүй байгаа газрыг маш таатай нөхцөлтэйгөөр эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал энд хөндөгдөж байна. Гаднын иргэн Монгол Улсад 1 сая төгрөгийн компани байгуулаад 25%-ийн хөрөнгө оруулалт хийхэд л энэ хуулиар хөрөнгө орлуулагч болж байгаа юм.

Энэ асуудлыг бид хөндөж байна. Хэний захиалгаар, ямар учир шалтгаантайгаар энэ хуулийг санаачлан оруулж ирж дахин дахин УИХ-аар батлуулах гэж улайран зүтгэж байна. Ардчилсан намын хувьд үүн дээр хатуу байр суурьтай байна.

Улс төрийн зөвлөлийн гишүүн: Odontungalag Tsogtoo: Хөрөнгө оруулалтын тухай хууль бол гаднынхныг суурьшуулах хууль болсон байна. Монгол Улсын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдалд ноцтойгоор халдах эрсдэл бий болж байна. Ямар хэмжээний хөрөнгө оруулж ирэх нь тодорхой заагдаж байж хөрөнгө оруулагч байх ёстой. Хувьцаа эзэмшигч гэдэг нэр аваад л Монгол Улсын оршигч суугч болох хууль бий болж байна. Монгол Улсын газраар урамшуулал олгоно гэдэг бол хууль бус үйлдэл.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ