Б.Батцэцэг: “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for he” санаачилгыг дэвшүүллээ

Б.Батцэцэг: “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for he” санаачилгыг дэвшүүллээ

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ Женев хотноо зохион байгуулагдсан бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцов. 

Тус арга хэмжээний талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс тодрууллаа.

-Швейцарын Женев хотноо болсон “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээнд Та оролцоод ирлээ. Энэхүү арга хэмжээний ач холбогдол, агуулгын талаар товч мэдээлэл өгнө үү?

– Энэ онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын анхны тулгуур баримт бичиг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ой тохиож байна. 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр буюу одоогоос 75 жилийн өмнө уг баримт бичиг батлагдан гарснаар хүний эрхийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх үндэс суурь болсон юм.

Дэлхий дахинаа жил бүрийн энэ өдрийг нэгдмэл уриан дор тэмдэглэж ирсэн. Түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд Женев хотноо 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ нь ихээхэн онцлог байлаа.

Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхий нийтээр өнгөрсөн цаг хугацаанд хүрсэн ололт амжилт, алдаа оноогоо цэгнэн, улмаар Түгээмэл тунхаглалд дэвшүүлсэн хүн бүр эрх чөлөөтэй, эрх тэгш байх, шударга ёсыг тэгш хүртэх баталгааг хангах үүрэг амлалтаа сэргээн санаж, ирэх 25 жилд хүний эрхийг түгээмлээр хангах хүч чармайлтаа эрчимжүүлэх, энэ хүрээнд бүх түншлэгч талууд үүрэг амлалтаа хамтран тодорхойлоход чиглэсэн.

Дэлхийн 130 гаруй улсын төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд, бусад өндөр түвшний зочид хуран цугласан энэхүү дээд, өндөр түвшний арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

-Монгол Улсын зүгээс уг дээд, өндөр түвшний арга хэмжээнд ямар үүрэг оролцоотой байсан бэ?

Монгол Улс гадаад бодлогодоо тэргүүлэх ач холбогдол өгдөг үндсэн чиглэл бол хүний эрх, эрх чөлөөний баталгааг бэхжүүлэх явдал. Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах мөн олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байж ирсэн. Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд өргөн хүрээтэй бодлогын болон хууль, эрх зүйн шинэчлэлийн алхмыг авч хэрэгжүүлж байна. Бид мөн бүс нутгийн болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд ч идэвхтэй ажиллахыг эрмэлзэж байна.

Тус дээд, өндөр түвшний түвшний арга хэмжээний эхний өдөр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч байгаа сайн дурын үүрэг амлалтаа танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас жендэрийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлж, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр (II)-ийг баталж, хэрэгжүүлэх болон НҮБ-ын Хүний эрхийн бүс нутгийн сургалт, судалгааны төвийг Монгол Улсад байгуулах үүрэг амлалт авч байгааг танилцууллаа.

-“Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга их өвөрмөц, сонирхолтой сонсогдож байна. Ер нь охид, эмэгтэйчүүдэд чиглэсэн санаачилга их байдаг шүү дээ. Та энэ санаачилгынхаа талаар дэлгэрүүлж тайлбарлана уу?

-Та маш зөв хэллээ. Манай улсад жендэрийн эрх тэгш байдал гэхээр зөвхөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, тэдэнд чиглэсэн бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой мэтээр ойлгодог. Жендэрийн эрх тэгш байдал гэдэг нь тухайн нийгэмд тодорхой үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн, боломж, нөөц урамшууллыг эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эдлэх эрхтэйг илэрхийлдэг. “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга дэвшүүлснээр охид, эмэгтэйчүүдийн асуудлыг хойш тавьж байна гэж ойлгож болохгүй.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд чиглэсэн бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх, тэдний цогц хөгжил, боловсрол, сэтгэцийн эрүүл мэнд, нийгэмд гүйцэтгэх үүргийг дэмжих бодлоготой байх нь нэгэн адил чухал байна.

Монгол Улсын нийт хүн амын 49,3 хувийг эзэлж байна. Тэдний эрх, ашгийг хамгаалах, тэдгээрийн төлөвшил, хүмүүжил, эрүүл мэнд, боловсрол зэрэгт анхаарах цаг үе ирснийг хэд хэдэн статитистик мэдээлэл харуулж байгаа юм. Тухайлбал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2022 оны байдлаар 9.4 жил байгаа бөгөөд статистикаас харахад амиа хорлолтын 85 хувийг эрэгтэйчүүд эзэлж байх жишээтэй.

Мөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт, боловсрол, ажилгүйдлийн түвшин зэрэг нь эмэгтэйчүүдийнхээс доогуур байгаа нь эргээд амиа хорлох, гэмт хэрэг үйлдэхэд, нийгэмд сөрөг нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, тэдэнд чиглэсэн цогц бодлого дутмаг байгаа нь харагдаж байгаа бөгөөд эрэгтэйчүүд өөрийн амиараа үүнийг илэрхийсээр байна.

Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлого нь нөгөө талаас охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангасан, тэдгээрийн байр суурь, үзэл бодол, аюулгүй байдал, суурь эрхийг нь хүндэлсэн, жендэрийн тэгш, тэнцвэртэй нийгмийг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Дэлхийн банкнаас 2020 онд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох чанарын судалгаа хийсэн байдаг. Судалгаагаар манай улс дахь “маскулин хэв шинж” буюу “эр хүн шиг байх ёстой” гэсэн нийгмийн хэвшмэл ойлголт, уламжлалт сэтгэлгээнээс дээрх эрсдэлт үр дагаврууд гарч байна гэж мөн тодорхойлсон байдаг.

-Уг санал санаачилгыг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? 

Бид хүний эрхийг хангах, хамгаалах гэж цогцоор нь ярихаас илүүтэйгээр хамгийн ихээр тулгамдаж буй нэг сэдвийг сонгоод тодорхой үр дүнд хүрэх нь зүйтэй гэж үзэн энэхүү санаачилгыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулганыг 2022 оны 3 дугаар сарын 14-нд зохион байгуулж, чуулганы мөрөөр холбогдох зөвлөмжийг гаргасан байдаг. Манай холбогдох төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлээд явж байна.

Энэхүү санаачилгыг олон нийтэд сурталчлан таниуцлах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа нэн чухал. Эрэгтэйчүүдэд чиглэсэн цогц бодлогын асуудал нь зөвхөн хэдхэн байгууллагын хүрээнд шийдвэрлэх асуудал биш тул бүх салбарын байгууллага, олон нийтийн оролцоотойгоор анхаарал хандуулж, арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал байна.

Эхний ээлжинд зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, жендэрийн эрх тэгш байдлын тухай ойлголтыг бүх насныханд ойлгомжтойгоор тайлбарлан таниулах, нийгэмд чиглэсэн салбар дундын нөлөөллийн аян, арга хэмжээг зохион байгуулахаар зорьж байна. Энэ хүрээнд бид мөн олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, тэдгээрийн зөвлөмж, дэмжлэг авахыг эрэлхийлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ