Д.Тогтохсүрэн: УИХ-ын сонгуулийн долоон тойрог байгуулахаар төлөвлөж байгаа

Д.Тогтохсүрэн: УИХ-ын сонгуулийн долоон тойрог байгуулахаар төлөвлөж байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Бүлгийн хурлаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт мөн хэлэлцээд улс төрийн намуудтай зөвшилцөх үүргийг намын даргад өгсөн. Үүний дагуу улс төрийн намууд тодорхой хүрээнд зөвшилцсөн. Зарим намын удирдах байгууллага нь хуралдаж шийдвэр гаргасан. Тодруулбал, АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. МАН-ын Удирдах зөвлөл өнөө өглөө хуралдсан. Сая бүлгээс 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй гэж үзсэн. Хэдэн мандаттай байх вэ гэдгийг улс төрийн намууд өнөөдрөөс уулзаж, зөвшилцөнө. Амжвал энэ долоо хоногтоо багтаагаад намуудтайгаа зөвшилцөөд нэг талдаа гарна. Дараа нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлнэ гэдэг байр суурьтай байна" гэлээ. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх мэдээллийг өгснийхөө дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Парламентад суудалгүй намуудтай зөвшилцөх үү?

-Манай намаас парламентад суудалгүй намуудтай уулзаж зөвшилцөж байгаа. Дэмжиж байгаа намууд бий. Дэмжихгүй байгаа нам ч бий.

-Бүсчилсэн тойргоор сонгууль явуулахаар санал гээгдэнэ гэдэг шиг аймаг гээгдэнэ гэх яриа гарах боллоо. Тухайлбал, баруун аймгуудыг нэгтгээд нэг тойрог болгоход аль нэг аймаг нь төлөөлөлгүй үлдвэл яах вэ?

-Ингэж ярьж байгаа гишүүд бий. Аймгийн төлөөлөл бус бүс нутгийн төлөөллөөс УИХ бүрдэнэ. Цаашид аймгийн төлөөлөл гэж яригдахгүй. Гэхдээ аймгууд төлөөллөө оруулахыг хүсэх л байх. Энэ бол сонголтын л асуудал.  

-Хэдэн аймаг нэгдэж, нэг тойрог болно гэсэн үг вэ?  

-Тойрог ,мандатыг өнөө маргаашдаа улс төрийн намууд ярилцаад Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулна. Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн, говийн бүс гэсэн таван бүстэй. Яг энэ бүсээр тойрог байгуулна гэхээр арай том. Зарим бүс 400-500 мянган сонгогчтой болчихоод байгаа юм. Тиймээс энэ бүсүүдийн зармыг дотор нь хоёр хуваана. Үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох болов уу гэж төсөөлж байгаа. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргааны нэгж зэргийг халгалзан тойрог байгуулна. Хоёр өдөр зөвшилцөөд төслөө бэлэн болговол ирэх лхагва гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. 

-Бүсчилсан тойргоор шинэ нэр дэвшигч танигдах боломж хомс. Тиймээс хуучин хүмүүс нь дахин УИХ-д сонгогдох магадлал өндөр гэдэг асуудал яригдаж байна. Энэ талаар юу хэлэх вэ?

-Томсгосон тойргийн тухайд давуу тал, сул тал гээд яривал их олон зүйл бий. Хамгийн том эрх ашиг бол улс орныхоо эрх ашгийг бодъё. Аль нам ялах вэ гэдээс илүүтэй улс оронд хэрэгтэй сонгуулийн системийг авъя гэдэг үүднээс манай нам бүсчилсэн том тойрог нь зөв юм аа гэж үзэн, шийдвэрээ гаргаж байгаа юм. Шинэ нэр дэвшигчид халтай гээд ярьж байгаа. Гэхдээ өнөөдөр интернэт онлайн хүрээнд ямар ч сурталчилгаа хийх эрх бүрэн байгаа учраас заавал сонгуулийн сурталчилгааны хугацаанд сонгогчидтойгоо ямар нэг хэлбэрээр харилцах эрх бүрэн байгаа гэж үзэж байгаа.

-Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгоё гэж ярьсан тухай мэдээлэл бий. Үүнийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа юу?

-Манай нам тэгж ярьж байгаа. Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болговол яасан юм бэ. Нэгдүгээрт, үндэстний цөөнх. Хоёрдугаарт, олон улсын нийтлэг зарчим ямар байдаг вэ гэвэл үндэстний цөөнхийн төлөөллийн зарчмыг заавал парламентад оруулах ёстой байдаг. Энэ зарчмын дагуу тэгж ярьж байгаа. Бусад намуудтайгаа ярилцахаар ямар болохыг мэдэхгүй байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ