Хөдөөгийн сэргэлтийг түүчээлэх “Нээлттэй Сэлэнгэ”

Хөдөөгийн сэргэлтийг түүчээлэх “Нээлттэй Сэлэнгэ”

Би  2002 онд  Канад улсаас  ирсэн. Арванхоёр жил Улаанбаатар хотод амьдарсан.  2014 онд Сэлэнгэ аймаг рүү нүүсэн. Тэнд нүүж очоод хуучин бэлчээрийн газар худалдаж авч  мод үржүүлэх, газар хамгаалах талаар  сургалтын  төв ажиллуулж байна. Канад, АНУ, Оросоос  жимсний мод авч алим, чавга, интоор  зэрэг жимс тарьж байгаа. Анх Сэлэнгэ аймагт ирэхэд надад их гоё газар санагдсан.  Одоо манай гэр бүл амгалан, тайван амьдарч байна. Бас олон найзтай болсон. Канад руу буцаж нүүх төвлөгөө байхгүй гэж ярих нэгэн бол  Берг Роберт. Тэрбээр  Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд шилжин суурьшигч бөгөөд   “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээнд хүрэлцэн ирсэн байв.  Уг арга хэмжээг  Засгийн газраас хэрэгжүүлж буй  “Шинэ сэргэлт”-ийн хүрээнд зохион байгуулж шийдэл санааг эрэлхийлсэн жишиг уулзалт болж чадсан юм. 

 

СЭЛЭНГЭЧҮҮД  64 ДЭХ ЖИЛДЭЭ УРГАЦАА  ХУРААЖ БАЙНА

 

Энэ үеэр “Сэлэнгийн ирээдүй-Ногоон хөгжлийн бодлого” илтгэлийг  Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч  Ж.Сайнцог танилцуулсан юм.  Тэрбээр илтгэлдээ “Манай аймаг  атар газар эзэмшсэнээс хойш  64 дэх жилдээ ургацаа амжилттай хурааж байна.  Аж үйлдвэрийн хувьд манай аймаг улсын хэмжээнд цементийн 25 хувь, шохойн 89.9 хувь, спиртийн  37.2 хувийг  үйлвэрлэж байна. Мөн улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар  309.3 тэрбум төгрөг,  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар  81.7 тэрбум төгрөг,   орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар  16.6 тэрбум төгрөг,  замын сангийн хөрөнгө оруулалтаар  6.1 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна.  Хөрөнгө оруулалтын  чиглэлд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Монгол Алт”  ХК –ийн  11.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартад нийцсэн дөрвөн давхар  960 хүүхдийн сургуулийг барьсан. Мөн  төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд   6.2 тэрбум төгрөгөөр төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөр, хүүгүй  найман жилийн хугацаатай  120 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

Аймгийн төв, төрийн үйлчилгээний нэгдсэн барилга, Сайхан сумын  “Залуучууд хөгжлийн ордон”-ы барилга, Сүхбаатар сумын  “Хүүхэд хамгаалал хөгжлийн төв”- ийн барилга,  Мандал сумын бохир усны  шугам сүлжээ өргөтгөх ажил, Алтанбулаг сумын хилийн боомтын ажлыг хийж байна. Мөн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга, аймгийн  нэгдсэн эмнэлгийн  барилга доторх сантехникийн засвар, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 200 ортой хүүхдийн цэцэрлэгийн  барилгын ажил явагдаж байна. Түүнчлэн Дархан Сэлэнгийн авто замаас  Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн боомт чиглэлийн   120.8 километр хатуу хучилттай авто замын ажлыг дуусгасан” гэлээ.

 

ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТЭЭР ЗУРГАДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

 

Мөн   “Сэлэнгэ аймгийн өрсөлдөх чадвар, давуу талууд” илтгэлийг  Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын  судалгааны төвийн дарга  Б.Лакшми  танилцуулсан юм.  Тус судалгааны төв нь  2010 онд байгуулагдсан бөгөөд аймгуудын өрсөлдөх чадварын тайланг 2012 оноос хийж эхэлсэн байна. Тэрбээр илтгэлдээ “2012 оноос хийж байгаа судалгаанаас аваад үзэхэд  Сэлэнгэ аймаг Монгол Улсын топ 10 аймгийн тоонд орсон хэвээр байсан.  Сүүлийн  хоёр жилийн тайлангаас харахад  эдийн засгийн тамир тэнхээгээр 30 оноо буурсан  үзүүлэлт гарсан бол засаглалын үр ашгийн үзүүлэлт нь сайжирсан байна. Мөн өрсөлдөх чадварын төлөв эрэмбээр харвал 21 аймагтай харьцуулахад эдийн засаг нь зургадугаарт эрэмбэлэгдсэн, эдийн засгийн салбарууд нь гуравдугаарт, хүн амын амжиргааны түвшин наймдугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин хөдөлмөр  эрхлэлт доогуур буюу 20 дугаарт эрэмбэлэгдсэн. Мөн нийгмийн тогтолцоо менежментийн хэвшил буурсан  буюу 12 дугаарт  эрэмбэлэгдсэн байна. 

Харин Сэлэнгэ аймгийг эдийн засгийн тамир тэнхээгээр аваад үзвэл хөдөлмөр эрхлэлт дээр сул тал ажиглагдаж байна. Үүн дээр ажилгүйдэлийн түвшин, ажиллах хүчний оролцоо сул  буюу хойгуур эрэмбэлэгдсэн. Харин давуу тал нь эдийн засгийн багтаамж нь сайн гэж гарсан. Ялангуяа газар тариалангийн салбарын үйлдвэрлэл нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт давуу талтай гэж гарч ирсэн.  Засаглалын үзүүлэлтүүдийг авч үзэхэд сул тал нь  бизнесийн эрх зүй, ялангуяа тендерийн асуудал гарсан. Харин нийгмийн тогтолцоо бүлгээр авч үзвэл шилжих хөдөлгөөн, гэмт хэрэг жендэрийн   тэгш бус байдал гэсэн  гурван үзүүлэлт сул байна. Харин давуу тал нь  хүнд суртал, авилгал буурсан гэсэн  үзүүлэлт гарсан. Бизнесийн орчны хувьд  сул тал нь  зах зээлийн багтаамж, төр хувийн түншлэлийг цааш нь хөгжүүлэх шаардлагатай  байна.  Харин давуу тал нь  бизнес эрхлэлийн хувьд хувийн хэвшлийн тоо хөдөлмөрийн бүтээмж гэсэн үзүүлэлт гарсан” гэлээ.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ ДЭД БҮТЭЦ

 

Дараагийн сонирхолтой илтгэлийг “Шинэ сэргэлтийн бодлогын  Хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн танилцуулсан юм. Тэрбээр “Хөгжлийн хурдасгуур Сэлэнгэ аймагт”  илтгэлдээ “Сэлэнгэ  аймаг  Монгол Улсын дунд хугацааны   хөгжлийн баримт бичигт  гол үүрэг оролцоотой байдаг.   Хөгжлийг хурдасгах гол хүчин зүйлийн нэгдүгээрт  дэд бүтэц орно.  Мөн ногоо, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжийг гаргаж ирэх ёстой. Боомтын сэргэлтийн хүрээнд хийгдсэн ажлууд хэрэгжсэнээр  боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Экспорт 2030  он гэхэд 29 тэрбум  доллар хүрнэ гэсэн тооцоолол гаргасан. Боомтын сэргэлт хийснээр  зөвхөн бараа бүтээгдэхүүн  боомтоор  гарахаас гадна   хүмүүсийн  урсгал бий  болно. Хүмүүсийн урсгалд жуулчдаас гадна бизнес эрхлэгчид зорин ирэх боломжтой. Үүнээс харахад Сэлэнгэ аймаг газарзүйн байршил болон  дэд  бүтцийн өгөгдлөөрөө ирээдүйд үйлчилгээний экспортыг нэмэгдүүлэх аймаг болох боломжтой.   Сэлэнгэ  аймаг 50 мкв дулааны цахилгаан станцтай болохоор ажилаж байгаа. Ингэснээр аливаа боловсруулах болон хүнсний үйлдвэрлэл цаашдаа хөгжих боломжтой гэж харж байна” гэсэн юм.

Тус чуулга уулзалт  арваннэгдүгээр сарын 16-18-ны өдөр болж өндөрлөлөө. “Нээлттэй Сэлэнгэ” арга хэмжээнд УИХ-ын гишүүд, яамдын төлөөлөл,  НҮБ, ОУБ-ын төлөөлөл,  аймгийн үе үеийн удирдлагууд,  сумдын ЗДТГ, хэлтэс,  агентлагийн  дарга нар,  нутгийн зөвлөл, салбарын  бизнес  эрхлэгч,  Сэлэнгэ аймагт  шилжин суурьших хүсэлтэй  ААН, иргэдийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр  олон сонирхолтой, ач холбогдол үр дүн бүхий ялангуяа хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүлснээр онцлог байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 231 (7216)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ