С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээлэл сонслоо.Энэ үеэр Жеффри Эпштейний хэргийн баримтуудтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд хөндөж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хянан шалгах түр хороо байгуулах санал гаргана гэдгээ хэлсэн юм. Жеффри Эпштейний хэргийн баримтад Монгол Улсын нэр бүхий улстөрчид дурдагдсан бөгөөд энэ хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг тодруулахад шалгаагүй гэсэн хариуг өгсөн юм. Түүнчлэн Дубайн гэрээ байгуулахаас нэг жилийн өмнө манай нэр бүхий улстөрчид АНУ-д 23 сая төгрөгийн тасалбартай морин уралдааныг Жеффри Эпштейний зуучлалаар Дубайн гэрээтэй холбоотой хүмүүстэй үзсэн гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэлсэн.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:

-Эпштейний асуудлууд бол Монгол Улсын гадаад нэр хүнд, дотоод аюулгүй байдал, ирээдүйд учирч болзошгүй улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулж, өргөтгөсөн байдлаар ажиллана. Яригдаад буй асуудлууд дээр мэргэжлийн экспертүүдийг оролцуулах замаар тодорхой хугацаанд нарийн дүн шинжилгээ хийж, бодитой мэдээллийг олон нийтэд өгнө. Ямар нэгэн асуудал байгаа бол тэр эргэлзээг тайлах ёстой. Хэрэв манай улсад хамааралгүй сенсац, сураг төдий асуудлыг мухарлах ёстой. Ямар асуудлууд дээр уулзалт яриа явсан, сөрөг эерэг үр дагавар юу байсныг тодорхой болгох үүднээс ажлын хэсэг байгуулж мэдээлэл өгнө.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Сүүлийн жилүүдийн тоон мэдээллийг харахад нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг харуулж байна. Тухайлбал, сүүлийн 5-6 жилийн хугацаанд нийт 92 хохирогч бүртгэгдсэнээс 54 нь насанд хүрээгүй хүүхэд байгаа нь онцгой анхаарал татаж байна. Жеффри Эпштейний хэрэг нь энэ төрлийн гэмт хэргийн цар хүрээ, зохион байгуулалт ямар түвшинд байж болохыг харуулсан томоохон жишээ болсон. Үүнтэй холбоотойгоор олон улсын эх сурвалжид байршуулсан баримт, мэдээллүүдийг шүүн үзэхэд Монгол Улстай холбоотой 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. Эдгээрт байгалийн баялаг, улс төрийн үйл явц, тэр дундаа сонгуультай холбоотой мэдээллүүд цаг минут тутам гарч байсан.  Мөн үнэт эдлэл, бэлэг солилцох, уулзалт зохион байгуулах зэрэг харилцааны хэлбэрүүдийн цаана ямар нөхцөл байдал өрнөж байсныг тодорхойлох шаардлагатай байна. Үүнтэй холбоотойгоор зарим гэрээ хэлцэл, тухайлбал Дубайн гэрээтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд шалгалт явуулж байгаа эсэх талаар тодруулга хийх шаардлага үүсэж байна. Бичлэгийг нь хийж барьснаас болоод барьцаанд орж, ийм ашиггүй гэрээ хийсэн байх вий.Мөн цахим харилцаа, мессеж, и-мэйлээр дамжуулан эмэгтэйчүүд, хүүхдүүдийг гадаад улс руу авч явах талаар харилцсан байж болзошгүй баримтууд илэрсэн бөгөөд үүнээс илүү олон тохиолдол байх магадлалтай байна. Иймд олон улсын жишгийн дагуу хохирогч, гэрчүүдийг хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, зарим улс оронд гэрчийг хамгаалах хөтөлбөрт хамруулж, ил гарсан тохиолдолд аюулгүй байдлыг нь бүрэн хангадаг туршлага бий.
 
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: -Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотойгоо сэтгэл эмзэглүүлсэн зүйл хэлье. АНУ-ын төрийн департментын веб сайтад манайхтай холбоотой, тэр бүү хэл манай зарим улс төрчдийн нэр гарч ирээд байна. Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан Ц.Элбэгдорж болон Ч.Сайханбилэг,  Гадаад хэргийн сайд байсан Пүрэвсүрэн гээд хүмүүсийн нэр гараад байна.  Монгол охидтой цагийг өнгөрөөх гэх мэт бичвэрүүд байна. Үүнийг шалгаж үзсэн юм байгаа юу н.Ганчулуун дарга аа.  Яг үнэнийг хэлэхэд бусад улс орнууд чинь мэдээллийн сайтуудыг нягтлаад, өөр өөрийн шугамаар мэдээллүүдийг мухарлаад, олон нийтэд эргэлзээ төрүүлэхгүйгээр цэгцлээд байна. Бид хэд ийм ноцтой зүйлийг, АНУ-ын төрийн эрх бүхий байгууллагын сайтад нэр гарч ирээд байхад анзаардаггүй. Тэнд, "Монгол охидыг авч очиж байна. Монгол охины виз гараагүй байна шүү. Монгол охидтой цагийг өнгөрөөх" гэсэн зүйл байгаад байна. Үүнийг манай цагдаагийн байгууллага анзаардаг юм болов уу.  Олон нийтийн сүлжээнд дэх ийм мэдээллийг цагдаагийн байгууллага шалгах үүрэгтэй.
 
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун:
-АНУ-д сүүлийн үед цахим орчинд гарч буй асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж судалж байгаа. Хийгдэж ажлууд бий.Тухайн асуудлууд бодитой үнэн эсэх нотолгоо бүрдүүлэх дээр АНУ-тай эрх зүйн харилцан туслалцаа байгуулахад тодорхой хэмжээний саад тотгор байна. Гэхдээ бид ингээд зогсчихгүй, албан бус харилцаагаар мэдээлэл солилцох хийгдэж ажлууд бий.
 
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
- Хэрэгтэй холбоотой асуудлуудыг илүү өндөр түвшний зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлагатай байна. Ялангуяа хүний наймаа, хар тамхи, цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр тусгай ажлын хэсгүүд байгуулж, нэгдсэн зохион байгуулалттайгаар ажиллах нь зүйтэй. Манай улсад нэг буруу ойлголт байсаар ирсэн. Тухайлбал, хар тамхины асуудлыг хөндөж яривал хэрэглээг нь нэмэгдүүлнэ гэж үздэг байснаас нөгөө талдаа урьдчилан сэргийлэх ажлууд орхигдож ирсэн. Үүний улмаас хар тамхины хэрэглээ хяналтаас гарч, "хар тахал" гэх хэмжээнд хүрсэн гэж дүгнэж болохоор байна. Ялангуяа өсвөр насныхны дунд энэ асуудал ноцтой түвшинд хүрчээ. Иймд нэгдүгээрт, энэ чиглэлээр ажиллаж буй нэгж, бүлэг бүрэлдэхүүнийг өргөтгөж, тодорхой стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хүний наймаа нь зүгээр нэг яриад өнгөрөх асуудал биш бөгөөд олон хэлбэрээр, далд байдлаар үйлдэгдэж байгаа тул тусгай ажлын хэсэг байгуулж, нарийвчлан шалгах шаардлагатай байна.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
 
2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 86 (7828)
 
 
 
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
 
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
 
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ