Б.Батцэцэг сайд “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “SHE FOR HE” санаачилга дэвшүүлэв

Б.Батцэцэг сайд “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “SHE FOR HE” санаачилга дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

Ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг сурталчлан таниулах, олон улсын байгууллага болон гадаад улсаас гаргасан зөвлөмж, саналын мөрөөр шуурхай ажиллах үүрэгтэй юм.

Энэхүү Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчээс өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй, дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд, 2022 оны статистик мэдээгээр их, дээд сургуульд сурч буй нийт оюутан суралцагчдын 40 орчим хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байгаа, 2021 онд осолд өртсөн нийт тохиолдолын 61 хувь, зам тээврийн осолд өртсөн иргэдийн 66.8 хувь нь эрэгтэйчүүд байгаа зэрэг асуудал хөндөгдөв.  

Гадаад харилцааны сайдаас эрэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэв. Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ