Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ял 20 жил байгааг 25 жил болгоно

Б.Энхбаяр: Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ял 20 жил байгааг 25 жил болгоно

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд өглөө бүр гэмт хэргийн статистик мэдээлэлтэй танилцдаг. Өнөөдөр өглөөний байдлаар статистик мэдээллийг авч үзэхэд сүүлийн долоо хоногт гарсан гэмт хэргээс гурван төслийн гэмт хэрэг өмнөх долоо хоногтой харьцуулахад огцом нэмэгдсэн байна. Амиа хорлох гэмт хэрэг 55, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 50, хүчиндэх гэмт хэрэг 78.9 хувиар өссөн байна.

Бүх насаар нь хорих ял оноох гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тоолдоггүй. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20-30 жил болгож байгаа. Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг хийх гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаагүй болж байна.

Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй.

Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, бусдыг санаатай алах, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнийг хугацаанаас нь өмнө суллахгүй.

Бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэргийн хорих ял 20 жил байгааг 25 жил болгоно.

Сүүлийн таван жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь нь 18 насанд хүрээгүй хүүхэд байна. Гурван хүн тутмын хоёр нь хүүхэд гэсэн үг. Сүүлийн хоёр жилд энэ төрлийн гэмт хэрэгт 432 хүнийг гэмт буруутайд тооцож ял оногдуулсан байна. Үүний 22.7 хувь буюу 98 нь өмнө нь ял эдэлж байсан хүмүүс байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст ямар ял оноосныг судалж үзсэн. 2021 оны байдлаар 54.6, 2022 онд 52.04 хувьд нь 10-15 жилийн хорих ял оногдуулсан байна.

2013-2023 онд бусдыг санаатай алах, бага насны хүүхдийг хүчиндэх, авлига, албан тушаалын гэмт хэргээр ял авсан 3879 хүнийг магдлангаар сулласан байна. Үүний 52.9 хувь нь хүнийг алах, 45.4 хувь нь хүчиндэх, 13.7 хувь нь бага насны хүүхдийг хүчиндэх, 1.6 хувь нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүн байна. Тэдний зургаа нь дахин гэмт хэрэг үлйдсэн байна. Суллагдсан хүмүүсийн 77.5 хувь нь шүүгчийн захирамжаар, 12.2 нь хорих ялынх нь хугацаа дуусаж, 5.6 хувь нь эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдаж, 2.6 хувь нь өвчний улмаас 0.9 хувь нь өршөөлөөр, 0.6 хувь нь Дээд шүүхийн тогтоолоор, 0.2 хувь нь Ерөнхийлөгчийн зарилгаар суллагдсан байна.

Эрүүгийн хуульд байгаа бага насны хүүхэд гэсэн ойлголт 14 нас байгааг 16 болгохоор болсон. Ингэснээр 14.16 насны хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ялын бодлого 14-өөс доош насны хүүхдүүдийнхтэй адил болж чангарч байна гэсэн үг.

Хүчиндэх төрлийн гэмт хэргийг хоёр хувааж авч үзнэ. Одоо үйлчилж байгаа хуулиар хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо бэлгийн харилцаанд орж хурьцал үйлдсэн үйлдлийг хурьцал үйлдээгүй ч бие эрхтэнд хүрч хурьцал үйлдэхийг завдсантай адилаар ял шийтгэдэг. Харин одоо үүнийг хоёр салгаж хурьцал үйлдсэн гэмт хэргийг хүнд гэмт хэргийн ангилалд оруулж 1-5 жилийн ялтай байсныг 2-8 жил болгож байгаа. Ингэхдээ хохирогчийн насны байдлаар 0-14, 14-16, 16-18 гэж ял шийтгэлийн бодлогыг зааглаж байгаа. Яагаад ингэж зааглаж байна вэ гэхээр бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон үйлдлийг өөрөө зөвшөөрсөн, хүч хэрэглээгүйгээс үл хамаарч хүчиндэх гэмт хэрэгт тооцдог. Насны ангиллыг ингэж нарийн зааглахгүй бол болдоггүй. Жишээлбэл, 15, 16 настай хоёр хүүхэд хоорондоо дурлаж, хайр сэтгэлийн үүднээс бэлгийн харилцаанд орлоо гэхэд хоёулаа бүх насаар хорих ял шийтгэгдэх үр дагавар гардаг учраас насны ангиллыг ингэж шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоодог юм.

Мөн Эрүүгийн хуульд оруулж буй хоёр дахь гол өөрчлөлт нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж, Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог. Энэ өөрчлөдтөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд гэмт хэрэгт тооцно. Их, бага ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болохоор тусгаж, ялын бодлогыг чангатгаж байгаа билээ" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ