Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгтэн болно

Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгтэн болно

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар мэдээлэл хийлээ. 

Б.Тогтохсүрэн: -Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Монгол Франц хоёрын хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлыг дэмжих тухай байлаа. Энэ асуудлыг хэлэлцэж, дэмжсэн.

Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байгаа.

Гуравдугаарт, хүүхэд гэр бүлийн хамгаалах, түүний эрхзүйн асуудлыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. Бүлэг үүнийг хэлэлцээд бүрэн дэмжлээ. 

Б.Энхбаяр: -Ерөнхий сайд өнгөрсөн баасан гарагт намайг дуудаж шуурхай үүрэг, даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг өнөөдөр МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд 1984 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан нэг ойлголт бол бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхэд гэдэг ойлголт буюу 14 насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш гэмт хэрэгт тооцдог болно. Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэнд тооцогдоно. Одоогоор манай улсад 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж зөрчлөөр торгуулсан дүн мэдээлэл бий. Жилд дунджаар 26 мянган гэмт хэрэг бүртгэгддэг. Энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.