Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулж байна

Гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулж байна

Парламент Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 5-нд хийсэн.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх журмын тухай хуульд гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судлах зохицуулалттай. Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж,  УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж байна.  

 

Баянгол дүүрэг

 

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзжээ. Тэд 22, 26 дугаар хорооны иргэдтэй уулзаж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн саналыг сонсов.  Энэ үеэр гишүүдийн тоог нэмэх эсэх асуудалд иргэдээс санал авахад олонх нь 108-120 хооронд байхыг дэмжжээ.   Иргэн Н.Мөнхбат “Сонгуулийн тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Гэхдээ зөв тогтолцоогоог нэвтрүүлэх хэрэгтэй” гээд 108-120 гишүүнтэй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Иргэн Г.Чулуунбаатар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол иргэн С.Рагчаа улс орон хөгжихгүй байгаа нь тогтолцоондоо биш хүндээ байна” гэлээ.

 

Сонгинохайрхан дүүрэг

 

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар тойрогтоо Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг авчээ. Энэ үеэр иргэд гишүүдийн эрх, үүргийг тодорхой болгож, хуулийн хариуцлагыг нэмэгдүүлэх, гишүүдийн тоог нэмж болох ч бие төлөөлөгч, туслахын тоог хасах, салбар, салбарын төлөөллийг багтаах, тогтолцоог өөрчлөх, “давхар дээл өмсөх”-гүйгээр дор бүрнээ хариуцсан ажилдаа эзэн нь байж, зөв шийдвэр гаргаж байх нь чухал зэрэг саналыг хэлж байв.  Түүнчлэн улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах үүднээс парламентыг 100-123 гишүүнтэй болгох нь зүйтэй гэжээ.

 

Налайх дүүрэг

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэгт ажиллаж байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар эхлээд тус дүүргийн 1-8 дугаар хорооны иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч ажиллажээ.

 

Хэнтий аймаг

 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Хэнтий аймагт иргэдтэй уулзалт хийж байна. Тэрбээр Батширээт сумын иргэдийн төлөөлөлтэй уулзаж, төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, саналыг сонслоо. Иргэдийн зүгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг анхаарч, идэвхтэй оролцох хүсэлтээ илэрхийлжээ.  Тус суманд болсон уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон 11 иргэн санал хэлж, байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, Батширээт сумын Норовлин багийн иргэн н.Борхүүхэн “Хуулийн төсөлд тусгагдсан 152 мандат бол эцсийн буюу дээд хязгаар гэж ойлгосон. Тиймээс 152 гэлгүйгээр 120 гэх зэргээр дунджаар авч үзэх ёстой. Нэр дэвшин, гишүүнээр сонгогдож байгаа хүмүүс салбар салбарын хүмүүс байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөллийг зохих ёсоор хангах хэрэгтэй” гэжээ. Онон багийн иргэн Алтанхуяг, Б.Баярсайхан, Цэндсүрэн нар 152 гишүүнтэй болгох нь зөв бөгөөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зүйтэй гэжээ.  Харин парламентын бүрэлдэхүүнийг өргөжүүлэхийн хэрээр нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг хангаж, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэн сахиулах, шаардлагатай тохиолдолд сонгогчид төлөөллөө эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэхтэй холбоотой саналуудыг хэлжээ.

 

Баян-Өлгий аймаг

 

УИХ-ын гишүүн Х.Баделхан Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа Сагсай сумаас эхлүүлжээ. Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, түүнчлэн ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг дээшлүүлж, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Ингэхдээ санал хэлсэн иргэдийн зарим нь тоог нь төсөлд тусгасан хувилбараар арай багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлжээ.

 

Орхон аймаг

 

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймагт ажиллаж байна. Тэрбээр Орхон аймгийн Жаргалант сумын иргэд, Баян-Өндөр сумын Дулааны цахилгаан станцын ажилтнууд, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ажилтнуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав. Төсөл батлагдсанаар иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, нэг гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасах ач холбогдолтой гэдгийг Д.Батлут гишүүн тайлбарласан. Түүнчлэн нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөхийн сацуу парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл мөн хэмжээгээр буурах зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд төслийг талаар байр сууриа илэрхийлж, тодорхой саналуудыг илэрхийлжээ.

Ийнхүү гишүүд тойрогтоо ажиллаж нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлнэ.  Улмаар байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлж ажиллах юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 94 (7079)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.