Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгов

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгов

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд үүрэг болгосноор тус яамны хамрах асуудлын хүрээнд хийж буй хяналт шалгалтын мэдээ, иргэдийн санал гомдлын шийдвэрлэлт болон цаг үеийн асуудлаар иргэд олон нийтэд тогтмол мэдээлэл өгдөг болсон. Энэ хүрээнд тус яамны газар хэлтсийн дарга нар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ.

Хурлаар үндсэн 4 асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшигч нарын мэдээллийг шилэн болгов

Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт нийт 3185 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 7331.48 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байдаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тодорхой болгох, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын дотоод бүсчлэл, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар, мөн сайдын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/485 дугаар тушаалаар тус тус хязгаарлалтын бүсийн талбайг багасгаж, хамгаалалтын бүсийн талбайг нэмэгдүүлэн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг авсан. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 99 удаагийн тушаалаар нийт 298 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 амыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар хориглосон. Үүнд: Баруун богино, Нүхт, Залаатын баруун богино, зүүн богино, Шажинхурах, Ширдэгт, Энхтайван, Ташгай, Манзушир, Тайна, Төрхурах, Чулуут, Бумбатын амуудад нийт 5900.12 га талбайд газар ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Монгол улсын Засгийн газраас Авлигатaй тэмцэх зорилгоор зохион байгуулж буй 5ш ажиллагааны хүрээнд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл хариуцагч төрийн байгууллагуудын байнга ил тод байх шилэн систем /shilen.gov.mn/ сайтад 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулсан Тусгай хамгаалалттай газрын нээлттэй мэдээлэл сан буюу http://opendata.met.gov.mn/-аас Богдхан уул ДЦГ, Хөвсгөлийн БЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллүүдийг байршуулаад байна.

 

Туул голын бохирдлын хүрээнд хийсэн хяналт шалгалтын мэдээлэл

1. “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд орон сууцны барилга барьж буй СH Трейд ХХК нь барилгын сууриас гарсан газрын доорх усыг зөвшөөрөлгүйгээр Сэлбэ гол руу нийлүүлж байна” гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийж, ус шавхан зайлуулах ажиллагааг зогсоож 2302000023 дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж усны нөөцөд учирсан хохиролд 17 орчим сая төгрөгийн нөхөн төлбөр, 1.5 сая төгрөгийн торгууль оногдуулж, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүллээ.

2. Хан Уул дүүргийн 9-р хорооны иргэн Т.Доржоос “Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж нь Туул гол руу усаа асгаж байгаа” тухай гомдолд үндэслэн холбогдох албаны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт хэрэгжүүлж буй “Төв цэвэрлэх байгууламж” төслийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Шалгалтын явцад бохир уснаас дээж авч “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 6561:2015”, “Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015” стандартын үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхөөр Усны газрын лабораторид хүргүүлэв. Эдгээр болон бусад санал гомдлыг шийдвэрлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

 

 

“Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах ажлын явц

Дорнод аймгийн Матад суман дахь Петрочайна дачин Тамсаг ХХК-ийн 19 дүгээр талбай дээр хугацаа нь дууссан, устгах шаардлагатай 32 нэр төрлийн 592 тн орчим устгах шаардлагатай химийн бодис хадгалагдаж байсан. Эдгээр химийн бодисуудыг тус компани 2009 оноос өмнө импортлон оруулж ирсэн бөгөөд хадгалалтын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтын шаардлага хангахгүй аюултай хог хаягдал болсон байна. 2022 оны 6 дугаар сард Элемент ХХК нь аюултай хог хаягдал устгах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас авсан нь тус үйлдвэрээр тухайн химийн бодисын хог хаягдлыг устгуулах боломжтой болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 07 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-д хэд хэдэн үүрэг хугацаатай даалгавар өгсний 1 нь энэхүү химийн бодисын хог хаягдлыг устгуулах асуудал байсан. Энэ үүрэг даалгаврын хүрээнд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь Элемент ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж, 2022 оны 11 дүгээр сараас эхлэн Элемент ХХК нь химийн бодисын хог хаягдлыг график төлөвлөгөө гарган устгаж эхэлсэн бөгөөд 2023 оны 03 сарын 28-ны өдрийн байдлаар нийт 32 нэр төрлийн 577 тн аюултай хог хаягдлыг устгалд оруулаад байгаа мэдээллийг тус яаманд ирүүлсэн байна.

 

“Жорлон” үндэсний чуулганыг зохион байгуулсан тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын алба хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах, Монголд зочлох жилийн хүрээнд аялал жуулчлалын баазуудыг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилгоор “Жорлон” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Зөвлөгөөнд ариун цэврийн байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгдэж хөрсний бохирдлыг бууруулах жорлонгийн хувьсгалыг эхлүүлэх зорилгоор 11 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлтэй “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ыг байгуулсан. Ийнхүү төр хувийн хэвшлийн оролцоог ханган чуулганаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн холбогдох албадад хүргүүлсэн бөгөөд үүнтэй уялдуулан байгальд ээлтэй, стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг хэрэглээнд нэвтрүүлэх, аж ахуй нэгж, айл өрхөд банк санхүүгийн байгууллагатай хамтран хөнгөлөлттэй ногоон зээл олгох ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ