Ж.Өнөржаргал: Энэ Засгийн газар бол иргэдийг дээрэмдэх зорилготой сүрэг тонуулчид

Ж.Өнөржаргал: Энэ Засгийн газар бол иргэдийг дээрэмдэх зорилготой сүрэг тонуулчид

АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргалтай ярилцлаа

-Энэ цаг үед ҮХНӨ-ийг оруулж ирэхээр эрх баригчид шуурхайлж байна. Үндсэн хуулийн цэц УИХ-ын хэдэн ч гишүүн Засгийн газарт орж болно гэсэн шийдвэр гаргаснаар ҮХНӨ-ийг явуулах нь тодорхой боллоо. Цэцийн шийдвэрт АН ямар байр суурьтай байгааг сонирхъё?

Хариулт: ҮХЦ бол Үндсэн хуулийг хамгаалах, бусад хуулиуд Үндсэн хуулинд нийцсэн эсэхийг хянаж байх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ҮХЦ МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрээр ажилладаг байгууллага гэдгээ нотоллоо. Цэцийн энэ шийдвэр цаашид маш хор уршигтай. Эрх барьж буй нам Үндсэн хуулинд дур зоргоороо гар дүрэх боломжтой болно. ҮХЦ-ийн гишүүнийг дэвшүүлдэг байгууллага гишүүдээ эгүүлэн татах, цаашлаад хууль хяналтын байгууллагад шалгуулах шаардлагатай. ҮХЦ ийм шийдвэр гаргасан нь Манай улсын хувь заяатай шууд холбоотой, бурангуй үйлдэл тул АН эцсээ хүртэл тэмцэж цэцийн гишүүдэд хариуцлага хүлээлгэнэ. Үүний төлөө тууштай ажиллах болно.

-ҮХНӨ-ийг МАН жил тойрон ярьлаа. Гэтэл нийгэмд төсөл ил болоогүй. Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, олон намын оролцоотой сонгодог парламентыг бүрдүүлнэ гэх юм. Хачир дээрээ Засгийн газар эрх мэдлээ бэхжүүлэхийн тулд ҮХНӨ-ийг хийх гээд байна уу?

Хариулт: Гуравхан жилийн өмнө МАН үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж 18 зүйлийг өөрчилсөн. Одоо ч үнэмлэхүй олонхи байна. Тэдэнд эрх мэдэл нь багадаагүй. Гэтэл одоо тэр хуулиа бүрэн хэрэгжиж эхлээ ч үгүй байхад дахин хүч түрж өөрчлөлт оруулахаар ярьж, үхэн хатан зүтгэж байгаа нь зүгээр л шунал. Үндсэн хуулинд УИХ-ын гишүүдээс дөрөв хүртэлх гишүүн ЗГ-т ажиллах боломжтой хэмээн заасан байдаг. МАН Засгийн газраа авч үлдэхийн тулд ханаж цадахгүй шуналтай гишүүдээ сайд болгох зорилготой. Үгүй бол МАН-ын Засгийн газар унана. Үүнийг шинээр байгуулсан хоёр яамдаа одоо хүртэл сайд томилж чадахгүй байгаа нь шууд харуулж байгаа юм. МАН улс орныг хөгжүүлье гэсэн хүсэл байхгүй. Эрх мэдэлдээ ахин үлдэж булхай, луйвраа үргэлжлүүлэхийг л хүсч байгаа.

-Н.Энхбаяраар ахлуулсан ҮХНӨ-ийг судлах ажлын хэсэг Засгийн газар дэргэд байгуулагдчихлаа. Парламентын гадна байгуулагдсан уг ажлын хэсгээс ямар эрх ашиг харагдаж байна вэ?

Хариулт: Мэдэхгүй юм. Зорилго нь энэ улсын төлөө биш гэдгийг нэгэнт харсан биднээс ийм асуулт асуух нь хэр оновчтой вэ?

-АН-ын нэр бүхий гишүүд давхар дээлний асуудлаар Цэцэд анх гаргасан гомдлын дагуу ҮХНӨ-ийг хэлэлцэхээр боллоо. Мэдээж АН-д засагт орох санал тавина. Анхнаасаа бялуу хүртэх зорилготой эрх баригчдын гар хөл болсон юм биш үү. Нийгэм ингэж л харж байгаа. Харин танай намын эрүүл сэтгэлгээтэй залуус шинэ Засагт орж болохгүй, эдийн засаг доройтсон энэ хүнд үед бурууг АН-д тохох гэсэн явуургүй улс төр гэх юм билээ. Харин та ямар байр суурьтай байна вэ?

Хариулт: АН-ын УИХ-ын гишүүд засагт орохгүй байх гэж итгэж байна. АН сөрөг хүчний ажлаа л сайн хийх хэрэгтэй. Ард иргэд манай намд тийм л итгэл үзүүлсэн. Хамт хуйвалдаарай гэж санал өгөөгүй.

-Эдийн засаг хүнд байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, иргэдийн цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэлцэхгүй байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой юу?

Хариулт: Огцрох ёстой. Энэ засгийн газар бол улс орныг хөгжүүлэх гэж биш иргэдийг дээрэмдэх зорилоготой сүрэг тонуулчид.

-Манай улсын эдийн засаг өнөөдөр хүнд байгаад АН буруутай гэж эрх баригчид тайлбарласан. Танай намын засаг барьж байхдаа тавьсан өрийг барагдуулах гэж энэ төр засаг зүдэрч байгаа юм биш үү?

Хариулт: Муу л бол хойд талын хар овоохой гэж... Яг чанартаа сүүлийн 30 жилд АН хоёр удаа л төр барьсан. Судлаад үзвэл манай намыг засаглаж байхад дорвитой шийдвэрүүд гарч шинэчлэл бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг юм. МАН засагт гарахад авилгал гаардаг, хүний суурь эрхүүд зөрчигддөг, эдийн засаг элгээрээ хэвтдэг. 2016 онд МАН өрөөр айлгаж засаг авсан. Одоо өрийн хэмжээгээ хар. 1921-2016 онд бий болсон өрийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2 дахин нэмж чадлаа. Жинхэнэ утгаар нь биднийг өрөнд орууллаа. Иргэд бүгд банк, ББСБ-уудад зээлтэй болсон. Одоо бүр Банк, ББСБ-ууд зээл олголтоо зогсоосон. Эдийн засаг бүрэн царцаж байна. 2023 оны 1-р сарын 1-ээс ипотекийн зээлээ төлж эхлэнэ. Ингээд ирэхээр дундаж давхрага гэгдэх ажил хийдэг хэдээ бүрэн сөхрүүлнэ.

-Ер нь 2020 оны УИХ-ын сонгуулиас хойш АН хоёр тийш болсон. Мэдээж хүчтэй сөрөг хүчний дуу хоолойг дарах нь эрх баригчдын туйлын зорилго. Тиймдээ ч сөрөг хүчингүй эрх баригчид яаж галзуурдгийг бид харж байна. Шүүмжлэл ч сонсохгүй дэндүү нялцгар байгаа шүү дээ. Тэгэхээр АН учир зүйгээ олж АН хэмээх нэг туган дороо нэгдэж болдоггүй юм уу?

Хариулт: АН хоёр хуваагдсан зүйл байхгүй. Би энэ хуваагдал гэх зүйл эхлэхээс одоог хүртэл төв намын гал тогоонд ажиллаж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр намын дарга С.Эрдэнэ дүрмийн дагуу огцроод хадган дээр тамгаа тавиад УИХ-ын гишүүн Ц.Туваанд ажлаа өгсөн. Намар орон нутгийн сонгуульд оролцоод 8 аймаг 149 суманд ялалт байгуулсан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сард МАН улсын бүртгэлийн газраараа тамга хийлгээд манай намд шургалсан өөрсдийн хүмүүсийг гаргаад ирсэн. 21 аймаг 9 дүүрэг 330 сум 204 хорооны намын гишүүд намынхаа үндсэн дүрмийг бариад л ажлаа хийгээд явж байна. УТН бол сайн дурын үндсэн дээр үзэл баримтлал дээрээ эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн олонлог.

Одоо ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН НАМ, МАН-ын АН гэж хоёр нам болчихоод л байна даа. Бид сая их хурлаа хийлээ. Ахиад дээд шүүхэд хүсэлтээ өгнө. Шийдэгдэх байх гэж найдаж байна. шийдэхгүй бол гудамжиндаа гарах байх.

ЭВЛЭЛДЭН НЭГДСЭН ИРГЭД НЬ ХҮЧТЭЙ ЮУ?

МАН-ЫН ТОНУУЛЧИД ХҮЧТЭЙ ЮУ? ГЭДГИЙГ ҮЗЭХ БОЛНО.

-Сая өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын ээлжит бус Их хурлын үеэр намын гишүүд, анхан дунд шатны үүрүүдээс Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүнээ сонгуулийн хавтгай дээр тавьж намын нийт гишүүдийг оролцуулсан санал хураалт явуулж намаа цэгцэлье гэж байсан. МАН-ын үед танай намын дотоод асуудал Дээд шүүхээр эцэслэгдэхгүй нь тодорхой боллоо. Тэгэхээр намын нийт гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгочихож болдоггүй юм уу?

Хариулт: бид Үндсэн дүрмийнхээ хүрээнд нийт гишүүдээсээ намын даргыг сонгосон. Ахиж сонгууль хийхгүй. Их хурлын төлөөлөгчид С.Эрдэнэ гэж хүний тухай нэг ч удаа дурсаагүй. Манай намд Содномзундуйн Эрдэнэ гэдэг нэртэй гишүүн байхгүй. МАН-ын гишүүдийн бүртгэлийг үзвэл тийм нэртэй хүн байж магадгүй.

-Ингэж явсаар 2024 оны сонгууль хаяанд ирлээ. АН-ын ах нарын зодоон энэ хэвээр үргэлжилбэл ирэх сонгуульд танай намын хувь заяа үнэхээр бүрхэг байгаа шүү дээ. Харин нэг талдаа гараад АН-ынхаа туган дор нэгдвэл 2024 оны сонгуулийг өнгөлнө гэж судлаачид харж байгаа бололтой?

Хариулт: АН-ын доторх зодоон гэж байхгүй. Дахин хэлье, Манай намд хагарал бутрал аль ч шатандаа байхгүй. Энэ бол цэвэр МАН-ын явуулга. МАН биднийг хэрэлдэж зодолдоод хүнд байгаа мэтээр нийгэмд ойлгуулах гэж их хичээж байгаа ч, АН-ын гишүүд тэр тусмаа залуус их сийрэг, тэд идэвхжиж илүү чадваржиж, сэрж байна. Бэрхшээл хүнийг хүчирхэг болгодог гэдэг. Бид АН-д шургалсан МАН-ын тавиулуудыг хөөж явуулна. МАН сонгогчдыг дутуу үнэлдэг. Иргэд тэнэг биш хоёр алхахгүй худал хэлж хулгай хийдэг занг нь мэддэг болсон.

2024 ОНЫ СОНГУУЛИАС АН БИШ МАН АЙХ ЁСТОЙ.

Эх сурвалж: Өдрийн сонин

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.