Д.Тогтохсүрэн: Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэхдээ АИ-92 бензиний үнийг барина

Д.Тогтохсүрэн: Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөн. Гэхдээ АИ-92 бензиний үнийг барина

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар газрын тосны болон хүнсий бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонсож, дөрвөн чиглэл өгчээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Газрын тос болон хүнсний бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй байх нь чухал. Энэ бол нэн тэргүүний асуудал. Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний хангамж энэ онд тасалдахгүй гэдэг мэдээлэл өгсөн. Ер нь бол дизель түлшний үнийг барьж чадахгүй гэдгээ хоёрдугаар сард зарласан. Харин АИ-92 бензиний үнийг барихад Засгийн газар анхаарах хэрэгтэй. Учир нь Монгол Улсын нийт шатахуун хэрэглэгчийн 92 хувь нь энэ бензинийг хэрэглэдэг. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хангамж, хил гааль, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарахыг чиглэл болголоо. Барилгын материал тэр дундаа цементийн үнийг тогтворжуулахад анхаарах чиглэл өгсөн” гэж мэдээллээ.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Шатахууны үнийн зөвлөлөөс АИ-92 бензиний үнийг 900 төгрөгөөр нэмэх санал гаргасан гэсэн?
-Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 1000 ам.доллароор өссөн. Гэхдээ АИ-92 бензиний үнийг нэг жилийн турш барина гэж энэ оны эхэнд шийдсэн. Иймд  уг  бензины үнийг тогтвортой байлгахад анхаарах  чиглэл өглөө. 
-УИХ-ын Хаврын ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлана. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлынхаа хэдэн хувийг хэлэлцээд байна вэ?
-Хаврын ээлжит чуулганыг энэ долоо хоногийн лхагва гарагт хаахаар төлөвлөж байгаа. Ерөнхийдөө төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж байгаа ч Засгийн газраас хууль, тогтоолын төсөл өргөн барьсаар байгаа.
-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл бий. Энэ үеэр шатахууны үнийн талаар яриа хэлэлцээ хийх үү?
-ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров албан журмаар хөрш улсдаа айлчилна. Холбогдох гэрээ хэлцэл хийгдэх байх. Гэхдээ бүлгийн хуралдаанаар энэ талаар ярилцаагүй. Гэхдээ шатахууны талаар ярих асуудал байгаа болов уу лгэж бодож байна. 
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар шийдэлд хүрсэн бэ?
-Энэ талаар өнгөрсөн удаа  бүлгийн хурлаар хэлэлцээд, УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзсан уулзалтын дүнг нэгтгэх, дараагийн ажлын саналыг боловсруулах ажлын баг байгуулсан. Энэ ажил үргэлжилнэ. Ингээд тухай бүрд нь шийдэл гаргаад явна. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.