Замын-Үүд боомтоос энэ сарын 10-наас эхлэн ачаа тээвэрлэж эхлэхээр боллоо

Замын-Үүд боомтоос энэ сарын 10-наас эхлэн ачаа тээвэрлэж эхлэхээр боллоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан болон холбогдох албаны мэргэжилтнүүд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр  Замын-Үүд боомтод ажиллаж хоёр талын хамтарсан туршилт хийсэн.  Уг туршилтаар чингэлэг солилцох, тээвэрлэх бэлтгэл хангагдсан гэж хоёр тал үзэж ачаа тээвэрлэлтийг БНХАУ-ын тал зөвшөөрснөөр маргааш буюу 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Үүний дагуу Хятадын талаас эхний ээлжинд хил хаагдах үед гааль руу ороогүй үлдсэн 30 автомашиныг, үргэлжлүүлэн гаалийн хашаанд ачилтад үлдсэн 150 орчим тээврийн хэрэгслийг татахаар  ажиллаж байна. Энэ хугацаанд чингэлгийн тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг шалгуулах, зохих зөвшөөрөл гармагц чингэлгээр ачаа, бараа тээвэрлэж хилийн бүсэд солилцох ажиллагааг эхлүүлэх боломж бүрдэх юм.

БНХАУ-д үүссэн коронавирусийн халдварын улмаас Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс зогсоосон. Мөн хятадын талаас цаашид халдвар нэвтрэхгүй байх нөхцөл бүрдүүлэх үүднээс чингэлгээр ачаа барааг хилийн “0” цэгт байгуулах талбайд солих байдлаар тээвэрлэлтийг зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 15-нд тавьж, 20 хоногийн хугацаанд бэлтгэл хангахаар болсон билээ.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, “Автотээврийн үндэсний төв”, “Монголын төмөр зам” ТӨҮГ, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ны төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 28-наас эхлэн Замын-Үүд боомтод ажиллаж, Замын-Үүд боомтын зөвлөл, хил, гааль, мэргэжлийн хяналт, автотээврийн байгууллага болон аймаг, сумын удирдлагатай хамтарч ажиллах, үйл ажиллагаагаа уялдуулах нөхцөл бүрдүүлсэн.

Үүнд, чингэлгийн ачаа хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангасан. Үндэсний тээврийн корпораци ба Замын-Үүд дэх  тээвэрчид, тэднийг төлөөлсөн төрийн бус байгууллагуудын хооронд яриа хэлэлцээ хийж, тээвэрлэлтийн бодит зардлын тооцоог гаргаж, түүний үндсэн дээр хилийн "0" цэг - Логистикийн төв - УБ - хүртэл ачаатай чингэлэг, буцаад УБ-ЗҮ хүртэл хоосон чингэлгийн тээврийн хөлс 8,0 сая төгрөг дээр НӨАТ нэмэгдэж 8,8 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохирсон. Мөн чингэлэг ачих, буулгах калмар 2 ширхгийг 12 дугаар сарын 3-нд оруулж ирсэн бөгөөд мөн өдрөө Монголын талаас 10 тээврийн хэрэгслээр 5 ширхэг 40 тн-ын, 10 ширхэг 20 тн-ын чингэлгийг хилийн бүс дэх талбай руу оруулж чингэлэг буулгах, ачих үйлдэл, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтыг үзэж шалган, туршилтын үйл ажиллагаа явуулаад байна. Үүний үр дүнд холбогдох бүх байгууллагууд хуралдаж хэлэлцэж, нэмж 2 ширхэг калмар авах, талбайн ариутгалыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, зэрэг зарим асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн юм.

Өнгөрсөн хугацаанд Хятадын талаас хилийн “0” цэгээс 2 тийш 100 м талбайг ачаатай болон хоосон чингэлэг байрлуулах зориулалтаар чулуу, хайргаар хүчитгэн дагтаршуулж байгуулан, чингэлэг байрлуулах байршил, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг шийдвэрлэсэн бөгөөд 2 талаас тус тусын камержуулах ажлыг хийгээд байна. Мөн хятадын талаас чингэлгийг байршуулах, ачиж буулгах ажиллагааг байнга туршиж үзэж байгаагаас гадна Хөххотын мэргэжлийн байгууллагуудаас хийсэн үзлэг шалгалтын дагуу гаргасан 30 орчим зөвлөмж шаардлагыг биелүүлэх, хилийн бүсэд ажиллах жолооч, ажилтнуудыг тусгаарлах, тусгаарлалтын бүсэд ажиллах автомашинуудыг цэнэглэх ШТС тусад нь байгуулах, тусгаарлалтын бүсийн хашааг өндөрлөх зэрэг зарим ажлыг гүйцээхээр ажиллаж байгаа юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.