Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудыг солих асуудлаар дахин байр сууриа илэрхийлжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-ны удирдлагуудыг солих асуудлаар дахин байр сууриа илэрхийлжээ

2020 оны УИХ-ын сонгуулийн дүнтэй холбоотой маргаан одоо ч  намжаагүй байна. Луйврын сонгууль болсон талаар зарим нам эвсэл , бие даан нэр дэвшигчид байр сууриа илэрхийлсэн.  Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгад хоёр ч удаа хандаж, холбогдох баримт материалыг хүргүүлсэн билээ. Ерөнхийлөгчийн зүгээс сонгуулийн явц,  дүнгийн маргаантай холбоотой асуудалд  СЕХ-ны удирдлагыг хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурьтай байгаа.  Тэрээр УИХ-ын анхдугаар чуулган дээр хэлсэн үгэндээ “СЕХ маргаантай асуудлуудад тайлбар өгсөнгүй, таг суусаар олон нийтэд асар их эргэлзээ төрүүлсээр сонгуулийг дуусгалаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. СЕХ-ны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байна. 2009 оноос хойш удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялзрал, асар их биеэ тоосон, надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж, ийм арга барилаар хэрхэвч ажиллаж болохгүйг сонгуулийн явц харууллаа. Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг таслан зогсоохоос өөр арга алга. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага яаралтай өргөдлөө өгч, огцрохыг би энэ индэр дээрээс шаардаж байна” хэмээсэн байдаг. 

Тэгвэл өнгөрсөн лхагва гаригт Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар дахин байр сууриа илэрхийлжээ.  

Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг дуудаж уулзсан байна.  Ингэхдээ бүлгийн даргад СЕХ-ны удирдлагыг яаралтай солих талаар чиглэл өгчээ. 

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийх товтой байна.  СЕХ-ны удирдлагыг солих асуудлыг ээлжит бус чуулган хаахаас өмнө оруулах талаар ч саналаа илэрхийлсэн мэдээлэл бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.28 БААСАН № 166 (6391)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.