Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа, Эрүүл мэндийн сайд асан хүмүүс хууль бус үйлдлээ зогсоо

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд хөшигний урд, ард юу болж байгааг мэдэж байгаа, Эрүүл мэндийн сайд асан хүмүүс хууль бус үйлдлээ зогсоо
Эрүүл мэндийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардаж, Төв талбайд суулт зарлаад 10 гаруй хонож байгаа билээ. 
 
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа.
 
Тэрбээр "УИХ-аар төсвийн тодотгол батлагдсан. Төсвийн тодотгол гэдэг нь төсөв хүрэхээ больсон гэсэн үг. Монгол улсын төсөв 10 их наяд төгрөг. Манай улсын төсөв нүүрс, алт, зэс, төмрийн хүдрээс хамааралтай байдаг. 
 
Монгол улсын төсөв 10 их наяд ч гэсэн цар тахлын эсрэг тэмцэлд улс бүхий л нөөц бололцоогоо өнгөрсөн хугацаанд шавхсан.
 
Хүүхдийн мөнгөнд л гэхэд 1.4 их наяд төгрөг зарцуулагддаг. Дулаан, цахилгааны төлбөрт нэг жилээр бодоход 1.2 их наяд төгрөг зарцуулагдсан байна. Хэдий “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргаж байгаа ч гэсэн төсвийн урсгал, тэнцэлтэй холбоотой санхүүжилт.
 
Вакцинжуулалтад бид 300 орчим тэрбум төгрөг зарцуулсан. PCR-ийн шинжилгээнд өдөр бүхэн 500 сая төгрөг зарцуулж байна.  
 
Бид зарим шаардлагатай хөрөнгө оруулалтыг танаж, Даатгал болон Улсын төсвөөс 735 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн салбарт олгохоор болсон.
 
Улмаар 13 мянган эмч ажилчид болон бусад эрүүл мэндийн салбарын ажилчдад мөнгөн хэлбэрийн урамшуулал олгоно. Ямар хэлбэрээр олгохыг Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайд шийднэ. 
 
Үүнд шаардлагатай 45 тэрбум төгрөгийн нэмэлт зарцуулалтыг улсын төсвөөс гаргана. Мөн Ковид19-ийн эм тариа бусад тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэнэ.
 
PCR шинжилгээнд дахиад 125 тэрбум төгрөгийг төлөвлөж байна. 
 
Нэмэлтээр 2,000 орыг дэлгэхэд шаардлагатай 110 тэрбум төгрөгийг гаргах нь зүйтэй гэж улсын төсөв баталсан. Түүнчлэн шинээр төгсөгчид болон сайн дуран ажилтанг дайчлах зардалд 7.7 тэрбум төгрөг төсөвлөсөн.
 
Энэхүү 735 тэрбум төгрөгийг арвич, хямгач зарцуулах шаардлагатай. Ирэх жилийн төсөв ийм хэмжээний мөнгийг даахгүй ч байж магадгүй. Учир нь цар тахлын улмаас экспорт хүндэрч байгаа.
 
Эмнэлгийн ажилчдын цалинг нэмэхтэй холбоотой асуудал яригдаж байна. 
 
Эрүүл мэндийн салбарыг Улс төрөөс ангид байлгах хэрэгтэй. Улс төр байвал Ерөнхий сайдтай хий. Улс төрийг арай хийн тогтож байгаа Эрүүл мэндийн салбарынхан дээр хийж болохгүй. Цаашид ийм байдлаараа байвал зохион байгуулж байгаа хүмүүсийн нэрийг зарлахаас өөр аргагүй байдалд орно. Хуулийн байгууллагад шилжүүлнэ. Эрүүл мэндийн салбарын хэвийн үйл ажиллагааг доголдуулах зорилго тангараг өргөсөн улс төрчид байх ёсгүй. Тангараг өргөсөн төрийн алба хаагч үүнд автах ёсгүй.
 
Тиймээс Эрүүл мэндийн салбартай холбоотой улс төржилтийн асуудлыг таслан зогсоохын тулд хатуу арга хэмжээг авах болно. 
 
Эрүүл мэндийн сайд байсан зарим нэг улс төрчид хандаж хэлэхэд Эрүүл мэндийн салбарыг улс төржүүлсэн аливаа үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг шаардаж байна.
 
Энэ удаа би эелдгээр сануулж байна. Цаашдаа ийм зохион байгуулалттай ийм үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Ерөнхий сайдын гүйцэтгэх засаглалын хэм хэмжээнд байгаа эрх мэдлээ би хэрэгжүүлэх болно. Нийт иргэдээ хамгаалахын тулд хатуу байна" гэлээ. 
 
Эдийн засгийн хувьд 15,7 хувиар өссөн. Өнгөрсөн оны тавдугаар сараас 59 хувиар нэмэгдсэн сайн мэдээтэй байна. Бид эдийн засаг, эрүүл мэндийн салбараа аль алийг нь давхар авч явах шаардлагатай байна. Эрүүл мэндийн салбарын нөр их хөдөлмөрийг үйл ажиллагаагаа эхлүүлсэн хувийн хэвшлийнхэн хүндэтгэх ёстой. Халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлж болохгүй.
 
Цаашид цар тахал хэрхэн яаж үргэлжлэхийг бид төдийгүй дэлхий дахин ч мэдэхгүй, таамаглаж чадахгүй байна. 
 
Цар тахал манай эрүүл мэндийн салбарыг дутагдалтай талыг ил болголоо. Цаашид шинэчлэх шаардлагатай байгаа техник, технологи, арга зүй байна. ДЭМБ-ын зүгээс халдвар хамгааллын дэглэмээ барихыг зөвлөж байгаа ч манайд хөл хорио тавигдахаар хөдөлгөөний эрчим нэмэгдэж байна. Хамтын хариуцлага нэмье. Таны болон хайртай хүмүүсийг тань эрсдэлд оруулна шүү гэдгийг цаг тутамд анхаарч, хариуцлагатай байж дасан зохицох хэрэгтэй байна.
 
Унаж туйлдсан ч ажиллаж, ард иргэдийн эрүүл мэндийн энхийн манаанд зогсож буй эмнэлгийн байгууллагын нийт ажилтанд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байна. Иргэд, ААН-үүд эмч, эмнэлгийн байгууллагын хөдөлмөрийг хүндэтгэж, хариуцлагатай байхыг хүсэж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.