Ерөнхийлөгчийн зөвлөх багт өөрчлөлт орлоо

Ерөнхийлөгчийн зөвлөх багт өөрчлөлт орлоо

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн лхагва гаригт захирамж гаргаж, зөвлөхүүдээ албан ёсоор томиллоо.  Энэ удаа Ерөнхийлөгчийн зөвлөх  багт нэлээд туршлагатай улстөрчид багтсан байна.   Бүтцийн хувьд ч өөрчлөлт оруулжээ.  Соёл, нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр С.Ламбаа ажиллана.  Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, биеийн тамир, спортын асуудал түүний бүтэцэд хамаарч байна.  Өмнө нь Ерөнхийлөгчийн Соёл, шашны асуудал хариуцсан зөвлөхөөр яруу найрагч Ц.Хулан, Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөхөөр Д.Үүрийнтуяа нар ажиллаж байв.  Тэгвэл эдгээр асуудлыг нэгтгэж нэг бүтэц болгожээ.  Зөвлөх асан  Ц.Хулан,  Д.Үүрийнтуяа нар  2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж өвдөг шороодсон байдаг.  Ц.Хулан  Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшсэн бол Д.Үүрийнтуяа  Сэлэнгэ аймагт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн юм.    

Шинээр томилогдсон зөвлөх С.Ламбаагийн хувьд УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр мөн хоёр удаа  томилогдон ажиллаж байсан. Профессор, академич, Монгол Улсын гавьяат багш цолтой юм.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав ажиллана. Тэрээр өмнөх  парламентад УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.   Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамт Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан ажилласан түүхтэй.  Тодруулбал, 2012-2014  онд Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байв.  УИХ-д хоёр ч удаа сонгогдож ажилласан.  

Ингэхдээ байнгын хорооны дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Улс төрийн хувьд туршлагатай нэгэн. Монгол Улсын гавьяат эдийн засагч цолтой.   Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа зөвлөж байв.

 Тэрээр мөн  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зөвлөхийн ажлаа өгсөн.  Баянзүрх дүүрэгт АН-ыг төлөөлөн өрсөлдсөн байдаг. 

 Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөрөө  УИХ-ын гишүүн асан Л.Болдыг томиллоо. Өмнө нь генерал Б.Даваа зөвлөж байсан бөгөөд түүнийг  ОХУ-д суух Элчин сайдаар томилсноос хойш зөвлөхийн орон тоо эзэнгүй байсан гэхэд болно.  Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонголтыг олон нийт янз бүрээр хүлээн авсан.   Л.Болдын хувьд  ардчилагчдын нэг.  АН-ын унаган гишүүн.  Өнгөрсөн парламентад намаасаа дөрөв дэх удаагаа гишүүнээр сонгогдон ажилласан.   Харин төгсөхөөсөө нэг жилийн өмнө УИХ-ын гишүүн асан  Ж.Батзандантай хамтран  “Шинэ” нам байгуулж, 2020 сонгуульд өрсөлдөн өвдөг шороодсон байдаг. Харин энэ удаа Ерөнхийлөгч  Х.Баттулгын зөвлөхийн албан тушаалд очоод байна.  Түүнчлэн  Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр О.Батханд ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.