Ж.Мөнхбат: Бүх төрлийн татварыг нэмэхгүй

Ж.Мөнхбат: Бүх төрлийн татварыг нэмэхгүй
ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийлээ. Тэрбээр 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан татвартай холбоотой бүх заалтыг Засгийн газар буцаан татахаар болсон талаар мэдээлсэн юм. Шалтгаан нь УИХ дахь МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээс үүдэлтэй хэмээн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэлдээ онцолсон. 
 
Засгийн газраас боловсруулан оруулж ирсэн Төсвийн тодотголын тухай хуульд хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх,  архи тамхины онцгой албан татварыг нэмэх,  үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах, автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах, 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгаад байсан юм.
 
Тэгвэл энэхүү татваруудаас нэгийг нь ч нэмэхгүй байхаар МАН-ын бүлэг зөвшилцжээ. Мэдээлэл хийх үеэр  ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Засгийн газар 2016 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан. Төсвийн тодотголд тусгасан зарим асуудлыг МАН-ын бүлэг авч хэлэлцээд татвар нэмэх асуудлыг эргүүлэн татуулах улс төрийн шийдвэр гаргалаа. Төсвийн тодотголоор дамжуулж хэд хэдэн татварын зүйл заалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байсан.
 
Тухайлбал, үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал оруулж ирээд байсан. Эцэст нь бүх төрлийн татварыг нэмэхгүй байх улс төрийн шийдвэр гаргалаа. Ерөнхийдөө зарим төрлийн татвар нэмэгдүүлэхтэй холбоотой ташаа ойлголт нийгэмд нэлээд цацагдсан. Тухайлбал, 2.5 саяас дээш цалинтай иргэдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах санал гаргасан. 
 
Монгол Улсад цалин авч байгаа нийт иргэдийн 1.6 хувь нь 2.5 саяас дээш цалинтай байгаа гэсэн судалгаа бий. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор 150-иас илүү гарсан  метр квадратад татвар ногдуулахаар заасан. 150 метр квадрат хүртэлх байртай иргэд энэ татварт хамаарахгүй байсан. Мөн том оврын автомашины татвар гэхэд зөвхөн хилээр оруулж ирэх машинд л ногдуулах, одоо явж байгаа ороод ирчихсэн машинуудад огт хамаарахгүй байсан. Засгийн газар анхнаасаа нийгмээ, иргэдээ сонсч ажиллаж байгаа. Тийм учраас УИХ-д 65 суудалтай гэхгүйгээр энэ удаа ч бас нийгмээ сонсч улс төрийн шийдвэрийг хүндэтгэж байна.
 
Өөрөөр хэлбэл, суудлын олноор хүч түрж асуудлыг шийддэг алдааг давтахгүй байх нь чухал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улсын төсвийн сахилга бат алдагдсан. Монгол Улс дөрөв, таван төсөвтэй болсон. Ингэж төсвийн сахилга бат алдагдсанаар төсөв хэт данхайх, алдагдал газар авах нөхцөл байдал үүссэн. Өнөөдөр Монголын төсвийн алдагдал дөрвөн  их наяд буюу түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Ер нь өнгөрсөн дөрвөн жил төсвийн сахилга бат алдагдсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Улс орон нэг л төсөвтэй байдаг. Гэтэл манайд парламент нь төсвөө хянадаг хуулийн хэм хэмжээ алдагдсан. Үүнээс болж улсын хэмжээнд 4-5 төсөвтэй явдаг болсон.
 
Ийм байдлаас болж төсвийн алдагдал дөрвөн их наяд төгрөг болж, түүхэнд байгаагүй хэмжээгээр тасарлаа. Иймд төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зарлага хумих зүйлсийг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч, төрийн өндөр, төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг бууруулах тухай бүлэг дээр ярьж байгаад цалин хасахгүй байх улс төрийн шийдвэр гаргасан. Ингээд цалин хасах, татвар нэмэх асуудал МАН-ын бүлгийн улс төрийн шийдвэрээр буцаагдаж байна” хэмээсэн юм. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.