МАН-ын дотоод зөрчил засгаа унагахад хүргэлээ

МАН-ын дотоод зөрчил засгаа унагахад хүргэлээ

МАН сонгуульд ялж, Засгийн газар байгуулаад ердөө жилийн хугацаа л өнгөрч байна. Гэтэл ийм багахан хугацаанд МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдаж, нэг хэсэг нь Засгийн газраа унагахаар гарын үсэг цуглуулж, УИХ-ын дэд даргад өргөн барьчихлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлээд л яригдаж эхэлсэн асуудал өчигдөр нэг талдаа гарч, МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан.  Нэгэнт л Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьсан бол байнгын хороо, цаашлаад чуулган заавал хуралдаж, асуудлыг хэлэлцэх ёстой юм билээ.

Тэгэхээр УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж таарах нь. Засгийн газрыг яагаад огцруулахаар гарын үсэг цуглуулж, бичиг сачиг шидлээд байгааг энд дурьдаад яахав. Угаасаа өчигдөр УИХ-ын дэд дарга бичиг өгсөн гишүүд бүгд л амлалтаасаа буцсан, шударга ажиллаж чадаагүй гэсэн юм ярьж байна билээ.

Цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон дараа нь өрнөсөн асуудлуудыг хөндсөн. Харин нөгөө талаас нь тэднийг эрх мэдлийн төлөө улайрлаа. Хоёрдугаар ээлжнийхэн хоолондоо орох гэж байна. Шадар сайд У.Хүрэлсүхийн хийж байгаа ажил гэх зэргээр хариуг нь барьж байгаа. Хоёр тал мэдээж өөр өөрсдийнхөө л асуудалд хандаж, тайлбарна. Харин Засгийн газрыг унагах нь Монгол Улсад сайнаар нөлөөлөх үү, үгүй гэдэг нь л сонин байна.

МАН АН-ын “ухсан нүх”-ийг тойрч чадсангүй

МАН-ын 30 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг гарын үсэг зурчихлаа. Түүнийгээ өргөн барьчихлаа. Дээрээс нь АН-ын бүлгийнхэн, тэгээд МАХН-ын нэг болоод бие даагч гишүүн гарын үсгээ зурчихвал Засгийн газар огцрох нь тодорхой. За тэгээд Засгийн газраа огцруулчихлаа.

Дараа нь бүрэлдэх Засгийн газар одоогийнхоосоо дээр ажиллаад, улс орныг өөд нь татаж чадах уу. Үнэхээр сонгуулийн өмнө амалж байсан шигээ “Мэргэжлийн” Засгийн газрыг тэд байгуулах чадамжтай юу. Энэ асуултын өмнө тулж ирээд л гацчихаад байна. За яахав, илүү чадвартай, туршлагатай хүмүүсээр Засгийн газар бүрдүүлж болох л байх. Тийм хүмүүс МАН-д байхгүй биш бий. Гэхдээ л Монголын ард түмэн өнгөрсөн дөрвөн жилд АН-ыг тогтвортой ажиллаж чадсангүй. Эв нэгдэлтэй байсангүй хэмээн үзэж, МАН-ыг үнэмлэхүй олонхиор сонгосон.

Гэтэл МАН 65 суудал авсан мөртлөө эвтэй байж чадсангүй. Ердөө л жилийн дотор хоёр хуваагдчихлаа. Тэгээд одоо Засгийн газраа ч тогтвортой барьж чадахгүй, огцруулах гэж байна. Өмнө дөрвөн жил АН-ын хийсэн алдаатай, “нүхтэй” замаар тэд явчихлаа. Харин “нүх”-ийг нь тойрч чадсангүй, дотор нь уначихаж байх шиг байна. Ингэснээр тэд ард түмний итгэлийг эргүүлж авах нь битгий хэл улам л алдах дээр тулав. 

Цаашлаад хөрөнгө оруулагчид, гадныхан Засгийн газрыг тогтвортой байхыг л ажиглаж, харж байгаа. Одоо л эдийн засаг жаахан сэргэх шинжтэй болж, гадаадын хөрөнгө оруулалт ч бага сага нэмэгдэж байгаа. Ийм үед Засгийн газраа унагачихвал байдал хаашаа эргэх вэ. Дээрээс нь ОУВС-гийн хөтөлбөрт манайх хамрагдаад, эхнээсээ зээл, тусламж нь ороод ирчихсэн байгаа шүү дээ. Гэтэл Засгийн газар огцроод ирэхээр юу болох билээ. Манайх дахиад ОУВС-д огт хандахгүй, хэзээ ч хамтарч ажиллахгүй гэсэн юм байхгүй.

Одоогийн хамтын ажиллагаагаа ч гэсэн нураачихаж арай болохгүй байх. Монгол Улс эдийн засгийн хямралаа дотоодын нөөц бололцоогоороо давах боломжгүй гэдгийг эдийн засагчид хангалттай хэлсэн. Тийм болохоор яаран засгаараа “тоглочихмооргүй” санагдах юм. Тэгээд ч Засгийн газраа огцрууллаа гэхэд дахиад бүрдүүлэх гэж хэсэгтээ л юм болно. Энэ намар, өвлийн улирлыг дамнаж таарах болов уу. Тэр хугацаанд улс орны ажил яах вэ.  Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага ч гэж байна, манай улсад.

Ингэж сандал суудал булаалдаж, нэг Засгийн газрыг унагах гэж хэдэн сар. Дараагийнхыг нь бүрдүүлэх гэж хэдэн сар болоод баймааргүй байна.   Заавал Засгийн газраар унагаад, өмнөх алдаануудыг давтаад байх шаардлага юу байна аа, энэ чинь. Бүр сүүлдээ Засгийн газар унагахаар гарын үсэг цуглуулсан гишүүд АН-тай хамтарч Засгийн газар байгуулах талаар ч ярьсан гэх “бор шувуу” нисээд эхэллээ.

Бүхэл бүтэн 65 суудал авсан нам арай ч ингэж хүндээ хөнгөнөөс сольмооргүй юм. Ямар ч тохиолдолд Засгийн газрыг огцруулаад, түүний дараа бүх асуудал өргөс авчихсан юм шиг алга болно гэж бодохгүй байна. Сайн юманд ч хүргэхгүй л болов уу. Засгийн газраа огцруулснаас болоод ОУВС-гаас авахуулаад хөрөнгө оруулагч нар үргэж, Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрэх вий дээ. 2018 он гараад төлөх өч төчнөөн өр бийг бас мартах учиргүй.

Засгаа аварч үлдээд, тохирчихвол дээр биш үү

МАН дотор Засгийн газар унагах бужигаан үүсч байгаа нэг том шалтгааны талаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн өчигдөр Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсныхаа дараа хэлнэ билээ. Тэр нь М.Энхболд эхнээсээ л Ерөнхий сайдаа аваад, хариуцлагаа үүрээд явах байсан гэсэн мэдэгдэл. Яахав, Ерөнхийлөгчийн сонгуультай холбож энэ үгийг хэлсэн ч цаад талдаа бол утга нь өөр зүйлтэй холбогдож байна даа гэж харлаа.

Ерөөс МАН-ын дарга эхнээсээ л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж, Ерөнхий сайдын албанаас зугтсан. Тэгэхдээ өөрийнхөө эргэн тойрны, чадвартай, чадваргүй зүсэн зүйлийн хүмүүсийг авчирч Засгийн газарт оруулсан нь олон хүний дургүйг хүргэсэн. Уг нь УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон, чадвартай олон гишүүн Засгийн газарт орж ажиллах бодолтой байсан байх. Гэвч олон томилгооны гадна тэд үлдсэн. 

Тиймээс “мэргэжлийн бус” Засгийн газрыг одоо огцруулах аянд мордчихоод байгаа нь яах аргагүй нэг шалтгаан. Тиймээс одоо хариуцлага тооцох хүмүүстээ хариуцлагыг нь тооцоод, харин Засгийн газраа огцруулахгүй аваад үлдсэн нь дээр биш үү. Яахав, салбарын хэдэн сайдуудаа л өөрчилчихнө биз.

Энэ асуудлыг нам дотроо л шийдчихэд болно. Тухайлбал, салбар нь өөдлөхгүй, асуудал их байгаа сайдуудтай хариуцлага тооцоод, огцруулчихаж болно шүү дээ. Боловсролын сайдыг шалгалтын материал задарсны дараа огцруулчихсан. Тэгвэл энэ мэт шалтгаанаар огцруулах сайд одоогийн Засгийн газарт цөөнгүй хэд бий. Тэдэндээ хариуц­ла­гаа тооцоод, оронд нь “хоёр­дугаар ээлж” гэж нэрлэгдээд байгаа хүмүүсээсээ томилчих л доо. Ж.Эрдэнэбат сайд нь ажлаа хийгээд л явж байг. Манайд Засгийн газар тогтвортой байх нь хамгийн чухал байна. Түүнээс биш  төрд гарсан болгон ээлж, ээлжээр “хоолонд” ороод байвал энэ улс орон чинь өөдлөхгүй нь.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.