Хайран нэр хүнд...

Хайран нэр хүнд...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ өдрүүдэд үргэлжилсээр байгаа. Маргааш сонгуулийн дахин санал хураалт болно. Тэгвэл энэ том үйл явдлын хажуугаар нэгэн дуулиант хэрэг үүсээд байгаа нь УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулгын холбогдсон хүчингийн хэрэг. Энэ хэрэг зургадугаар сарын 12-ны өглөө болсон талаар хохирогч гэгдээд буй талаас мэдээлээд байгаа. Хэргийн талаар “Zuv.mn” гэдэг сайт дээр мэдээлэл гарсан гэдэг. Гэвч мэдээллийг утсгасан гэж яриад буй.

Мөн маш олон хэвлэл мэдээллийнхэн УИХ-ын гишүүн хэрэг хийсэн гэж мэдээлж байлаа. Харин хэрэгт холбогдсон гэх Д.Гантулга гишүүн одоо болтол албан ёсоор ямар нэг тайлбар хийгээгүй. Нэг сайтад ярилцлага өгч   “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм.

Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь гүтгэлэг гэж байгаа.  Зарим нь болохоор Д.Гантулга ‘Залуу хүн юм чинь магадгүй’ гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ.

Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно” хэмээн ярьсан.  Түүнээс хойш энэ хэрэг маш их улстөржиж, АН-ын зүгээс санаатай зохион байгуулж байгаа үйлдэл мэтээр тайлбарлаж эхэлсэн. Мөн эрхэм гишүүн өөрийнх нь нэр төрд халдсан мэтээр өдийг хүртэл тайлбарлаж буй. Ингэж байтал хохирогч талынхан мэдээлэл хийж, чухам юу болсон талаар ярьсан.

Бүр өчигдөр гэхэд хохирогч гэгдээд буй бүсгүйн эгч Ч.Саранзаяа мэдээлэл хийж, эхнээс нь зарим баримтыг дэлгэлээ. УИХ-ын гишүүн Д.Гантулгын найз Анхбаяр гэдэг залуутай хамт “Гурван гал” эмнэлэгт очиж ярьж байгаа бичлэгийг ил болгов. Түүнээс гадна хохирогч гээд байгаа бүсгүйн талаар ч харлуулсан мэдээлэл сошиалд тарсан.

Энэ мэтээр хоёр талаас тэмцэлдэж байна. Цагдаа, хуулийнхан нь Д.Гантулга гишүүнийг буруугүй гэсэн шийдвэр гаргачихсан. Гэхдээ хохирогч тал бол хуулийнхан гишүүнд үйлчилж байна, эд мөрийн баримтыг устгасан. Цаашид ч олон баримт гаргаж тавина гээд байдаг. Одоогоор тэрний зөв, энэ нь буруу гэж хэлэх арга алга. Хамгийн гол нь энэ дунд УИХ-ын гишүүн гэдэг нэр төр сэвтэж байна. Төрийн нэр төр шороотой хутгалдчихлаа. Олон хүн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хэрэг хийчихсэн нь үнэн юм биш үү гэдэг талаас нь харж байгаа.

Хэнтий аймгийнхан хүртэл тайван жагсаал хийлээ. Угтаа бол УИХ-ын гишүүн гэдэг ард түмний төлөөлөл болж, хэрэгтэй хууль баталж ажиллах ёстой. Монголчууд төрөө дээдэлж, цайныхаа дээжийг хүртэл “Төрийн сүлд өршөө” гэж өргөдөг. Төр гэдэг өөрөө энэ хэдэн гишүүн, өндөр дээд албан тушаалтнууд биз дээ. Гэтэл нэг гишүүн элдэв хэрэгт орооцолдож, төрийн нэрийг шавартай хутгаж болох уу. УИХ-ын гишүүн юун улаан махны хэрэгт нэр холбогдож, үнэн, худал гэж хэлэлцэж, хэрэлдэж суух.

Олон мянган иргэний төлөөлөл болохын хувьд чуулганы хурлаа ч таслах учиргүй биз дээ.  Тийм болохоор энэ мэт хэргийг нэг тийш нь болгож, төрийн нэр хүндийг шавар шавхайнаас салгамаар байна. Хэрвээ Д.Гантулга гэдэг гишүүн үнэхээр хэрэг төвөгт холбогдчихсон юм бол МАН-ынхан энэ хүнтэйгээ хариуцлага тооцоод, эргүүлэн татаад, шалгуулаач ээ. Үнэн мөнийг нь тогтоогооч.

Сонгууль яах вэ, маргааш л дууслаа. Харин энэ асуудал дуусахгүй шинжтэй. Тийм болохоор ядаж намынхаа нэр хүндийг бодсон ч шийдэх хэрэгтэй биз дээ. УИХ-ын гишүүнийг зүгээр нэг хүн хийгээд, тэгээд тэр том нэр хүндийг шороотой хутгаад яваад байж болохгүй. 

Яахав, МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчийнх нь нэр хүнд унана гэж эмээгээд байгаа байх. Тийм болохоор сонгуулийн дараа асуудлаа шийдээрэй гээд байна. Одоо нөгөө талаас нь хараад үзье.  Үнэхээр Д.Гантулга гишүүн хэрэг хийгээгүй бол яах вэ. Сонгуультай холбоотойгоор хамгийн залуу, юу ч хийж магадгүй гэдгээр нь түүний нэрийг ашиглаж байж ч болох. Асуудал хоёр талтай шүү дээ. 

Хэрвээ тийм бол одоо өөрөө гарч ирээд,  мэдэгдэл хийгээд, батлаад, нэр төрөө цэвэрлэж аваач ээ. Ганц сайтад жаахан яриа өгөөд, өөр зүйл хийхгүй болохоор эргэлзэх хүмүүс олон болчихоод байна. Тийм болохоор зургадугаар сарын 11-ний шөнө айлд хоноогүй, 12-ны өглөө тийм хэрэг хийгээгүй гэдгээ батлаад, мэдэгдэл хийгээд, нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй.

Энд Д.Гантулга гэдэг хүндээ ч байгаа юм биш. Гол нь УИХ-ын гишүүн ийм хэрэгт орооцолдсон гэдэгтээ л байгаа юм. Төрийн босго өндөр. Тиймээс л ийм асуудалд ямар нэг байдлаар, үнэн ч бай, худлаа ч бай холбогдоод баймааргүй.

Холбогдох сэдэл, сэжим ч гаргаад байх хэрэггүй шүү дээ. Гадаад орнуудад, тэр дундаа Японд улстөрчид нь нэг үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцорч байна. Биеэ үнэлэгч авсныхаа төлөө бүрэн эрхээсээ татгалзаж, огцорч байгаа улстөрчид ч олон байдаг. Тийм жишээ их. Гэтэл манайд болохоор зөв, буруугаа батлах ч үгүй хэрэлдсээр. Ийм зүйл байж таарахгүй ээ. Буруутай бол буруугаа хүлээгээд, ёс зүйтэйхэн шиг огцор. Буруугүй бол түүнийгээ батлаад, энэ асуудлыг нэг тийш нь болгох хэрэгтэй байна аа. УИХ-ын гишүүдийн нэр хүнд ингэтлээ унах ёсгүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.