Сонгогчдын саналыг нууцалсан гэх хавтас харин ч эрхийг нь зөрчиж байна гэв

Сонгогчдын саналыг нууцалсан гэх хавтас харин ч эрхийг нь зөрчиж байна гэв

СЕХ өнөө жилийн сонгуулиар сонгогчдын саналыг нууцлах үүднээс хавтас бэлтгэсэн. Гэсэн ч энэ нь сонгогчдын сонгох эрхийг хамгаалах бус эсрэгээрээ хэнд өгснийг нь хянах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа болж, хүний эрхийг зөрчиж буй талаар УИХ-ын гишүүн асан, хүний эрхийн хуульч Ц.Оюунгэрэл мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Би 1920 дугаар хэсэг дээр саналаа өгчихөөд ирлээ. Саналаа өгөх гээд ширээний ард суухад миний саналыг хуудсыг ийм дугтуйнд хийсэн байсан. Гэтэл энэ дугтуй нь дээд хэсгээрээ нугалчихсан. Мөн дороос нь хадчихсан байна лээ. Тэгээд саналын хуудсаа дугтуйнд хийхэд жагсаалтын нэгдүгээрт байгаа нэр дэвшигч М.Энхболдын зураг, дугуйлсан эсэх нь ил харагдаж байхаар байна. Би саналаа өгөхөөс өмнө гурван намын ажиглагч дээр очоод энэ хавтасны зургийг авахыг сануулсан.

Мөн нотлох баримт гээд аваад гараад ирлээ. Хэн ийм богино хавтас бэлдсэнийг асуухад СЕХ-ноос ирүүлсэн гэсэн. Олон хүний саналаа нууцаар чөлөөтэй өгөх эрхийг зөрчиж байгаа энэ асуудлыг шалгуулна. СХД-ээс мөн иргэн надад ийм хуудсыг авч ирж өглөө. Байгаа хавтас нь энэ гэж өгсөн байна лээ.

Төрийн дарамтад байгаа, ажлын байраа алдах дарамтад байгаа бүх хүмүүс саналаа чөлөөтэй нууцаар өгөх эрхээ алдаж байна. Саналаа хэнд өгч байгаа нь харагдаж байгаа учраас маш их айдастай байна гэсэн мэдээлэл хөдөө орон нутгаас ирлээ. Ардчилсан төрийн түүхэнд хамгийн хар сонгууль болж байна.

Нэг намын дарангуйлалд орсон учраас үнэхээр эрээ цээрээ алдаж байгаа бололтой. 60 тэрбумын асуудлын слайд танилцуулгад СЕХ-ны багийг хэрхэн нэг намд ажиллуулах тухай оруулсан байдаг. Тэр зарчмаар л ажиллаж байна даа. Иргэдийг нууцаар саналаа өгөх эрхийг ноцтой зөрчиж байна. Хар кнопноос болоод М.Энхболдод саналаа өгсөн эсэх нь шууд харагдаж байгаа” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.