Хэн юу хэлэв

Хэн юу хэлэв

О.Баасанхүү: Хэний хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсоныг мэдэж байна

УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтаар эсрэг байр суурь илэрхийлж байгаа билээ. Гэсэн ч МАН-ын гишүүд О.Баасанхүүг нойрноосоо сэрээгүй, ор үндэсгүй зүйл ярьж байна хэмээн гүтгэж, зарим дэд сайдууд нь үхээч хэмээн занаж байсан нь саяхан. Тэгвэл О.Баасанхүү гишүүний зөв байсан нь тодорхой болж, УИХ-аар эх орноосоо урвах зүйл заалтыг эргэж ярихад хүрээд байгаа билээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Өнгөрсөн парламентад Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, хуульч гишүүд Хууль зүйн байнгын хорооноос гарах мэдэгдэл хийж байсан. Хууль зүйн сайд Эрүүгийн хуулийг сайжруулна гэдэг нэрээр тодорхой заалтуудад өөрчлөлт оруулахдаа харин ч муу болгочихсон. Мууг нь ч сайжруулсангүй. Үүний нэг нь эх орноосоо урвах гэдэг заалтыг авчихсан байсан явдал.

Гэтэл Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг улстөржсөн мэдэгдэл хийсэн. Хуулийн заалт өөрөө ноцтой учраас эх орноосоо урвах гэдэг заалтыг Эрүүгийн хуульд заавал оруулах ёстой. Зөвшилцөл, хэлцэл, хэлэлцүүлгийн дүнд гишүүд ойлгож, энэ заалтыг оруулахаар болсон. Шуурхай батлаасай гэж хүсэж байна. Нөгөөтэйгүүр Хар тамхины хэрэгт 5-12 жилийн ял ногдуулахаар тавьчихсан байгаа. Энэ хэргийн улмаас шоронд байгаа бүх хүн долдугаар сарын 1-нээс суллагдана. Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчим гэж бий. 12, 15 жилийн ял авсан хүмүүс байлаа гэхэд интервалд ороод шууд доод талын ялын хэмжээг өгнө. Тэр нь таван жил.

Тэгэхээр бүгд таван жил болно. Давтан хэрэг хийсэн, онц их хэмжээний хар тамхи зарах гэж байсан гээд шүүхээр орсон бүх хүн эсвэл шүүхээр орох гэж байгаа хүмүүс автоматаар таван жилийн ялтай болно. Гадаад, дотоодоосоо авхуулаад 2-3 жил шоронд ял эдэлсэн бараг 200-гаад хүн бий. Тэр хүмүүс таван жил болонгуут гарна гэсэн үг. Доод тал нь таван жил гэдэг ийм бодлоготой байгаа. Хэний хүүхэд ийм хэргээр шоронд байгааг олон нийт мэдэж байгаа. Хэний хүүхэд хэрэгт холбогдоод байгааг ч мэдэж байгаа” хэмээжээ.

Я.Содбаатар: Ипотекийн найман хувийн зээлийг үргэлжлүүлнэ

УИХ-аар хэлэлцэж буй Монголбанкнтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэр дундаа ипотекийн зээлээс хүлээсэн алдагдлын нэг хүний идсэн мөнгө мэтээр нийгэмд ойлгуулж, алдагдлыг нөхөн төлүүлэх асуудлыг Ардын нам ярьж эхэлсэн билээ. Эндээс үүдэж ипотекийн зээлийн хүү 15-20 болох нь, бүр олгохгүй байхаар шийджээ гэсэн олон янзын таамаг яриа гарч буй. Тэгвэл МАН-ын бүлгийн гишүүн Я.Содбаатар энэ асуудалд тайлбар өгчээ.

Я.Содбаатар гишүүн “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Олон улсын байгууллагаас тавьж байгаа чиг хандлага бол төв банк монгол төгрөгийн ханшийг тогтвортой барих, Монгол Улсын банк санхүүгийн системийг эрүүл өрсөлдөөнтэй байлгах гээд хуулиар хүлээсэн үүрэг чиглэлээ баримталж явах ёстой. Иргэдийг орон сууцжуулах, иргэдийн хуримтлал, иргэдийн нийгмийн асуудал Монгол Улсын Засгийн газрын чиг үүрэг. Хуулиар заасан чиг үүргээ л хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас Засгийн газарт ипотекийг хэрэгжүүлэх ёстой.

Төсөв дээрээ тавина уу, гадна дотны эх үүсвэрээр гүйцэтгэнэ үү, Засгийн газрын шийдвэрлэх асуудал. Цаашдаа хямд эх үүсвэрийг гадаад зах зээлээс татаж, ипотекийн зээлийг хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ санхүүгийн механизм нь зөв байх ёстой.  Монгол Улсад өнөөдөр орон сууцанд оръё гэсэн иргэд их байна, орон сууцжуулах шаардлага ч байна. Энийг дагаад агаарын бохирдол, иргэдийн нийгмийн асуудал гээд олон асуудал цаана нь шийдвэрлэгдэнэ. Тийм учраас орон сууцны хөтөлбөрийг зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй төв суурин газар ч хэрэгжүүлэх ёстой.  Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ гэсэн хатуу байр суурьтай байгаа.

Хэрэгжүүлэхдээ эдийн засагтаа сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна л гэж харж байгаа гэсэн байна. Мөн Төв банкны өмнө хэрэгжүүлсэн бодлого огт үр дүнгүй гэж хэлэхгүй хэмээсэн аж. Эрхэм гишүүн “Цаанаа мөнгө хэвлэж, нийлүүлсэн бодлогын алдаа байсан ч гэсэн ипотекийн зээл иргэдэд хүрч, үр дүнгээ өгсөн. Үүнтэй маргахгүй.  Гол нь одоо бодлогын алдааг засах нь чухал байгаа. Тийм учраас бид орон сууцны санхүүжилтийг зах зээлийнх нь горимоор ажиллах хэмжээнд авч явах гэж арга зам эрэлхийлж байна” хэмээжээ.   

С.Жавхлан: Би бүгдийг хийнэ

УИХ-ын гишүүн С.Жавхлан МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй намын дарга М.Энхболдод оффшор данстай гишүүдийнхээ нэр усыг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох тухай хүсэлт хүргүүлсэн ч хүлээж аваагүй учраас ажил хаялт зарлахаар шийдсэн билээ. Гэтэл эрхэм гишүүнийг хуралдаа суухгүй байна хэмээн хэвлэл мэдээллээр зарласан учраас арга ядахдаа албан өрөөндөө эсэргүүцэл зарлаж, Төрийн ордонд гурав хоног амьдарсан юм. 

Зургадугаар сарын 1-нээс тэмцлээ эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй учраас эцэст нь гэртээ харьсныг уншигч авхай та санаж буй биз. Тэгвэл Төрийн ордонд нойргүй шахам хонож өнжиж эсэргүүцэл илэрхийлсэн талаараа байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар эрхэм гишүүн өөрийн нүүр номдоо “Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг дуулаад л явж байдаг, Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ дуугаа хаячихаад л тэмцээд л гүйгээд байсан.

Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй. Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая” хэмээжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.