ХОМ-ийг зарлахгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу

ХОМ-ийг зарлахгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юу

Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас жил бүр гаргадаг. 2007 оноос хойш өнгөрсөн жилийг хүртэл ХОМ их удлаа гэхэд л тавдугаар сард гарчихдаг байсан. Өнгөрсөн жил гэхэд гуравдугаар сарын 9-нд хэчнээн албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлсэн талаар АТГ-аас мэдээлэл гаргаж байж. Харин тавдугаар сарын 5-ны өдөр гэхэд ХОМ гарч, гишүүд хэдэн малтай, гахайтай, хэчнээн төгрөгийн хадгаламжтай талаар цахим сайтууд мэдээлж байж.

Гэтэл энэ жил тавдугаар сар дуусч байхад ХОМ-ийн сураг ч алга. Чухам ямар шалтгааны улмаас ХОМ өдий хүртэл гарахгүй байгаа талаар одоохондоо тодорхой мэдээлэл алга. Тэгвэл удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахгүй байгаа юм биш биз дээ. Бид ингэж хардахаас өөр арга алга.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын сүүлчээр учиртай. Энэ удаагийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас гишүүн асан С.Ганбаатар нар өрсөлдөж байгаа. М.Энхболд даргыг эс тооцвол нөгөө хоёр нь төрийн албанд ажиллаагүй. Тэгэхээр ХОМ гаргаж өгөх шаардлага байхгүй. Харин М.Энхболд УИХ-ын дарга учраас ХОМ өгөх ёстой. Тиймдээ ч эрхэм даргын хурааж хуримтлуулсан хөрөнгө, олсон орлого, хэчнээн малтай, хэдэн төгрөгийн хадгаламжтай нь ил болно. Тиймээс МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа нэр дэвшигчийнхээ хөрөнгө, орлогын мэдээллийг олонд түгээх гэж ХОМ-ийг хойшлуулаад байж магадгүй юм.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээгүй байгаа хэдий ч цахим ертөнцөд жинхэнэ утгаараа “дайн” өрнөж байна.  Нэр дэвшигчдийн эсрэг хийж болох бүхий л хар пи арыг хэрэглэж эхэллээ. Тэр дундаа С.Ганбаатарын нэр тодрохоос өмнө нөгөө хоёрынх нь хөрөнгө мөнгийг харьцуулсан зургийг фэйсбүүк, твиттерээр цацаад байгаа. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу, бүү мэд. Хэзээний ч хөрөнгө орлогын мэдүүлгээс нь авсан юм. Хамгийн гол нь насаараа төрийн албанаас салаагүй, элдэв бизнесгүй МАН-ын нэр дэвшигчийн хөрөнгө мөнгө олон компанитай, бизнестэй АН-ын нэр дэвшигчийнхээс илүү гэсэн хар пи ар яваад байгаа юм.

Тийм болохоор л МАН-ынхан ХОМ-ийг яаран гаргахгүй алгуурлаад байна уу гэж хардах гээд байна. ХОМ гарсан ч гэсэн АН, МАН-ын нэр дэвшигчдийн хөрөнгө, мөнгө ойролцоо гарах болов уу. Өмнөх хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг харахад тийм ч хол зөрүүтэй харагдахгүй байгаа.  Тийм болохоор сонгуулийн өмнө хөрөнгө орлогын мэдүүлгээр тоглоод, бөөн хар пи ар болох магадлал их. МАН-ын нэр дэвшигч өнөөдрийг хүртэл тэгж тэгж төрийн албанд ажилласан гээд л намтрыг нь тавьж байгаад хэвлэлийнхэн бичнэ.

Ямар ч бизнес эрхэлж байгаагүй хүн яаж ийм хөрөнгө мөнгөтэй болов гээд л дайрна. Сошиал ертөнцөөр “балбана”. Сонгууль угаасаа тийм байдаг. Тиймээс л энэ бүхнээс эмээгээд байх шиг байна уу гэж хардахаас өөр арга алга. Түүнээс биш өдийд ХОМ гараад, ямар гишүүн хэрхэн яаж хөрөнгө мөнгө нь нэмэгдсэн, адуу мал нь өссөн, машин тэрэг нь олширсныг бид хараад сууж байх ёстой байсан даа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.