МАН-ын “60 тэрбум”-ын асуудлаар мэдээлэл өгөхийг даалгажээ

МАН-ын “60 тэрбум”-ын асуудлаар мэдээлэл өгөхийг даалгажээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өчигдөр ээлжит хурлаа хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруул­гын төслийг тус тус хэлэлц­жээ. 

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой бүлгийн гишүүдэд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон ажлын хэсгийн гишүүд  мэдээлэл хийж санал бодлоо солилцсон байна. Д.Тогтохсүрэн нарын  гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад Монгол Улсын Үндсэн Хууль болон бусад хуультай зөрчилдөж буй заалтууд нэлээд байгаа төдийгүй Төрийн албаны зөвлөлийн хараат бус байдалд нөлөөлөх Засгийн газраас төрийн албаны томилгоо, сонгон шалгаруулалтад дам болон шууд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэхээр зүйл заалтууд олон байгааг эргэж харж, Мэргэжлийн байгууллага хүмүүсийн саналыг тусган өөрчлөн найруулах, Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийх шаардлагатай гэж  АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. Мөн хуулийн төсөлд Үндсэн хуулийн 46.2 дахь хэсэгт заасан  Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч гэсэн агуулга томъёоллыг  орхигдуулсан, журам дүрмээр зохицуулах боломжтой олон зүйлийг хэт хавтгайруулан тусгасан, Төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг Засгийн газрын мэдэлд /ЗГХЭГ/  шилжүүлэн төвлөрүүлэхээр заасан байгаа нь Төрийн албаны зөвлөл,  төрийн алба хаагчийн хараат бус тогтвортой ажиллах нөхцөлд сөргөөр нөлөөлөхөөр байна гэж дүгнэжээ.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш Төрийн албаны зөвлөл болон бусад мэргэжлийн байгууллага, холбоодын оролцоотойгоор тус  хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулахаар болсон аж. Мөн бүлгийн хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос бүлгийн гишүүд одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, Сүхбаатар аймагт үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсчээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн хэлж буйгаар  “Сүхбаатар аймагт үнэхээр хууль зөрчсөн зүйл болсон. Төрийн албаны зөвлөлөөс байр сууриа албан тоотоор хатуу илэрхийлсэн байгаа. Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ИТХ-ын гишүүн буюу улс төрийн албан тушаал хашч байгаа хүн төрийн Захиргааны алба давхар хаших хууль эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тиймээс Сүхбаатар аймагт хууль бусаар төрийн албанд ажиллаж байгаа гурван хүнийг ИТХ-даа, эсвэл төрийн захиргааны ажлыг нь хийлгэ” гэсэн шаардлага хүргүүлсэн.

Харин аймгийн Засаг даргаас нь Төрийн албаны зөвлөлд хариу бичиг ирүүлсэн. Хариу бичигт “УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор тун удахгүй Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт орох гэж байна. Тиймээс тэр болтол энэ байдлаараа ажиллаж байх болно” гэсэн  батлагдаагүй байгаа хуулийн төсөлтэй холбон, одоо мөрдөгдөж буй хуульд нийцээгүй албан тоот ирүүлсэн гэсэн хариулт өгчээ. Түүнчлэн  сүүлийн үед төрийн албанаас 22365 хүн халагдсан. Үүнээс 3000 гаруй хүн тэтгэвэрт гарсан тухай Төрийн Албаны Зөвлөлийн дарга энэ үеэр мэдээлэл өгсөн аж.

УИХ-аар хэлэлцэж буй Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр төрийн албаны тогтвортой байдлыг анхаарч үзэх хэрэгтэй байгаа талаар АН-ын бүлгийн гишүүдтэй байр сууриа солилцсон байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс төрийн албыг арилжааны хэрэгсэл болгож буй талаар ярилцсан “60 тэрбум”-ын гэж нэрлээд буй асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг Төрийн Албаны Зөвлөлд даалгалаа. Бүлгийн хуралдааны эцэст Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа эдгээр ажлын хэсгийн ахлагчаар ажиллахаар болжээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонсчээ. Тус намын бүлэг үдээс өмнө хуралдаж түр завсарласан бөгөөд үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн­гүй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.