Улаанбаатар 7oC

Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар тэргүүтэн МАХН-д бүл нэмэх үү

Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар тэргүүтэн МАХН-д бүл нэмэх үү

Хэл ам, хэрүүл маргаан, дотоод зөрчлөө ямагт нууж, гишүүдээ хайрцаглаж чаддаг МАН-ынхан хуучных шигээ байж чадахаа болжээ. Хэтэрхий олон гишүүдтэй, нөгөө талаар амны салиа нь арилаагүй “бор халзан” хонинууд нь амны зоргоор дотоод хэрүүлээ хэвлэлээр дэлгэж, намын даргаа байсхийгээд л “байдалд” оруулчихдаг болсон.

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн даваа гарагт хуралдсан бүлгийн хуралдааны үеэр Ерөнхий сайдын дур мэдэн шийдвэр гаргасан 744 тэрбумын долоон концессын асуудал Ардын намын дотоод хагарлыг ил болгож орхисон юм. Ц.Нямдорж, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун тэргүүтэй МАН-ын гишүүд Засгийн газрын сайдуудын халаасанд орсон концессын гэрээнээс болж маргалдсан нь хэвлэлээр ил болсны дараа Ц.Нямдорж гишүүн “намайг Ерөнхийлөгч болгохгүйн тулд зарим хүмүүс улаан цайн миний нэр хүндэд халдаж байна” хэмээн мэдэгдлээ.

Нөгөө талаар дотооддоо хагаралдаж эхэлсэн МАН-ын зөрчлөөс үүдэж нэр бүхий гишүүд МАХН-д элсэх тухай яриа ч гараад амжлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ тухай хоёр ч хэвлэлд ярьжээ. Тодруулбал, манай сонинд өгсөн ярилцлагадаа МАН-аас таван гишүүн манай намд орно хэмээн ярьсан бол өчигдөрхөн зургаан гишүүн манай намд орохоор болсон хэмээн ярьжээ.

Тэгвэл эдгээр таван гишүүн хэн байх вэ гэдэг таамаг саарал ордонд хэдийнэ тархаад байна. Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Нямдорж, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд МАН-аас гарахад бэлэн байгаа гэх. Тэдний зарим нь МАХН-ын дарга Н.Энхбаяртай ойр ойрхон уулзах болсон тухай ч “бор шувуу” нисч байна. Мөн Батлан хамгаалах салбарын сайдыг огцруулах АН-ын тоглолтын цаана Ардын намын гишүүн байгаа гэдгийг албан бус эх сурвалж дуулгалаа.

Тун удахгүй МАН, АН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор зарлана. Гэтэл МАН-ынхан дунд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй нэг биш нэлээд хэдэн хүн байгаа. Тэр дундаа Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Энхболд нарын дунд гол өрсөлдөөн явагдах учиртай юм. Хэрвээ МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхээ авчихвал дээрх хоёр улстөрчийн аль нэг нь МАХН руу нүүдэл хийж, МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай.

Энэ таамаг үнэн эсэхийг хэлэхэд эрт байгаа ч Н.Энхбаярын дотор эмээлтэй, хазаартай морь багтаж буй нь тодорхой. Дээрх нэр дурьдсан гишүүд одоогоор нам дотроо багтах зайгүй болоод буй. Увсын хоёр гишүүний маргаан туйлдаа хүрч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хоорондоо ч үг дуугарахаа больсон.

Ч.Хүрэлбаатар гишүүн нам дотроо л сөрөг хүчин болчихоод байгаа юм билээ. Мөн Ж.Энхбаяр гишүүн ч Ардын намын бодлогыг хамгийн их шүүмжилдэг улстөрч болсон. Энэ мэтээр намдаа ад үзэгдэх болсон эрхэм гишүүд Ц.Нямдорж гишүүнийг МАХН-аас Ерөнхийлөгчид сойчихоод, улмаар өөрсдөө ард талд нь асаалттай танк болоод зогсчихвол АН, МАН аль аль нь эвгүйтэх билээ. Хаврын улс төр хачин сонирхолтой болж мэдэх нь. Харин яаж өрнөхийг тааж хэлэхэд эрт байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.