Туул голоос өдөрт 400-500 машин хайрга олборлож байна

Туул голоос өдөрт 400-500 машин хайрга олборлож байна

Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол болон холбогдох албаны хүмүүс өчигдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны иргэдтэй уулзаж, Засгийн газрын хийж хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар тайлагналаа.

Иргэдийн хувьд Засгийн газрын гишүүд тосгоны иргэдийн амьдралтай газар дээр нь ирж танилцаж байгаад талархсанаа илэрхийлж байсан юм. Түүнчлэн өөрсдийн амьдарч буй орчинд тулгамдаад байгаа асуудлуудыг илэн далангуй илэрхийлж цаашид ажил хэрэг болгон ажиллахыг хүсч байлаа.

Уулзалтын дараа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тосгоны сургууль болон хайрганы карьерийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр иргэд Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Туул тосгонд хайрга олборлолтоос үүдэн байгаль орчин сүйдэж, шороо тоос ихээр үүсэн иргэдийн амьдрах нөхцөл муудсан гэдгийг салбарын сайдад дуулгаж байлаа. Карьерийн үйл ажиллагаа эрхлэгчид олборлосон хайргаа Туул тосгоны төв дундуур зөөвөрлөдөгөөс үүдэн тоос шороо ихээр үүсдэг байна. Цаашлаад малын бэлчээр хүртэл устаж үгүй болж байгааг хэлж байв. Түүгээр барахгүй Туул тосгоны төвд айлын хашаан дотор хайрга олборлодог болсон, өдөртөө 400-500 машин хайрга тосгоны төвөөр дайран өнгөрч байгаа талаар иргэд хэлж байв. Энэ асуудлыг цэгцэлж, хайрга олборлолтыг зогсоох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Нийслэл, дүүргийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан баг өнөөдөр Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт ирж иргэдийн амьдралтай танилцлаа. Хайрга олборлолтоос үүдэн энэ хорооны нутаг дэвсгэр нүд хальтрам дүр зураг харагдаж байна. Хариуцлагагүй уул уурхайгаас болж иргэд эрүүл аюулгүй амьдрах орчин байхгүй болсон байна. Мал бэлчих газаргүй, ундны цэвэр усгүй болох  эрсдэл нүүрэлсэн байдалтай байна.Бид ярилцаад эхний ээлжинд яаралтай дундын ажлын хэсэг байгуулж, энд үйл ажиллагаа явуулж байгаа бүх газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг эхлүүлэхээр боллоо. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэж байгаа нэрийдлээр иргэд, нийтийн эрх ашгийг хохироож буй энэ үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй. Дан ганц үйл ажиллагааг нь зогсоохоос гадна байгаль орчны нөхөн сэргээлтийг хийхийг шаардах болно” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.