МАН-ын эв нэгдлийг тэслэх “бөмбөг”-ний цаг дуусч байгаа юу

МАН-ын эв нэгдлийг тэслэх “бөмбөг”-ний цаг дуусч байгаа юу

МАН-ынхан өөрсдийгөө тун ч их эв нэгдэлтэй гэж ард түмэнд харагдуулахыг хичээдэг. Тиймдээ ч хэдий дотроо зөрчилдөж байсан ч гэсэн энд тэнд яриад, үзэл бодлоо хувь хувьдаа илэрхийлээд байдаггүй. Өнөөг хүртэл нэгэн цул, ямар ч фракцийн задралгүй нам мэт харагдуулсаар ирсэн. Харин АН-ынхан  бол нэгнийгээ шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэд хэдээрээ нийлж, фракц болох нь байх л асуудал хэмээн ярьж, хэлсээр өнөөг хүрсэн. Мэдээж МАН-ынхны  асуудлаа дотроо дарж, наанаа сайхан инээж чаддаг байдал цөөнгүй жил амжилт олсон. Харин сүүлийн үед МАН-ын “олгой” тогоондоо биш бүр хальж хагарч эхэллээ.

Ерөөс 2016 оны сонгуулийн дараанаас л МАН-ын дотоод зөрчил эхэлж, цөөнгүй хэдэн хэсэгт хуваагдчихаад байгаа нь мэдрэгдэж эхэлсэн. Сайдын болоод дарга нарын суудал хуваарилахад юу ч үгүй үлдсэн хүмүүс нь мэдээж гомдоно, тунирхана. Тиймдээ ч сүүлийн үед хоёр гурван сайдыг огцруулах асуудал бүр ч ширүүн яригдаж эхэллээ. Нам дотроо бол алаан болж байгаа нь тодорхой. Харин хэзээнээсээ дотоод асуудлаа сайтар нууж, гадагш гаргахгүй байгаад сурчихсан тулдаа тэд дэлбэ үсэрчихэлгүй тэсээд байна. Гэхдээ энэ байдал тийм ч удаан үргэлжлэх нь юу л бол. Нэг их удахгүй МАН-ын өнөөх хиймэл эв түнжин нь зад үсэрч, нэлээд том дэлбэрэлт болох вий дээ. Ер нь тэгээд хүчээр, хиймлээр хийсэн юм задрахдаа хортой үр дагавар ихийг үлдээдэг гэмтэй.

Ерөнхийдөө МАН-ын даргын өөрийн хүмүүсээр төрийн бүхий л албыг дүүргэж байгаа нь залуучуудад нь таалагдахгүй байгаа нь ойлгомжтой. Ядаж байхад зарим сайд нь үнэхээр өмнөөс нь ичиж үхмээр ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд өнөөдрийг хүртэл намдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, хувь нэмрээ оруулсан ч мөнгөтэй хүмүүст дарагдаад албан тушаалгүй үлдсэн залуус дургүй нь хүрч таараа. Тиймдээ ч тэд нэгдэж, Засгийн газраар биш юм гэхэд зарим салбараар нь оролдож эхэлж таарна шүү дээ. Ингэхээр даргынх нь хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Ингээд л зөрчил үүсч таараа. Дээрээс нь зөвхөн залуучууд гэлтгүй дунд насныхан, тэгээд Шадар сайдаас авахуулаад томилгоонд сэтгэл дундуур хүмүүс цөөнгүй байгаа талаар жив жув гэлцэх боллоо.

МАН хэдий болтол зарим яамдынхаа Төрийн нарийн бичгийн даргыг томилж чадахгүй явсан билээ дээ. Тохиролцож чадахгүй гацаад, чамгүй удсан. Одоо УУЯ-ны дэд сайдын суудал хоосон байгаа. Энэ суудалд чухам хэнийгээ тавих дээр МАН нэлээд толхилцож байх шиг байна. Дээрээс нь сая “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг шийдэхэд хүртэл МАН-ын цөөнгүй гишүүн эсрэг санал өгсөн. Угаас МАН-аас УИХ-д 40 гаруй цоо шинэ гишүүн суусан. Тэр дунд хараахан бохирдчихоогүй, одоохондоо бага сага шударга ёс үнэртүүлж яваа хэсэг бүлэг ч бий. Тэр болгон МАН-ын хэзээ мөдгүй дэлбэрчих дөхөөд байгаа хуурамч эв нэгдлийг улам л хэврэг болгож байх шиг байна.

Фракцгүй гэгдэж байсан МАН ямар ч байсан 2-3 хэсэгт хуваагдчихсан байгааг сонгуулийн дараах олон үйл явдал харууллаа. Зарим улстөрчид удахгүй Засгийн газар огцорч, дараагийн сайдуудын нэр хүртэл тодорчихсон байгаа хэмээн ярьсан байсан. Тэр яриа ч байгаа онож магадгүй шинжтэй л байна. Хэрвээ МАН үнэхээр эв нэгдэлтэй, элдэв янзаар хуваагдаагүй, нэг цул нам бол өдийд нэг яамны дэд сайдын суудлыг хоосон байлгаад, асуудлыг шийдэхгүй явахгүй нь тодорхой. Тэдний “олгой” аль хэдийн тогоондоо хагарчихаад, одоо гадагшаа цацагдах л үлдээд байх шиг байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүчээр “тогоо”-гоо таглаж болох юм. Харин цаашид нөхцөл байдал хэвээр үргэлжилбэл МАН гэдэг “бөмбөг” дэлбэрэх нь цаг хугацааны л асуудал болов уу. Ер нь “бөмбөг” тэсрэх цаг дөхөж байж ч болох юм. Магадгүй хэн нэгэн нь тэслэгчийг нь тун удахгүй дарах ч юм бил үү, хэн мэдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.