Коммунистуудад ээлтэй дүүргүүд

Коммунистуудад ээлтэй дүүргүүд

“Хэн нь хэн бэ” булангийнхаа энэ удаагийн дугаарт нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүргийн Засаг дарга нарыг онцолж байна.

Дүүрэг цаашаа Ц.Сандаг-Очир

Муу нэрийг хусавч үл арилах тодотголдоо үе үе шаналж суудаг байж мэдэх эрхэм бол Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир. Орон нутгийн бүх шатны сонгуульд намаа авч гарсан гавьяагаа эдлэн дүүргийн Засаг даргаар хоёронтоо томилогдсон түүнийг “зодоонч”, “газрын наймаачин” гэх “шошго” цаг үргэлж дагах. Мань эр 2008-2012 онд  дүүргийнхээ   Засаг даргаар  ажиллаж байх үедээ  газрын албаны дарга Х.Хишигбадрахын хамт  албан тушаал, эрх мэдлээ  урвуулан  ашигласан гэх хэл аманд өртөн АТГ-т хоёр жил байцаагдаж үйлээ үзсэн түүхтэй.  Үүнийг эс тооцвол   Сандаг-Очир ноён бас ч гэж эрийн хугархай, нүжигтэй эр  юм гэнэ лээ. 

Түүний улс төрийн болоод хувь хүний намтрыг сонирхох аваас  “Тэнгэр” дээд сургуулийг төгссөн,   философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, 2001 оноос   Багануур дүүргийн IV дүгээр хорооны нийгмийн ажилтан, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, Багануур дүүргийн МАН-ын дэд дарга, 2008 оноос Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж буй гэсэн ганц өгүүлбэрт багтах аж.  Асуудлыг нөгөө өнцгөөс нь харвал, дүүргийн анхан шатны нэгжээс Засаг дарга болтлоо өсч дэвжиж болдгийг намынхаа залууст биеэр харуулж яваа улстөрч.  Эдүгээ түүний цээжний мухарт дүүрэг цаашаа болж, УИХ-ын гишүүн болох  мөрөөдөл буй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. 

Үүнийх нь төлөө Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар хичээнгүйлэн зүтгэх биз. Учир нь тэрбээр  цүнх баригчид төдийгүй тэднийхээ эхнэрүүдийг ивээлдээ авч багаа бүрдүүлсэн гэлцдэг. Бүр хэн ч  үгнээс нь гарахгүй  байх сайн талтай ч байж мэднэ. Гэхдээ тэр юу чаддагаа дүүргийнхээ иргэдэд харуулахаар хичээж яваагаа сэтгүүлчидтэй саяхан хуваалцсан юм.  Тэрбээр  2008 оноос   дүүрэг, орон нутгийн  батлагдсан хөрөнгө оруулалтын ажлуудыг тухайн онд нь багтаан хийхэд анхаарч ажиллаж ирсэн гэнэ. 2017 оны тухайд  эдийн засгийн хувьд хүнд байгаа учраас батлагдсан төсөв мөнгөндөө багтааж, хөрөнгө оруулалтын ажлаа тасралтгүй явуулахын зэрэгцээ  ямар нэг дэд бүтэцгүй, тог цахилгаангүй, уулын бэл, гуу жалга зэрэг төвөгтэй байршлуудыг  эхний ээлжинд  цахилгаан дэд бүтэц,  худаг устай болгоход онцгой анхаарна хэмээсэн нь багануурчуудын сэтгэлийн утсыг ихээхэн хөндсөн байх.  

Нийслэл рүү гүйдэлтэй Ч.Раднаабазар

Налайх дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд үл ойлгогддог, өөрөөр хэлбэл толгой эргүүлсэн засаглалтай газар. Засаг даргатай бас захирагчтай. Энэ хоёр удирдлагын хэн нь илүү эрх мэдэлтэй талаар налайхчууд өнөө хэр маргалдсаар байдаг юм билээ.   Ямартай ч Захирагч нь Засаг даргаасаа хамаарахгүйгээр хотын нийгмийн асуудлыг хариуцна, Засаг дарга нь Захирагчаасаа хамаарахгүйгээр дүүргийнхээ ажлыг хийнэ гээд Налайхын газар нутгийг дүүргийн газар нутаг, хотын газар нутаг гэж хоёр хуваах тухай асуудал яригдсаар байгаа.  Тэгэхээр Захирагчаар  Ш.Хаан, Засаг даргаар нь Ч.Раднаабазар ажиллаж  буй.  

Эрхэм Засаг даргын тухайд улс төрд шинэ хүн. Гэв гэнэтхэн л ийм нэр сонсогдох болсон.  Түүнийг “Оюуны-Ундраа”-гийн С.Отгонбаярын  халаасны нөхөр гэж хардах  хүн олон.   Гэхдээ тэр Налайхын иргэн болсон атлаа Улаанбаатараас ажилдаа явдаг  гэнэ лээ.  Дагаж очсон албан тушаалтнууд нь ч ялгаагүй. Нутагшиж өгөхгүй байгаа малыг мөдхөн гүйгээд явчихна хэмээн монголчууд ярьдаг даа. Түүгээр бол мань хүн дөрвөн жилийг арайхийж авчихаад нийслэл рүүгээ гүйж одно гэсэн үг.  Ийм нэг залуу нийслэлийн  Налайх дүүргийг засаглаж буй.  Ч.Раднаабазарыг  Налайх дүүргийн Засаг даргаар батламжлахад  мань хүн “Итгэл хүлээж, дүүргийн Засаг даргаар томилогдсондоо баяртай байна.

Бидний өмнө байгаль орчинд ээлтэй эко орчин бүрдүүлж, Налайхыг жишиг хот болгох олон асуудал тулгарч байна. Энэ бүгдийг ээлж дараатайгаар зохион байгуулж,  ажлаа шуурхай  эхлүүлэх бодолтой байна” хэмээн нүүрэндээ инээмсэглэл тодруулан өгүүлж  байсан юм.   Харамсалтай нь   тэрбээр хэлсэн шигээ дүүргээ эко болгох тухайд юу хийхээ бодсоор  хагас жилийг  салхинд хийсгэж орхив.  Яг үнэндээ мань  ингээд хэлэх аваас нутгийн иргэдэд таалагдана хэмээн бодсон хэрэг л дээ.  

Одоогийн байдлаар Налайхаас шинэ өнгө  төрх   ажиглагдахгүй байгаа.  Ядарсан иргэд нь балгас болсон нүүрсний уурхайн туурин дээрээ  нүхний ам  булаалдан зодолдсоор хавартай золгох гэж байна.  Төр, засаг тэдгээр  нүүрсчдийг гар аргаар нүүрс олборлогч  гэх томъёололд багтаан нийгмийн халамж үзүүлэх гэсэн боловч үнэн хэрэгтээ  тэд   эзэнд зүтгэдэг учраас яаж ч чадахгүй байгаа юм билээ. Тиймээс эрхэм  засаг ноён  том ярихаасаа өмнө эзэн, зарц хоёрынхоо учрыг олоодохвол олон арван хүний амь нас эрсэддэг байдал зогсох сайн талтайсан.

Коммунист С.Эрдэнэбаяр

Хүн амынхаа тоогоор  Багахангай дүүрэг нийслэлд хамгийн сүүлд бичигддэг. Хорооны хүн амаас ч цөөн хүн амтай  гэж ойлгож болно.  Гэхдээ коммунистуудын  хороолол гэдгийг мартаж болохгүй. Тэнд  ардчиллын цэнхэр туг хийсэх тавилангүй гэцгээх юм билээ. МАН гэсэн шошготой л бол хэн ч байсан дэмждэг нутаг бололтой. Нэгэн цагт байгаль хамгаалагч хийгээд манаргаж явсан нөхрийг  Засаг дарга улмаар нийслэлийн Засаг дарга болгон гаргаж ирж байсан түүхтэй газар.  

Тэгэхээр С.Эрдэнэбаяр ч улаан коммунист болж таарч байгаа юм. Түүнийг улаан хацарт Ц.Батбаяр улс төрд  хөтөлж оруулж ирсэн гэх яриа байдаг ч ИТХ-ын дарга асан Билэгтийн санал болгосон хүн гэх юм билээ. Төрийн албаны туршлага маруухан, ажлаа барьж авч чадахгүй захалж давхиад байх юм хэмээн багахангайчууд голонгуй байгаа ч одоогоор ил гаргаж шуугиан тарьсан  зүйл дуулдаагүй. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.