Д.Мөрөн: АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан

Д.Мөрөн: АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан

МАН-ын намын Сонгуулийн төв штабаас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлснээс гадна АН-ын хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл өгсөн юм. МАН-ын Сонгуулийн штабын хэсгийн дарга Д.Мөрөн хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Сонгуулийн хуулийг зөрчих асуудал маш их байна. Би цаг хэмнэх үүднээс ноцтой зөрчлүүдийн талаар мэдээлэл өгье. УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог буюу Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшч байгаа О.Амгаланбаатарын менежер Эрдэнэбилэг энэ сарын 26-ны өдөр бусдад мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Цагдаагийн байгууллага шалгаад, хууль зөрчсөн гэж үзэж шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.

Үүгээр зогсохгүй өнөөдөр буюу санал авах өдөр сонгогчдыг О.Амгаланбаатарын төлөө саналаа өгөөрэй хэмээн 10 мянган төгрөг тараасан асуудал гарсан. Энэ үйлдлийг шударга иргэд баримтжуулаад, цагдаагийн байгууллагад өгсөн байна. Яг одоо цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалгаж байгаа юм.

Мөн УИХ-ын 7 дугаар тойрог буюу Баянхонгорт АН-аас нэр дэвшч байгаа Д.Ганбатын менежер н.Цэндсүрэн сонгогчдод мөнгө тарааж байгаад, үйлдэл дээрээ баригдсан. Цагдаагийн байгууллага шалгаад, хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, шүүхэд шилжүүлсэн мэдээлэл байна. Энэ мэтчилэн маш олон хууль зөрчсөн асуудал байна.

Өчигдөр сонгуулийн сурталчилгаа дууссан. Гэтэл өчигдөр УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшигч З.Баянсэлэнгэ, 75 дугаар тойрогт нэр дэвшигч О.Цолмон нар Сонгуулийн хуулийн 70.12 гэсэн заалтыг зөрчиж, шууд бие даасан нэвтрүүлэгт оролцсон. “Эрдэнэт” үйлдвэрийн талаар мэдээлэл хийсэн шүү дээ. Энэ бол бие даасан нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгөхийг хориглосон заалтыг заалтыг зөрчиж байна.

Тэр байтугай өнөөдөр үдээс өмнө АН-ын дарга З.Энхболд 45 дугаар сургууль дээр саналаа өгөхдөө телевизээр гарсан. Тэгэхдээ “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьсан. Энэ бол хууль зөрчиж байгаа үйлдэл гэж бид үзэж байгаа. Тийм учраас Сонгуулийн хууль зөрчиж байгаа асуудлуудаар цагдаагийн байгууллагад хандсан” хэмээн мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ