Д.Сарангэрэл: Сэтгүүлчдийг сонгуулийн үеэр Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж байж болохгүй

Д.Сарангэрэл: Сэтгүүлчдийг сонгуулийн үеэр Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж байж болохгүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Үүний дараа гишүүд өөрсдийн саналыг хэлсэн юм. Ингээд гишүүдийн саналыг хүргэе.

М.Оюунчимэг

-Нэг зүйлийг онцолж хариулт авахыг хүсч байна. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй сайн танилцлаа. Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой олигтой заалт орж ирээгүй байна. Энэ хуульд авлиги, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тал дээр ямар заалт орсон бэ гэдэгт тодорхой хариулт авахыг хүсч байна.

С.Бямбацогт

-Дутагдалтай зүйлийг засч оруулсан. Тухайлбал, энэ төрлийн гэмт хэрэг хийсэн этгээдэд 1-5 жил ял оноодог байсан бол 2-6 жил болгон өөрчилсөн. Мөн эрхийг нь хасахаар бол 2-5 жил болгон өөрчилсөн.

О.Баасанүү

- Би нэг зүйлийг асууя. Хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг яаж шийдэж байна вэ. Жишээлбэл, хууль бус үрчлэлтийг гэмт хэрэг биш гэж тооцсон байсан. Энэ чинь маш том гэмт хэрэг шүү дээ. Хар тамхины асуудлыг яаж шийдэв. Нэг хүнийг албал нэг хүн л үхнэ. Хар тамхи бол үндэстнийг сүйрүүлэх аюултай. Тэгэхээр зарсан, авсан, хэрэглэсэн ялгаагүй хатуу ял оноож болдоггүй юм уу. Өмнөх хуульд ял тохиролцох гэж байсан. Түүнийг яаж шийдвэрлэж байгаа вэ.

Д.Сарангэрэл

-Би Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Энэ хуульд эмч нартай холбоотой 15.1 дүгээр заалт бий. Уг заалтад эмч нарын эмчлэх эрхийг хасах, 2-8 жил хорих тухай тусгасан. Гэтэл манай улсаас бусад улсад ийм заалт байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой Эрүүгийн хуульд ямар санкц орсон бэ. Өнгөрсөн дөрвөн жилийн хувьд хэвлэл, мэдээлэлд хамгийн халтай жил байсан гэж хэвлэл, мэдээллийнхэн үздэг. Гүтгэхдээ холбоотой заалт Монголын нийт иргэнд үйлчилнэ гэсэн хэрнээ ихэнхдээ сэтгүүлч нарт үйлчилсэн байдаг юм. Олон улсад сэтгүүлчдийн асуудлыг Эрүүгийн хуулиар шийдэхээ больчихсон. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол энд гүйгээд байгаа сэтгүүлчдийн эрх биш юм. Энэ бол Монголын ард түмний асуудал. Өчигдөр авлигын эсрэг үндэсний чуулган дээр М.Энхболд даргын хэлсэн үг надад байна. Авлигатай бид эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хүчээр тэмцэнэ. Үүнийг бид хамгаална гэж мэдэгдсэн. Гэтэл бид өнөөдөр сонгуулийн үеэр сэтгүүлчийг Эрүүгийн хуулиар шийтгэнэ гэж хэлээд сууж болохгүй.

С.Бямбацогт

-Долдугаар сарын 1-нээс мөрдөгдөх Эрүүгийн хуульд нэлээд хүнд заалт орсон гэж эмч, эмнэлгийн ажилчид жагсаал, цуглаан хийсэн. Үүнтэй холбогдуулан бид тохирох хууль журмыг оруулж ирсэн. Гүтгэхтэй холбоотой асуудлыг ярьлаа. Одоо байгаа хуульдаа ингэж заасан байгаа юм. Бид шинээр нэмж оруулж ирээд хэвлэл, мэдээллийнхнийг шийтгэх гээд байгаа юм биш. Энэ бүхнийг тухайн нөхцөл байдалтай нь хамруулж ойлгох хэрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.