Тендер авч үзээгүй, оффшор дансгүй тэрбумтан сайд

Тендер авч үзээгүй, оффшор дансгүй тэрбумтан сайд

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын ачааны хүндийг үүрч, үгийн хатууг сонсч яваа нь  магадгүй Сангийн сайд Б.Чойжилсүрэн байж мэднэ. Анх түүнийг  сайдаар томилох тухай асуудал УИХ-д яригдах үед мэргэжлийн бус гэдгээр нь гоочлох нэгэн  байсан ч  шинэ цагийн Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь үгүйсгэж, Монгол Улсын Ерөнхий сайдын үгийг  сөрөх  хүн гараагүй.  Адгаж, атаархаж  бачимдсан  зарим нь “Наадах чинь давхар дээлтэй” хэмээн өөлж байв. Гэвч УИХ-ын даргын алх түүнийг дэмжиж тасхийсэн.

Хувийн хэвшлээс хувьсгалын албанд зүтгэсэн нэгэн

Одоогоос 25 жилийн өмнө “Хурд” ХЭАА байгуулан бизнесийн гараагаа эхэлж байсан тэрбээр эдүгээ “Хурд” групп, “Хурд-хүнс”, “Хурд-авто”, “Хуасинвест”, “Талын шонхор”, “Саудгобиэлтранс”,  “Саудгобиблейкгоул”, “Апартмент-Кей”,  “Эйч”, “Хурд ложистик”, “Хурд-интернэшнл” зэрэг 27 аж ахуйн нэгжийг  толгойлж яваа нь чухамдаа  ухааны  царын  хэмжээс бус уу. Нөгөөтэйгүүр, ард түмэнд тэр таалагддаг учраас түүнийг чимээгүйхэн ажиглаж хүлээж авсан. 

Гэхдээ түүнд Монгол Улсын  төсөв  санхүүг зангидаж,  эдийн засгийн  бодлогыг  тодорхойлох нь банкнаас авсан зээлээ төлөхтэй  адил  байгаагүй нь  мэдээж.  Чадна хэмээгээд дуугүйхэн хүлээж авсан албан тушаалынхаа, уулсын оройд хүргэхээр үүрсэн  ачааныхаа  жин банг тааруулах гэж хэрэндээ л тэвдэж харайлгасан өдрүүд түүнд олон бий. Цаг үеийнх нь нөхцөл байдал ч түүнийг бүтэн нойртой хонуулаагүй.

УИХ-ын болоод орон нутгийн ээлжит сонгуульд хамгаа цацаж, халаасаа хоосортлоо улстөржсөн улсын санхүүг сэргээхийн төлөө тэрбээр  цаг наргүй ажилласаар  2017 онтой золгов бололтой.  Сайдаар томилогдсон даруйдаа  Монгол Улсын данс улайсныг илчилж орхисноор  сөрөг хүчин  хийгээд  ард түмнээсээ  хатуугаас  хатуу үгийг дуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд төрийн түшээдэд ээрүүлэн орох байх газраа олж ядаж байсан нь саяхан.

Энэ бүхнийг тэрбээр төрд ажилласан туршлагаараа даван туулж,  Сангийн яамны өдөр тутмын үйл ажил хийгээд Монгол Улсад санхүүгийн сахилга батыг сайжруулахын төлөө холбогдох зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээнүүдийг авахын зэрэгцээ Гаалийн тарифт, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Дипломат албаны тухай хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас гадна УИХ-д арав гаруй тогтоолын төслийг өргөн бариад байгаа.  

274 тэрбумыг нутаг руу “зөөсөн” улстөрч

Түүнийг  шинэковуудтай харьцуулж үл болно. Гэхдээ  УИХ-д насаараа шахам сууж байгаа  нөхдүүдтэй санаачилсан, баталсан хуулийн төслүүдийн тоосонд нь дарагдаж хоцрох ч  сонгогч түмнийхээ төлөө хийсэн ажил, зөөсөн мөнгөөрөө  барааны газар хаяж одохоор юм билээ. 

Б.Чойжилсүрэн  УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдохдоо  Увс аймгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад зориулж улсын төсвөөс 274 тэрбум төгрөгийг хуваарилуулж чаджээ. Үүнийгээ тэрбээр нэгэнтээ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Нутаг руугаа хөрөнгө  оруулалт татаж, нутгийнхаа өнгө төрхийг сэргээх нь миний үүрэг гэж ойлгодог. Нуулгүй хэлэхэд, улс орны нийтлэг эрх ашгаас гадна тойргийн эрх ашиг гэж байдаг юм.

Нутаг руугаа ахиухан хөрөнгө хуваарилуулахын тал дээр ил далд найман жил  лобби хийж зүтгэлээ” хэмээн  ам алдсан байдаг.  Ирэх дөрвөн жилийн тухайд улсын санхүү төсвийг барьж суугаагийн хэргийг хийх нь ч ойлгомжтой.  Нөгөөтэйгүүр, шулуухан хэлэхэд Б.Чойжилсүрэн улс төрийг бус улс төр түүнийг сонгосон болов уу.

Түүний улс төрд хөл тавьсан түүх ийм бодол төрүүлсэн хэрэг. Улс төрийн хүчнүүдэд ихэнх тохиолдолд нутаг усандаа нэр хүндтэй, бас халаас хоосонгүй нөхдүүд хэрэг болдог доо.  Тэр жишгээр гэх үү дээ.  Харин өөрөө болохоор, миний нагац ах С.Лхагвасүрэн маань СЕХ-ны даргаар ажиллаж байсан нь нэртэй зүстэй олон  улстөрчтэй  ойртон нөхөрлөх болсон ч  их хожим 2005 онд  МАН-ын Хүний нөөцийн бодлогын зөвлөхүүдийн ятгалгаар  жинхэнээсээ  улс төрд хөл тавьсан   хэмээн гэмгүйхэн тайлбарыг хийсэн байх юм. 

Ямартай ч тэрбээр улс төрд хөл тавимацаа тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Баганбандид шадарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан билээ.  Цаг хугацааны хувьд   1997 он. Гэхдээ түүнийг УИХ-д нэр дэвшихийг шаардаж, хор шарыг нь малтсан хүн бол  МАН-ын тухайн үеийн дарга С.Баяр юм билээ.

Тендер авч үзээгүй, оффшор дансгүй  улстөрч

Улс төрд хөл тавьж гэмээнэ нэртэй зүстэй, хөрөнгө мөнгөтэй болсон улстөрчид бишгүй л олон байдаг.  Б.Чойжилсүрэнгийн хувьд, өөрийнх нь хэлснээр “Миний хувьд төрд орж, төрийн мөнгөнөөс хулгайлах хүсэл ч, сонирхол ч, шаардлага ч байхгүй. Би УИХ-ын гишүүний нэр нүүрээр нэг ч тендер авч үзээгүй.

Тэр бүү хэл, надад оффшор данс ч байхгүй. Нээх шаардлага ч алга. Би улсад төлөх ёстой татвараа  бизнес хийж байхдаа ч, одоо бизнесийг минь авч яваа хүмүүстээ ч  цаг  тухайд нь төлж бай гэж хэлдэг. Төрөөс хулгай хийчихээд эсвэл татвараа нуучихаад  айж эмээхгүй явдаг хүмүүсийг би гайхдаг” гэсэн нь хувь хүнийг үнэлэх хамгийн том  үнэлгээ  байж мэднэ, өнөө цагт.  Чойжилсүрэн гэж хэн гэх тухайд ч тэрбээр маш энгийн намтартай нэгэн. 

Увс аймгийн Тэс сум  бол түүний төрж өссөн нутаг. Улаангомын арван жилийг 1986 онд дүүргэн  ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийг Автоматик, телемеханикч мэргэжлээр дүүргэсэн гэсхийгээд л болно. Харин бизнест хөл тавьсан, амжилтад хүрсэн түүхийн тухайд олныг өгүүлж болох ч хожим өөрөө энэ тухайгаа дурьдатгалын номдоо өгүүлэх байх гээд орхиё. 

Гэхдээ түүнд баримталдаг хэд хэдэн зарчим байдаг аж. Хамгийн түрүүнд хэлэх зүйл гэвэл улс төрөөс  гэр бүл, ах дүү нараа хол байлгах явдал. Ер нь түүнийг Улаанбаатарын гудамжаар эхнэр хүүхдээ дагуулаад салхилж явсныг нь харсан хүн тун цөөхөн. Тэрбээр айлын том хүү. Дээрээ нэг эгчтэй, доороо хоёр дүүтэй.  Баттогтохын хүүхдүүд эдүгээ тус бүрийн бизнесийг эрхлэн дор бүрнээ сайн яваа  аж. Том хүү Чойжилсүрэнгийн тухайд  оюутны нэг курсын охинтой амьдрал зохион гурван хүүхдийн  эцэг эх болцгоожээ.

Том охин нь ирэх хавар Бээжингийн их сургуулийг төгсөх бол удаах нь 2018 онд АНУ-ын Мичиганы их сургуулийг дүүргэх гэнэ. Эдүгээ  сайд маань бага хүүхэд, эхнэрийнхээ хамт  өөрийн бүтээн байгуулсан Хурд хороололдоо амьдардаг юм билээ.  Гэргий нь түүнийг төр түшилцэх болсон цагаас группээ удирдаж байгаа гэсэн. Эдүгээ дэлхийгээр хэсч мөнгө олох ажилд “дайчлагдсан” сайд маань  найзуудтайгаа  хөлбөмбөг  тоглох завгүй харайлгаж яваа. Өнөөдөр ч   эзгүй, гадаадад томилолттой явна.

Хар хорын дундуур  

Сангийн сайд хэвлэлийн­хэнтэй зууралддаг­гүй л болохоос биш түүний талаар сайн муу олон мэдээлэл цахим ертөнцөд цацагдаж байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын албан тушаалд ажиллаж  байхдаа тодруулбал, 2006 онд  "Тавантолгой"-н хувьцаа эзэмшигч болсноос хойш хэл ам тасраагүй. 

Өмнийн говьд түүний 100 тоннын даацтай 1500 гаруй машин нүүрс тээвэрлэдэг хэмээдэг ч үүнийг  нь  хэн ч нотлоогүй. Мөн тэр ондоо  шинээр зургаан компани үүсгэн байгуулсан нь  чухамдаа бусдад  хардуулах үндэс болсон гэлтэй. Үнэнийг тоочиход түүний нэртэй  холбоотой 89 компани бүртгэгдсэн гэх яриа ч байдаг.  Сайд үүнийг үгүйсгээгүй төдийгүй  нэгэн ярилцлагадаа “Нэг  хэсэг би их олон компанитай байлаа шүү дээ.

Би 89 компанитай байж үзсэн” хэмээн дурьджээ. Харин одоо түүнд 100 хувь хувьцааг нь эзэмшдэг 10 гаруй компани бий.  Үүнийгээ ч хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Нэрийнх нь хуудас болтлоо хамтдаа бичигддэг  “Хурд Групп” ХХК-ийн тухайд  2001 оноос хойш орон сууц, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга угсралт болон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж  байгаа бөгөөд  Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хороолол, Урт цагаан, Цэцэг зочид буудал, Оргил рашаан сувилал, 5-р сургууль, Цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гэх мэтээр 3-20 сая ам.долларын өртөг бүхий зургаан томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ  нэг сая ам.метр талбай бүхий орон сууцны хорооллыг барьж ашиглалтад өгсөн байх юм. Тэр ийм л энгийн, эгэл хүн ажээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.